600 настай муми эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

600 настай муми эх орондоо ирлээ

   
    Фото peru21.pe

Перугийн ерөнхийлөгч Ольянта Умала Германд албан ёсны айлчлал хийгээд 6 сарын 14-нд эх орондоо ирэхдээ 600 настай муми авч иржээ.

Занданшуулсан цогцсыг 1980-аад онд Перугийн Андын уулсын Баруун Кордильерт, Кордильера-Бланка нуруу орчмын нутаг дэвсгэрт олсон юм. 1986 онд мумиг тодорхойгүй нөхцөл байдалд тус улсаас гаргасан бөгөөд хожим нь Мюнхений нэгэн музейд байгаа нь тогтоогджээ.

Шинжээчид мумигийн гарал үүслийг баталгаажуулсны дараа ХБНГУ, Перугийн албан ёсны төлөөлөгчид археологийн ховор дурсгалыг эх оронд нь буцаахаар тохиролцсон юм.

Занданшуулсан шарил нь Перугийн нутгаас үе үе олддог юм. Жишээ нь, 2010 онд перугийн эртний нийслэлийн туурь байрлах Лима мужийн Мирафлорес тойрогт ойролцоогоор 1600 настай гэж тооцож байгаа 4 мумиг археологичид олжээ.

Дээрх цогцоснуудыг сурвалжит язгууртныг оршуулсан байж болзошгүй бунхнаас малтсан юм. Эдгээр нь Уари буюу инкчүүдээс өмнөх үеийн индианы соёлын дурсгалд хамаарна. Уари нь Төв Анд болон өнөөгийн Перугийн нутаг дэвсгэрт хэсэгчлэн м.э.ө 500 – м.э 900 он хүртэл оршин тогтнож байсан билээ.

Эх сурвалж: peru21.pe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж