“Монгол костюмс” төвийнхан саяхан Францад болж өнгөрсөн ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах тухай конвенцын ээлжит IV чуулганы тайзнаа монгол үндэсний дээлээ, соёлын өвөө театрчилсан тоглолтоор сутралчлаад ирлээ. ЮНЕСКО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Боковагийн санаачилгаар “Монгол костюмс” төвийн "Монгол хувцасны нууц товчоо" загварын түүхчилсэн тоглолт ийнхүү ЮНЕСКО-гийн төв байранд тогложээ. Монгол хувцасны соёлыг илэрхийлсэн энэ тоглолтод хадны сүг зураг амилж, Хүннү төрийн хувцас өмсгөлийг дэлгэн эзэнт гүрний хүчирхэг хаад, эрхэмсэг хатад, дайчин баатрууд сүр хүчээ гайхуулан Богд гэгээнтэн, Дондогдулам хатны ур ухаан, учиг шаглаа шингэсэн тансаг хувцас зүүсгэлтэйгээ Монголын олон ястнууд өөр өөрийн өвөрмөц содон хэв маягыг дэлгэн харуулжээ.
Уг загварчилсан түүхэн тоглолтын бүрэлдэхүүнд багтан Франц улсыг зориод ирсэн “Монгол костюмс” төвийн дизайнер Э.Баярзултай уулзлаа.
-Тоглолтынхоо сониноосоо дуулгахгүй юу?
-Манай “Монгол костюмс” төв “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх бүрэн хэмжээний загварын түүхчилсэн тоглолтыг ЮНЕСКО-гийн тайзнаа том баг бүрэлдэхүүнтэйгээр толилуулаад ирлээ. “Монгол хувцас болон түүнийг урлах уламжлалт гар урлал”-ыг ЮНЕСКО-д бүртгүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэж өвийн баримт бичгийг боловсруулах, танин тогтоох их үйлсд биечлэн оролцож байгааг энэ дашрамд хэлэхэд таатай байна. Манай төвийн онцлог гэвэл бид театрчилсан тоглолтыг нэлээн хийдэг. Тиймээс энэхүү тоглолтоо түүхэн байдалтай нь холбох үүднээс уран нугаралт, ардын бүжгийн үзүүлбэрийг багтаасан. ЮНЕСКО-гийн тайзнаа эдгээр загваруудаа манай Монголын загвар өмсөгчид өөрсдөө амилуулсан. Манай загварыг “Монгол костюмс” төвд хамаарагддаг үндэсний хувцасаа олон жил өмссөн, түүхчилсэн загвараа маш сайн үзүүлдэг шилдэг загвар өмсөгчид явсан байгаа. Топ модель Г.Уранцэцэг, “Miss Internaional”-ын мисс И.Төгсөө нар багтсан. Манай загвар өмсөгчид монгол үндэснийхээ хувцасыг театрчилсан байдлаар маш сайн илэрохийлж чаддаг.
-Үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ.
-Энэ тоглолт маань Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойн арга хэмжээтэй давхацсанаараа онцлог. Түүнээс гадна Монгол Улс ЮНЕСКО-ийн удирдах зөвлөлийн гишүүн орноор сонгогдох сонгуулийн үетэй мөн давхацсан. “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх тоглолтын нэрийн хувьд хүмүүст бас их содон санагдсан нь анзаарагдаж байсан. Ерөнхий агууллагын хувьд монгол хувцасны үүсэл хөгжил, хувьслыг сууриас нь авахуулаад өнөөг хүртэл харуулахыг эрмэлзсэн бөгөөд үндэстний дээл хувцас, зан үйл нь соёлын биет болон биет бус өвөөс хэрхэн ч салгаж болгохгүй язгуур нандин өв юм гэдгийг таниулахыг хичээсэн юм. Дан ганц монгол дээл хувцас гэлтгүй соёлын бусад өвүүд болох уран нугаралт, бие бийлгээ, морин хуур, хөөмэй, цамын болон болон бөөгийн зан үйлийг харуулсан бүжиг орсон. ЮНЕСКО-ийн төв байранд болж буй гэдэг утгаараа чуулганд оролцож байсан гаднын төлөөлөгчдөөс гадна Франц, Бельги улсад амьдардаг элэг нэгт монголчууд маань хүрэлцэн ирж, биднийг дэмжсэн.Энэ дашрамд бидний үйл ажиллагааг байнга дэмжин хамтран ажилладаг МИАТ ХК, Монгол Улсад суугаа Францын ЭСЯ, Франц, Бельги улсад суугаа Монголын ЭСЯ, Монголчуудын холбооныхондоо талархсанаа илэрхийлье.
Зургийг ЭНД дарж үзнэ үү