Евро, анхны цус харвалт

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Евро, анхны цус харвалт

“Санхүүчдэд үхэл” гэсэн үг шатаж буй микро автобус дээр бичигджээ. Олон улсын тусламж авахад хэрэгтэй улсын зардлыг бууруулах арга хэмжээтэй грекчууд эвлэрч чадахгүй. Фото: YANNIS BEHRAKIS/REUTERS/VOSTOCK  

 

Санхүүгийн хямрал алсад тодорч байх 2007 онд Германы тэтгэврийн хөгшид өөрийн хэтэвч дэх еврогоо ялган “цэвэрлэгээ хийх” болсон тухай хэвлэлээр бичиж байлаа. Зооснуудын бичиг зургаар нь ямар улсын банк евро мөнгөний дэвсгэртүүдийг үйлдвэрлэсэн болохыг амархан мэдэж болно. Ингээд л герман хөгшчүүд тэр кодыг тайлаад хамгийн түрүүнд итали, испани, грек дэвсгэртээсээ хагацан германы мөнгөө дэмжих болсон байв. Ихээхэн хүч хөдөлмөр зүтгэлээр бүтсэн валютын бүс хэзээ ч салан сарнихгүй тухай сэтгүүлчид бичихдээ герман хөгшчүүдийг дооглонгуйгаар “тэдэнд тайлбарлаад ч нэмэргүй” гэж байв. Гэтэл гурван жил өнгөрсөний дараа энэ талаар эрдэм номтой, тушаал өндөртэй хүмүүс яриад эхэллээ. Ирланд, Португалийн байдал муудаад ирэх цагт  салж сарних тухай төвийг сахигчид ч дуугарч эхлэв.
 

 

1.Антикийн бурхадын орон Грек өөрийн еврогоо домгийн баатруудаар чимжээ. Тухайлбал, нэг евро зоосонд МЭӨ V зууны Афинийн зоосуудыг чимж байсан ууль шувууг хуулан буулгасан байв. Ууль нь Афинийн Цэцэн мэргэн бурханы нэг бэлгэдэл байжээ.

2.Португалийн евро зоосонд тус улсын анхны хаан Афонсу Энрикишийн (ойролцоогоор. 1109–1185) тамганы дардасыг буулгасан байв. Тэндээс халдагдашгүйн бэлгэдэл долоо цамхаг, тууштай үнэнчийн бэлгэдэл таван бамбайг харж болно.
    
Уржнан зун Capital Economics бие даасан төвийн британи эдийн засагч Кристофер Смолвуд “Яагаад евро бүсийг тараах ёстой вэ” гэсэн нэртэй 20 хуудас илтгэл гаргасан байлаа. Түүнийг дагалдаад Америкийн эрдэмтэн Нуриель Рубини, 2008 оны санхүүгийн хямралыг урьдчилан хэлж байсан доктор Фатум нар цуврал нийтлэл гарган Европын зарим орнууд еврогоос татгалзана гэж дүгнэлтээ хийсэн байв. Өнгөрсөн жилийн эцэст Европын валютын системийг өнөөгийн байдлаар оршин тогтноход нь эргэлзэж буйгаа санхүүч Жорж Сорос өөрөө хэлэв. ОУВС ба Европын холбоонд Грек, Ирланд, Португали санхүүгийн тусламж хүссэний дараа Испани, Италийн өргийн асуудал зах зээлийг түгшээн бараг 11 их наяд ам.долларын хэмжээтэй Европын эдийн засагт засвар хэрэгтэй гэсэн тодорхойлолт үүссэн билээ.

Техник талаасаа боломжтой ч өнөөгийн евро системийн задралын тухай ярихад одоо эрт  бөгөөд тэр нь хэн нэгэнд тус болохгүй. Гэхдээ хөгшин Европын санхүүгийн институтуудыг өөрчлөх шаардлага бий болжээ.
 

2002 – 2005 онуудад Ватиканд  цутгасан евро зоосонд сүүлийн 500 жилийн дотор хамгийн алдартай болсон хамба лам, II Иоанн Павелын хөргийг гаргажээ. Түүнийг 2011 онд буянтнуудын тоонд оруулан хувилгаанжуулжээ. 

  

Урьдатгал

Дайны дараах Европ удаан ч гэсэн улс төр, эдийн засгийн холбооны төлөө явж ирэв. Түүний нэг хэсэг нь нэгдсэн валютын механизм болох ёстой байлаа. Тэр нь виртуаль экю гэх улс орнуудын хоорондын тооцооны нэгжийг гаргаснаар эхэллээ.

Дараа нь 1970-аад оны сүүлчээр валютын ханшийн системийг (ERM) бий болгов. Түүнд нэгдсэн орнууд өөрийн мөнгөний ханшаа бусад валютуудтай харьцуулахад нэн ялангуяа Германы чанга мөнгө марктай харьцангуй явцуу коридорт барьж байх үүрэг авсан юм. Хамгийн анхны түгшүүрийн дохио 1979 онд Ирландаас гарав. Тус улс өөрийн фунтаа эх газрын мөнгөн тэмдэгтүүдтэй харьцуулсан ханшаа барихаас гадна өөрийн фунтыг Английнхтай адил барихаар системд нэгдээгүй Лондоны өмнө авсан үүргээ давхар биелүүлэх ёстой байв. Английн фунтын ханш чангарч ирландчууд аргагүйн эрхэнд хөршийнхөө валюттай уялдсанаасаа татгалзан өөрийн мөнгөний ханшаа буулгахаас өөр аргагүй болсон юм.

Дараагийн саатал нь Британитай холбоотойгоор гарлаа. Лондон валютын механизмд 1990 онд нэгджээ. Шинжээчид энэ алхамыг эхнээс нь эдийн засгийн гэхээсээ улс төрийнх утга агуулгатай гэж байлаа. Сорос тэргүүтэй валютын дамчид Англи өөрийн мөнгийг бараг тогтоогдсон төвшинд барьж чадахгүй учир нь түүнгүйгээр суларч байгаа эдийн засагт нь муугаар нөлөөлнө гэж байлаа. Үүн дээр Сорос өөрийн тоглоомыг хийн асар их фунтыг зээлээр аваад зах зээлд нь гарган худалдаж, герман марк авах болсон юм. Фунт хямдарч, ханш барих амлалттай Засгийн газар нь өөрөө өргөн цар хүрээтэйгээр фунтаа худалдан авч эхэлсэн юм. Энэ зуур Соросыг дагаад бусад хөрөнгө оруулагч нар фунтаа зах зээлд цацаж эхэлжээ. Тийм их ачааллыг Английн банк даагаагүй 1992 оны есдүгээр сарын 16-ны “хар лхагва” гаригт өөрийн валютын девальвацийг хийгээд валютын механизмаас гарсан байлаа. Хүчтэй хямдарсан фунтаар зээлээ төлсөн Сорос үүнээс бараг нэг тэрбум ам.долларын ашиг олжээ.

1, 2. Словенийн хоёр евро дээр анхлан хэвлэгч  Примож Трубарын (1508–1586) дүрс цутгагдсан байна. Трубар залуудаа лам байгаад протестантын үзэл санааг дээдлэх болсон байв. Протестантизм бэхэжсэн Германд тэрээр 1547 онд очсон ба тэндээ словани хэл дээр бурхны номыг анхлан хэвлэжээ (1550).

3. Финчүүдийн хоёр еврогийн зоосонд “намгийн үхрийн нүд” гэгдэх морошка гэдэг жимсний зургийг гаргасан байна. Тэр жимс Лапландын намагтай газар ургадаг бөгөөд түүнийг долдугаар сарын дундаас наймдугаар сард түүдэг. Энэ жимс нь Финляндын жинхэнэ бахархалын нэг.     
 

1.Карлсплацийн талбайгаас холгүй 1898 онд барьсан Венийн Сецессион  гэх үзэсгэлэнгийн танхимыг  Австрийн 50 евро центэд  буулгажээ. Эхлээд тэнд ар-нуво стилийн зураачдын бүтээлийг үзүүлдэг байснаа хожим уран зургийн бүх стильд нээлттэй галерей болгожээ. Энэ уран барилгын дурсгал нь алтадсан ганжир ба чидуун модны сүлжсэн мөчрийн дүрслэлээрээ орчны барилгуудаас ялгардаг.

2. Ирландын бүх зоосонд түүний сүлд болох кельтийн алтан эх биетэй, мөнгөн утастай босоо ятгыг (эрт урдын цагт түүний Дагде бурханд бэлгэлсэн гэдэг) цутгажээ. Үндэсний тэр бэлгэдэл нь 700 жилийн настай. Дэлхийн өөр ямар ч оронд хөгжмийн зэмсэг улсын сүлдний элемент болдоггүй гэнэ.   
 
Харин “хар лхагва” гариг нь ухаад үзвэл “цагаан лхагва” байлаа. Фунтын ханшийг албаар унагасан нь мөн зургаан жилийн дараа нь Оросын рублийн уналт шиг үндэсний эдийн засгийг амилуулжээ. Тус оронд урд өмнө байгаагүй эдийн засгийн өсөлт гараад зөвхөн 2008 оны хямралаар л зогссон юм.

Европын санхүүгийн засаг Ирланд, Британийн түүхээс сургамж авсан гэмээр. Валютыг тогтоогдсон ханшаар хичнээн ч удаа барьж болно. Хэрэв зах зээл тэдний нэгэнд итгэлээ өгөхгүй бол тэр валют нь үнэ цэнээ алддаг. Гэхдээ валютыг солих буюу тэднийг нэг ерөнхий болгож болно. Тэр цагт л ханшийг хэсэгчлэн албадан буулгаж болохгүй болдог. Гэхдээ зах зээл ямагт улстөрчдөөс ухаалаг байх аж.

Бусад валютын тухайлбал африк, латины холбооны туршлагыг авсан европчуудад төвлөрүүлсэн мөнгөний бодлого нь үндэсний санхүүгийн засгийн бие даасан байдалтай тааруухан зохицдог гэсэн ойлголт  байсан нь мэдээж. Тэгээд ч зохих арга хэмжээг авлаа. Улс орон бүр нь улсын өр, инфляци ба төсвийн алдагдлыг тодорхой хүрээнд барих санхүүгийн үүрэг хүлээсэн юм. Нэгдсэн Европын банкны хажуугаар тодорхой хүрээнд ажилладаг ч гэсэн бие даасан олон тооны үндэсний Сангийн яамд үлдсэн байгаа нь хачин үзэгдэл байлаа. Байдлыг Зөвлөлт задарч байх үетэй  зүйрлүүлж болох. Зөвлөлтийн Улсын банк нь  рублиэ хэвлээд холбооны улс бүр нь өөрийн санхүүгийн бодлогоо явуулаад  байсан шиг. Тэр үед барууны нэгэн эдийн засагч, тус бүрдээ зээлийн карттай 14 эхнэр нь хаясан эр хүн гэж Оросыг хэлж байсан гэдэг.

Евро мөнгөний намтар

Бэлэн бус мөнгөний евро 1999 оны нэгдүгээр сарын 1-нээс, бэлэн мөнгөний евро нь 2002 оны нэгдүгээр сард гүйлгээнд оржээ. Евро мөнгөнд анхлан орсон 11 орон нь Австри, Бельги, Герман, Ирланд, Испани, Итали, Люксембург, Нидерланд, Португали, Финлянд ба Франц байв. Грек 2001 онд тэдэнтэй нэгдэв. Дараалаад Словени 2007 онд, Кипр, Мальта хоёр 2008 онд, Словак 2009 оны нэгдүгээр сард, Эстони 2011 оны хоёрдугаар сард евро бүсэд оржээ. Европын холбооны орнууд бараг бүгд л эрт орой заавал евро мөнгөтэй болох ёстой. Харин тэр журмыг батлахаас өмнө холбооны гишүүн болсон Дани, Их Британи, Швед гуравт энэ журам хамаарахгүй. Гэхдээ тэд  үүнийг хийхийн тулд маастрихтийн үнэлгээнд зохицсон байх ёстой. Тэд өөрсдийн нэрээ 1992 оны хоёрдугаар сарын 7-нд тэр цагт Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгийг бүрдүүлж байсан 12 орон Европын холбоо байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан Голландын Маастрихт хотоос авжээ. Тэдний үнэлгээний төвшингийн чухлаас нь нэрлэвэл: үндэсний валютын хэлбэлзэл нь евротой харьцуулахад хоёр талдаа 2,5 хувиас хэтрэхгүй байх, төсвийн алдагдал нь ДНБ-ний гурван хувиас илүүгүй байх, улсын өр нь ДНБ-ний 60 хувиас хэтрэхгүй байх, тооцооны ханш нь евро бүсийн гишүүн орнуудынхад ойр байх зэрэг болно. Евро мөнгийг Ватикан, Сан-Марино, Монако ба Андорра хэрэглэдэг. Өөрийн зүгээс түүнд Монтенегро ба Косово нэгдээд байгаа. Евро мөнгийг Францын далайн чанадын нутаг дэвсгэрт  ашигладаг. Африк, Европ, Карибийн сав нутгийн гуч орчим орон өөрийн валютыг еврод уяжээ. Евро мөнгө гүйлгээнд гарснаас хойш дэлхийн валютын нөөцийн 18-27 хувийг эзлэх болжээ.
 

1.Эстонид цутгасан евро дээр тус улсын газрын зураг дүрслэгдсэн байгаа. Тэр зураг 2004 онд явагдсан нээлттэй уралдаанд түрүүлсэн байна. Тэр цагт шүүгчид 10 эскиз зургийг шилээд телефон утсаар санал асуулга явуулан ялагчийг тодруулсан байна. Ингээд Лембит Лыхмус гэдэг зураачийн зургаар зооснуудыг цутгасан юм.

2.Марианна бол Францын агуу хувьсгалын үеэс тус орны үндэсний бэлгэдэл болсон юм. Тэр эмэгтэй нь “Эрх чөлөө, Тэгш эрх, Ахан дүүс” гэсэн хувьсгалт урианы нүүр царай юм. Марианнагийн нүүр царайг  тамга тэмдэг, шуудангийн марк, зоосонд  зурдаг. Энэ эмэгтэйн дүрийг 1970 оноос эхлэн тусгай комиссийн сонгон шалгаруулах Францын хамгийн гоё эмэгтэйгээс  зурж урлан бүтээх болсон байна. Түүний дүр нь үе үе шинэчлэгдэж байдаг. Тухайлбал, энэ таван центийн евро дээр телевизийн нэртэй  хөтлөгч Эвелин Томагаас загварласан дүр буужээ.

3.Берлины Бранденбургийн хаалга урт хугацааны турш Герман баруун, зүүн болгон хуваагдсаны бэлгэдэл байлаа. Түүнийг Берлины ханын гол хаалга мэтээр хүлээн авч байсан юм. Харин 28 жилийн дараа тэр уран барилгын дурсгал нь герман үндэстний эв нэгдлийн бэлгэдэл болсон байна. Хана нурж, уг хаалгаар баруун зүүн тийш чөлөөтэй явах болов. Бранденбургийн хаалга  50, 20, 10 центүүдэд дүрслэгджээ. 

   

Нуралт

 
Евросистемийн өнөөгийн хямралын гол хүчин зүйл нь валютынх биш өрийн зах зээл болж байна. Дундад зууны Италид анх үүссэнээсээ хойш өрийн зах зээл нь санхүүчдийн эдийн засаг ба зээлдэгч улс оронд хандах итгэлийн үзүүлэлт болж ирэв. Улс орны санхүү ба түүний өрийн удирдлагын тогтвортой байдалд  итгэвэл тэр нь бага хүүтэйгээр мөнгө зээлүүлэхэд бэлэн гэсэн үг юм. Европын орнууд евро мөнгөтэй болж байхад гишүүн орнуудынх нь улсын үнэт цаасны үнэ ханш бараг зэрэгцсэн байлаа. Хөрөнгө оруулагч нар нь евро бүсийн дотор байгаа хяналт нь санхүүгийн дампуу бодлого явуулах нөхцөлийг гаргахгүй гэж итгээд Грекийг Герман шиг л үзэн зээл олгоход бэлэн байв. Грек их ч зээл авлаа. 2008 оны хямралаар тус орны эдийн засгийн гол салбарууд болох далайн тээвэр ба жуулчлал хүндхэн цохилт авснаас л тэр.
 

Мальтчууд евро зоосондоо сүлдээ тавив. Цагаан улаан хэсгээр тусгаарлагдсан бамбайн дээр арлын халдашгүйн бэлгэдэл болсон цамхагуудаас бүтсэн титмийг байрлуулсан байна. Бамбайн зүүн дээд өнцөгт нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр гаргасан  эр зоригийнх нь төлөө мальтчуудыг  Английн хаан VI Георг шагнасан Георгийн загалмайн одон байгаа. Бамбайг тойруулан энх тайван, үржил шимийн бэлгэдэл болсон дал мод ба чидун жимсний модны хоёр мөчрийг зөрүүлэн хүрээлсэн ба доод хэсэгт нь туузан дээр “Мальтийн бүгд найрамдах улс” гэж бичжээ.
    
Грекийн засгийн эрхэнд 2009 онд гарч ирсэн шинэ Засгийн газар өмнөх Засгийн газар нь тайлангаа худлаа бичиж байсныг тогтоов. Улсын өрийн нийт хэмжээ нь маастрихтийн тогтоосон үнэлгээний 60 хувиас аль эрт даваад дотоодын нийт бүтээгдэхүүний 100 хувиас илүү болсон байв. Төсвийн алдагдал нь зөвшөөрөгдсөн гурван хувиас даруй дөрөв дахин их байлаа. Грекчууд энэ их урт хугацаанд ямар аргаар бүхнийг хуураад явсны хариуг одоо ч олоогүй байна.

Чансааны S&P агентлаг 2010 оны дөрөвдүгээр сарын 27-нд грекийн улсын үнэт цаасны чансааг “хог” гэсэн үнэлгээтэйгээр буулгасан юм. Хөрөнгө оруулагчид грек үнэт цаасыг яаран худалдаж эхэлсэн учраас тэдний үнэлгээ навс унав. Үүний өмнөхөн Афин дөрвөн хувийн хүүтэй зээл авч болох байсан бол тэдэнд дараа нь 10-аас доошгүй хувиар зээл өгөхөө болив. Грект шатсан хөрөнгө оруулагч Ирланд Испани, Португалийн санхүүгийн үзүүлэлтийг анхаарлаа төвлөрүүлж үзтэл тэдний нүдэнд маш таагүй зураглал хардсан нь ойлгомжтой. Тивийн санхүүгийн системд хамгийн том цохилт ингээд ирэв. Зээл авах боломжгүй болсон орнууд дефолт хийн дампуурлаа зарлан зээлдэгч нарт  төлбөр хийхээс татгалзаж болно. Гэтэл грекийн болон бусад улсын үнэт цаас баригчид нь Европын томоохон банкууд байлаа.

Грек дампуурвал хөгшин Европын банкны бүх систем нь сүйрч 2008 оныхоос илүүтэй хямрал ирэх байлаа. Үүнийг бүгд ойлгож байсан учраас асуудалтай орнуудад ОУВС шиг хөнгөлөлттэй зээл өгөхгүй бол болохгүй гэдэг нь ойлгомжтой. ОУВС Европын холбоогүйгээр тэр түймрийг ганцаараа унтрааж чадахгүй. Герман, Франц мэтийн баян орнуудын улстөрчид ба сонгогчид галыг унтраахын тулд хичнээх мөнгө хэрэгтэй вэ гэдгийг мэдэх ёстой. Европчууд жил гаруй замаа хайлаа. Хэтэрхий удсан ч байж магадгүй. Грект 2010 онд олгосон 110 тэрбум евроны эхний багц “аманд ч үгүй, хамарт ч үгүй” өнгөрөв. Афин 2011 оны долдугаар сард хоёр дахь багцийн тусламж болох 109 тэрбум еврог авав. Энэ удаа банкуудын хагас нь үнэт цаасны төлбөрийн хугацааг хойшлуулахыг зөвшөөрсөн гэнэ. Гэтэл тэр нь хямралын түймрийг унтрааж чадах уу гэсэн асуултад хариу өгсөнгүй. Зээлийн шинэ багцийг зөвшөөрөөд дөнгөж тав хонож байтал Италийн өрийн үнэ дээш үсэрлээ. Энгийнээр хэлбэл, хөрөнгө оруулагчид өрийн хямрал шийдэгдлээ гэж итгэхгүй байна.

Санхүүгийн хямралыг дагаад улс төрийн хямрал үүсч байна. Европын холбооны шаардлага шахалтаар асуудалтай орнууд хэмнэлтийн дэглэм мэтийн олны дургүйг хүргэсэн арга хэмжээ авч эхэлсэн билээ. Үүний үр дүнд эдгээр орнуудад жилийн дотор Засгийн газар нь солигдлоо. Улс орон нь холбоонд орсноор цалин тэтгэмж нь нэмэгдэн хямд зээл авах болсон сонгогчид одоо хэмнэлтийн хөтөлбөрүүдийг дэмжихгүй, зарим нь евро бүсээс гарахыг шаардах болов. Германаас Финлянд хүртлэх асуудал багатай орнуудад ч “алтан гурав” чирэгчдийг хооллож ундлахаа зогсоохыг шаардсан хүмүүс олширлоо.

Одоогоор таамаг ч гэсэн евро бүсийн задрал нь гурван асуудал гаргана. Нэгдүгээрт, яагаад ямар нэг улс орон түүнээс гарах ёстой гэж? Хоёрт, гарц ямар байх вэ? Гуравт, ашиг авчрах уу?

Валютын холбоо

Еврогийн өвөөгөөр XIX зууны дундуур бүтээгдсэн Латины валютын холбоог тооцож болно. Түүнд эхлээд эхлээд Франц, Швейцари, Бельги, Итали орсон байна. Тэд алт, мөнгөн зоосон дээр тулгуурласан системийг бий болгоод улс тус бүрт нь түүнийг үйлдвэрлэх квот тогтоож өгсөн байв. Бүсийн бүх мөнгө холбооны орнуудад төлбөрийн хэрэгсэл болно. Дараагийн 25 жилд холбоонд Грек, Испани, Балканы вант улсууд, Румын, Австр-Унгар бүр Венесуэла хүртэл орсон байв. Гэхдээ мөнгөн зоосыг  алтан зоост хөрвүүлэх ханшийг яг тогтоож өгснөөс  эдгээр металлын зах зээлийн харьцаа үгүй байлаа.  Холбоо 1926 онд чимээгүйхэн “таалал төгсөв”. XIX зууны сүүлийн 25 жилд ийм маягаар Скандинавын валютын холбоо байгуулагдан түүнд Швед, Дани, Норвеги багтаж байв. Тэд улам цаашлан цаасан мөнгөнд чөлөөтэй хөрвүүлэх журмаар холбоог өргөтгөсөн байлаа. Дэлхийн нэгдүгээр дайн холбооны төгсгөлийг дагуулжээ. Африкийн колониуд тусгаар тогтнолоо авч эхэлсний дараа шинэ валютын холбоо үүссэн байна. Шинэ валют фунт стерлингид чөлөөтэй хөрвөнө. Гэтэл эдийн засгууд нь хэтэрхий их ялгаатай, санхүүгийн сахилга сул, тооцооны ханш, инфляцийн үзүүлэлт холбоон дотроо тал тал тийшээ тархсан байснаас холбооны төгсгөлийг 1977 он авчирсан байна. Францын туршилт нь арай амжилттай. Африкийн франк нь хоёр салсан ч хоёулаа өнөө ч Францын колони байсан орнуудын гүйлгээнд байна. Францын банк тэднийг зээлээр дэмжих зарим нэг үүрэг авсан байгаа. Хамгийн амжилттай холбоогоор Германы Гаалийн холбоог хэлж болно. Тэр нь Германы вант улсуудын санхүү ба валют, санхүүгийн системийг 1834 онд нэгтгэжээ. Хэрэв Прусс Австритай дайтаагүй бол рейхсмарк нь Европын хоёр том орны нэгдсэн валют болж чадах байлаа. Иргэний дайны үеэр олон валютыг солин гарч ирсэн Зөвлөлтийн рублийг ч ингэж хэлж болно. Хуучин Английн колониудын мөнгийг солин гарч ирээд дараа нь Хойд ба Өмнөдийн нэгдсэн валют болсон америк доллар ч мөн адил тэгж хэлэгдэх эрхтэй.
 

1. Голландчууд зоосондоо өөрсдийн хайртай хатан хаан Беатрикс Вильгельмина Армгардынхаа (1938 онд төрсөн) хажуугаас нь харсан дүрсийг цутгажээ. Хатан хаан улс орныг дараалан захирч байгаа эмэгтэйчүүдийн гурав дахь нь ажээ.

2. Люксембургийн зоосонд агуу герцог Анригийн (1955 онд төржээ) хажуугаас нь харсан дүрс байгаа. Герцог улс орноо Европын санхүүгийн төвүүдийн нэг болгохоор их зүйлийг хийдэг хүн  ажээ.

    

1. Словакийн зоосонд зургаан төгсгөлт византийн загалмай болох сүлдээ дүрслэгджээ. Уг загалмайг тэр хязгаарт славян цагаан толгойг бүтээгчид болох Кирилл Мефодий гэх хоёр хувилгаан IX зуунд авчирчээ. Доор нь байгаа гурван толгод нь словакуудын суурьшсан Татра, Фатра, Матра (сүүлчийнх нь одоо Унгарт хамрагддаг) гэгдэх түүхэн мужууд нь юм.

2. Киприйн евро центүүдэд арлын эргийн ойролцоо МЭӨ IV зуунд живсэн эртний Грекийн худалдааны хөлөг онгоцыг цутгажээ. Далайн ёроолын  археологч Майкл Катзев тэр онгоцны  живсэн  үлдэгдлийг 1967 онд олжээ.     

Яагаад, хэрхэн түүнээс гарах вэ?

Валютын холбооноос гарах нь үндэсний эдийн засгийн онцлогтоо таарсан бодлого явуулах, валют санхүүгийн бүрэн бие даасан байдал авчрах ашигтай. Холбооноос гарах асуудлыг хямралаар өвчилсөн Грек эсвэл эдийн засаг нь эрүүл Герман ч гаргаж болно. Герман гэхэд л тооцооны ханшаа нэмэгдүүлэн инфляцийг буулгах эсвэл эдийн засгийн халалтаас хамгаалахыг эртнээс мөрөөдөж байгаа. Европын төв банк нь тивийн өмнөд нутгийн одоо байхгүй өсөлтийг хязгаарлана гээд тийм арга хэмжээ авахад эсэргүүцлээ гаргадаг. Сулхан эдийн засагтай орнуудад еврогоос татгалзах нь үндэсний валютын уналтыг автоматаар гаргана. Учир нь тэнд нийтийн мөнгөнд орсноос хойш цалин хангамж нь Германыхаас ч хурдан нэмэгдэж, хөдөлмөрийн бүтээмжийн зарлагаас хурдтай байлаа. Валютын ханш нь унавал экспортын бүтээгдэхүүний үнэ буурч үндэсний эдийн засгийн өрсөлдөөн нэмэгдэнэ.

Шинэ валютад орох нь амаргүй ч хийгдэж болохуйц ажил юм. Энэ замыг хуучин Зөвлөлтийн холбооны орнууд, зүүн германчууд, евро мөнгөтэй болсон европчууд туулсан билээ. Юу хэрэгтэй вэ гэвэл еврогийн ханштай уялдуулсан шинэ валютаар төрийн албан хаагчдын цалин хөлс, дотоодын өр, тэтгэвэр тэтгэмжийг төлнө гэсэн хууль л батлах болно. Мөн тийм ханшаар л банкны хадгаламж, картын зээл, үл хөдлөх хөрөнгө, зээл төлөгдөх ёстой. Будилаан гаргахгүйн тулд үүнийг маш хурдан хийх ёстой. Эс тэгвээс хүмүүс ба компани нөгөө Грекдээ өөрсдийн хадгаламжийг өөр мөнгөнд шилжүүлж амжих учраас өр зээл нь хуучнаараа үлдэх аюул бий. Солилцоо чөлөөтэй нөхцөлд үүнийг барих нь амар биш. Хугацааны нууцыг барих нь хүндрэлтэй учраас  энэ бүгд амжилттай явагдана гэсэн баталгаа байхгүй. Ганц арга зам нь санхүүгийн хилийг хаах явдал тэр нь тивийн өмнөд ба хойд хэсгийн эдийн засагт нөлөөлөх ба ер нь бол Дэлхийн I дайны өмнө гарсан шигээр Европын санхүүгийн бүх системийг нураах аюул байна.

Өнөөгийн интеграцлагдсан Европын хувьд валютын холбооноос гарах нь эдийн засгийн маш өргөн цар хүрээтэй самуун болно. Мөнгөний ханш сулран эдийн засгийн эрчим нэмэгдэнэ, хатуу хэмнэлтийн дэглэмийг барилгүйгээр сонгогчдыг тайвруулна гэсэн найдлагатайгаар холбоог орхиж байгаа сулхан эдийн засагтай орнууд нь евро хөрөнгөнд мөнгө оруулсан сангууд, банк, үнэт цаас баригч, банкны хадгаламжийн эздээс гарах ихээхэн хэмжээний заргатай тулгарахад бэлэн байх ёстой болно. Еврогийн хөрөнгөтэй болсон тэд юу л боллоо гэж хямдхан драхмагаар хөрөнгөө авах билээ. Сулхан ханштай үндэсний валютад шилжихэд тэдний хадгаламжийн мэдэгдүйц хэсэг шатах юм. Гадаадын зах зээлийн капиталд тийм орон оролцоно гэдгээ мартах хэрэгтэй болох байх. Банкууд нь дэлхийн зээлийн зах зээлээс тусгаарлагдсан учир хямд хувьтай зээл авна гэдэг асуудал байхгүй болох бөгөөд буудлын эзэд, фермерүүдэд зөвхөн өндөр хүүтэй зээл л олдох байх.

Хүчирхэг Герман еврогоос татгалзан маркдаа эргэн орлоо гэхэд түүнд асуудал бага баймаар санагдах байх. Германчуудад еврогийн өрөө хүчтэй маркт хөрвүүлэх шаардлагагүй учир  бага хүүтэй зээлийг хэн нэгэн дуртайяа өгнө. Гэвч герман бараа бүтээгдэхүүн нь “илүү хямд” европ бараатай дотооддоо өрсөлдөх хэрэг гарна. Германы экспорт үнэтэй болох нь мэдээж. Үүнээс үүдэн гадаад зах зээл хунигдах юм. Бүх Европоор хөрөнгө экспортолдог герман банкуудад хүндрэл гарах нь ойлгомжтой. Шинэ маркийн улмаас тэдний гадаад зээлийн үнэлгээ буурах болно. Үүнээс үүдэн ажилгүйдлийн төвшин нэмэгдэнэ.

Хэрэв евро бүс задарлаа гэхэд Орос ч хүнд байдалд орох юм. Ямар ч хямрал хөгжиж буй орнуудын хөрөнгийн гадагш гарах урсгалыг нэмэгдүүлэн тэдний бараа бүтээгдэхүүний эрэлт буурдаг билээ. Рубль сулран түүнийг дэлхийн валют болох төлөвлөгөөнөөсөө Орос татгалзахаас өөр аргагүй байдалд очино. Оросын импортын барааны үнэ нэмэгдэх бөгөөд зээлийн хүү ихсэх дарамтыг зээлдэгч нь худалдан авагчдад тохно. Үл хөдлөх хөрөнгийн зээлийн хүү нэмэгдэнэ. Ингэхлээр еврогоос татгалзах нь техникийн хувьд боломжгүй.

Өнөөдөр улс төр, эдийн засгийн хямралд автсан Грекийн иргэдэд валютын холбооноос гарах нь өнөөгийн муугаас муудахгүй гэсэн санаа байж болох талтай. Гэхдээ тэднийг холбоонд оруулах хэрэггүй байсан гэж ярих нэр хүндтэй эдийн засагчид Грек холбооноос татгалзвал улам муудна, Евро байшингаа нураах биш засч шинэчлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Нэг үгээр хэлбэл, хямрал ид өрнөж байхад “Хэрэв бид евро мөнгийг хадгалан үлдэхгүй бол бид Европын холбоогоо алдана” гэж хэлж байсан Европын зөвлөлийн ерөнхийлөгч Херберт ван Рампейтэй санал нэг байхаас өөр замгүй.

Гэхдээ галыг унтраахдаа биш, түүнийг дахин давтагдахгүйгээр хийх ёстой болж байна. Гишүүн орнуудынхаа төсвийн бодлого, хөрөнгийн урсгалын журам зэргээ илүү төвлөрүүлсэн системийг бий болготол Европын лидерүүдэд  ихээхэн ажиллах хэрэгтэй. Европ хүмүүст өөрсдийн зарлагаа хумих хэрэгтэй болох нь. Учир нь эдийн засгийн сэргээн застал багагүй хугацаа шаардагдана.

1. Италийн 50-тийн евро центад эзэн хаан, гүн ухаантан Марк Аврелийн (121–180) манай үе хүртэл хадгалагдан ирсэн цорын ганцхан болох эртний морь унасан хүрэл баримлын дүрсийг буулгажээ. Дундад зууны үеэр Марк Аврелийн баримлыг мориноос унаад христийн шашинд орж ирсэн гэх  номлогч Павел хэмээн андуурч ирснээс тэр нь бүтэн үлдсэн байж магадгүй. Морины туурай доорхи ээдрээтэй дүрс нь Ром хотын Капиталийн толгойн бэлгэдэл ажээ.

2. Монакогийн 2005 он хүртэл гаргасан зоосонд тэр цагийн захирагч ван III Ренье ба хаан ширээ залгамжлагч жонон Альбер хоёрын хажуугаас харсан хөргийг гаргасан байв. III Ренье 2005 онд 81 настайдаа таалал төгсч хаан ширээнд хүү нь суусан юм. Ренье шуудангийн марк цуглуулах хорхойтой байсан ба түүний цуглуулга дэлхийд хамгийн бүтний нэг гэж тоологддог.

3. Сан-Марино улсын ивээгч хувилгаан Маринийн дүрсийг энэ орны  20 центэд тавьсан байгаа. Марин IV зуунд амьдарч байсан чулуучин юм байна. Тэрээр өнөөгийн Хорватийн эргээс холгүй орших Арба арлын хүн ба христийнхнийг мөрдөн мөшгөж байсан нь түүнийг Италид зугтан гарахад хүргэсэн гэдэг. Апенниний хойгт ирснийх нь дараа түүнийг христийн нэгэн нийгэмлэг лам болгожээ. Хэдэн жилийн дараа тэрээр Монте-Титано ууланд бадарчлан насныхаа эцэс хүртэл амьдарчээ. Хувилгааны дурсгалд зориулан есдүгээр сарын 3-нд тэр хайрхан уулыг тойрон үүссэн Сан-Марино гэдэг хот-улс үүссэн гэж тэмдэглэж иржээ.

     
Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж