“Туурайн төвөргөөн” орон нутагт болно

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

“Туурайн төвөргөөн” орон нутагт болно

“Туурайн төвөргөөн 2012” шинэ хөгжим, ардын урлагийн олон улсын их наадам энэ сарын 18-30-ны хооронд зохиогдох гэж байна. Монголын шинэ хөгжмийн ассоциациас санаачлан жил бүр зохиодог уг наадам энэ жил Улаанбаатар хот, Дорноговь, Өвөрхангай аймгуудад болох юм байна.

Энэ наадмын талаар Шинэ хөгжим ассоциацийн тэргүүн С.Бадамхоролоос тодрууллаа.

-Энэ жилийн наадам өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлогтой бэ?

-“Туурайн төвөргөөн” хөгжмийн  их наадам нь 1999 оноос жил бүр тасралтгүй зохион байгуулагдсан. Энэ хугацаанд дэлхийн 100 орны 1500 гаруй хөгжимчид, уран бүтээлчдийг наадамдаа урьж оролцуулсан байна.  Энэ удаагийн наадмын нээлт энэ сарын 18-нд Монголын түүхийн музейд болно. Энэ жилийн их наадамд ХБНГУ, Швейцарь, Австри, Бразил, АНУ,Франц, манай улс зэрэг найман орны төлөөлөгчид оролцож байгаа юм.

-Орон нутгаар аялан тоглолт хийнэ гэсэн. Аль аймгуудаар зочлох вэ?

-Нээлтээ нийслэлд хийгээд дараа нь энэ сарын 19-23-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хот, Данзанравжаагийн музей, Саран хөхөө театрын туурь, Хамрын хийд, Дэлхийн энергийн төв зэрэг түүх дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудад цуврал концертууд аялан тоглолтоо зохион байгуулна. Гадаадын уран бүтээлчид  төмөр замаар явж үзэхийг ихэд хүсч байгаа. Тиймээс нийт 50 уран бүтээлчийн баг төмөр замаар “төвөргөөлөх” болно. Их наадмын үеэр Дорноговь аймгийн Саран хөхөө театрын хөгжимчид уран бүтээлчид тоглолтоо өргөн барихаас гадна дэлхийн орчин үеийн урлагийн хөгжимчидтэй хамтран говийн зуны академи сургалт, олон улсын бага хурал болох юм. Мөн Шилмэл загвар компани шилдэг загваруудаа үзүүлнэ. Өвөрхангай аймагт дараагийн тоглолтоо үзүүлнэ.

-Өвөрхангай аймагт тоглолтын хөтөлбөр мөн адил байх уу?

-Өвөрхангай аймгийн  тоглолт илүү их онцлог шинжтэй байх болно. Энэ сарын 25-29-нд Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд Баянговь жуулчны бааз, Хархорин-Эрдэнэ зуу хийд, Эрдэнэ Хамбын хийд-Хөгнө Хан уул, Өндөр гэгээн Занабазарын туурь, Нийслэлийн туурь зэрэг түүх дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудад цуврал концертуудаа үзүүүлнэ. Их наадмын үеэр эрийн гурван наадам,бөө, хөөмэйн олон улсын бага хурал, говийн зуны академи болон төрийн зайран Д.Бямбадорж бөөгийн зан үйл хийх болно.

-Тоглолтод манай улсын ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Манай улсаас СУИС-ийн Монгол хөөмэйн ангийн “Угсаатан” хамтлаг, “Тэнгэр” хамтлаг, Хөгжим бүжгийн коллежийн цохилуур хөгжмийн хамтлаг, “Саран хөхөө” театрын хамт олон оролцох болно. Энэ сарын 30-нд бид бүрэн бүрэлдэхүүнээрээ хаалтын тоглолтоо хийх болно.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж