“Фулхэм”-ийн Хожсон шилдэг дасгалжуулагчаар тодорчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

“Фулхэм”-ийн Хожсон шилдэг дасгалжуулагчаар тодорчээ

Баруун Лондонгийн “Фулхэм” клубыг Европын лигийн финалд хөтлөн аваачсан дасгалжуулагч Рой Хожсон 2009/10 оны улирлын шилдэг дасгалжуулагчаар тодорчээ. Английн лигийн менежерүүдийн холбоонд бүртгэлтэй Английн хөлбөмбөгийн спортын топ дөрвөн лигт тоглож буй багуудын дасгалжуулагч нарын саналаар Хожсон шилдгээр өргөмжлөгдсөн байна.
“Фулхэм” лхагва гаригийн үдэш Европын лигийн аваргын төлөө Испанийн “Атлетико Мадрид” клубтэй тоглох юм. Ноён Хожсоны удирдлага дор “Фулхэм” анх удаагаа ийм өндөр амжилт гаргахын зэрэгцээ мөн Премьер лигийн хүснэгтийн 12-рт бичигдсэн билээ. Тэд Европын лигийн финал хүртэл 18 тоглолт хийхдээ “Ювентус”, “Шахтёр”, “Вольфсбург”, “Гамбург” зэргийг дэлхийд данстай багуудыг ээлж дараалан буулган авсан юм. Арилжаа, наймааны үеэр багахан хэмжээний мөнгө зарцуулсан учир супер оддыг багтаа авчирч чадаагүй ч “Фулхэм” доод лиг рүү унах аюулд өртөөгүй юм.
Тэрбээр Английн лигийн менежерүүдийн холбооны 256 гишүүнээс асар өндөр санал авсан гэнэ. Тус холбоонд Английн топ дөрвөн лигийн 96 клубын дасгалжуулагчид, мөн зодог тайлсан дасгалжуулагчид багтдаг байна. Хожсоны шагналыг “МанЮ”-гийн домогт дасгалжуулагч, тус холбооны хүндэт гишүүн Сэр Алекс Фергусон гардуулан өгчээ.
Өдгөө 62 настай Хожсон 34 жилийн амьдралаа дасгалжуулагчийн карьерт зориулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд “Халсмтадс”, “Бристол сити”, “Оребро”, “Мальмо”, “Интер Милан”, “Блэкбурн Руверс”, “Граахоппер”, “Копенгаген”, “Удинезе”, “Викинг” зэрэг клубын дасгалжуулагчаар ажиллах байв. Тэрбээр мөн Швейцарийн шигшээ багийг 1994 оны дэлхийн аваргын шөвгийн 16-д, Евро-96-д шалгаруулж байсан бөгөөд Арабын нэгдсэн Эмират, Финляндын багийг мөн дасгалжуулж байжээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж