Увсын газар нутгийг зараад дуусчээ!

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Увсын газар нутгийг зараад дуусчээ!

Увсчууд
удахгүй нутгаасаа хөөгдөх нь. Учир нь аймгийн нийт нутгийн 90 орчим
хувьд нь лиценз олгочихож. Малын бэлчээр, тариалангийн талбай байхгүй
болжээ. Юу ч үлдээлгүй лиценз олгоод дуусч. Одоогийн байдлаар Увсын 19
сумаас 17 сумын 177 газарт 156 ашиглалт, хайгуулын лиценз олгосон ноцтой
баримт ил боллоо. Тиймээс тун удахгүй Бөхмөрөн шиг ирээдүй бусад сумдыг
хүлээж байна. Увсын ард түмэн юу ч мэдээгүй байхад хэзээний газар нутаг
нь хүний мэдлийнх болжээ. Ашигт малтмалын газраас гаргасан тооцоогоор
Увсын болон хил залгаа зарим аймгийн газар нутгийг оролцуулаад 1 сая 480
мянга 786,70 га газарт лиценз олгочихож. Өөрөөр хэлбэл Увс аймаг
увсчуудын мэдлээс лиценз эзэмшэгчид рүү чимээгүйхэн шилжсэн гэсэн үг.
УИХ-д Увсыг төлөөлөн сонгогдсон эрхэм гишүүд энэ их лиценз, зөвшөөрлийг
олгож байхад юу ч мэдээгүй, хараагүй, сонсоогүй юм шиг нүдээ аньж, чихээ
дараад, амиа хамхиад чимээгүй өнгөрсөн нь анхаарал татаж байна. 

Ганцхан
сарын өмнө гэхэд Увс аймгийн Бөхмөрөн  сумын “Хар алтат” багийн нутаг
дэвсгэр дээр нүүрс олборлогч компаниуд үйл ажиллагаа эрхэлж,  нутгийн
иргэд  үүнийг эсэргүүцэж суулт зарлаад байсныг Засгийн газрын Хэрэг
эрхлэх газар/ЗГХЭГ/-ын дарга Ч.Хүрэлбаатар ирж зогсоосон. Гэхдээ энэ нь
сонгуулиар оноо авах гэсэн шоу байжээ. Нэгэнт зөвшөөрлийг нь цуцлаагүй
хойно тэдгээр компаниуд олборлолтоо хэзээ нэгэн цагт явуулах нь
гарцаагүй. Харин хэзээ вэ гэдэг л үлдэж. Өнөөдрийн байдлаар Увс аймгийн
Бөхмөрөн суманд 17, Давстад 11, Завхан, Зүүнговьд гурав, Зүүнхангайд 10,
Малчинд хоёр, Наранбулагт 16, Өлгийд 16, Өмнөговьд 22, Өндөрхангайд
дөрөв, Сагилд дөрөв, Тариаланд 28, Түргэнд 10, Тэст 3, Ховдод 7, Хяргаст
10, Цагаанхайрханд 7 ашигт малтмал, хайгуулын лиценз олгожээ. 

Эдгээр
тусгай зөвшөөрлийн ард нэр бүхий улстөрчид байгаа нь мэдээжийн асуудал.
Эхнээсээ ч ил болж байна. Бөхмөрөн сумын нүүрсний ордын лицензийг
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар солонгосчуудад 11 сая ам.доллараар зарсан
гэж мэдээлэл цацагдлаа. Хэдийгээр энэ нь баталгаагүй, батлах боломжгүй
мэдээлэл ч оргүй гүтгэлэг биш бололтой.

Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга энэ бүхнийг хамгийн сайн мэдэх ёстой хүмүүсийн нэг.
Увстай холбоотой асуудал бүхнийг зангидаж, нааштайгаар шийдүүлж байгаа
гээд буй энэ эрхэм 156 лиценз олгосныг мэдээгүй гэвэл түүн шиг худал
зүйл байхгүй. Харин ч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэрээр мэдээгүй
байлаа гэхэд Б.Чойжилсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар
яагаад мэдээгүй байх вэ. Харин ч эсэргээрээ Увсын газар нутгийг нийлж
байгаад худалдчихсан юм биш үү.

Ямартай ч сонгууль гэж
хойшлуулалгүйгээр хөндөх ёстой сэдэв бол Увсын газар нутаг бүхэлдээ
лиценз болчихжээ. “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг”
хэмээх Модун Шаню их хааны үгийг эдүгээ цагийн ноёдод хатуу сануулах
цаг иржээ.

Нөгөө талаар лиценз, зөвшөөрөл нэрээр эх орон, газар
нутгаа худалдсан эдгээр эрхмүүдтэй хариуцлага тооцох цаг айсуй. Иргэн
бидний хувьд шударга бус улстөрчидтэй хариуцлага тооцох боломж дөрвөн
жилд ганц удаа ногддог. Дөрвөн жил хаан шиг амьдарсан гишүүд дөрвөн жилд
ганц л удаа хүн төрхөндөө “хувирдаг”. Энэ бол сонгууль. Тэгэхээр газар
нутгаа зарж баяжигчидтай хариуцлага тооцох үүднээс “Та нарт хулхидуулж
ханалаа” хэмээн хаалгаа тас хааж, гишүүний зөөлөн сэнтийгээс нь хусч
хаях цаг иржээ. Хэрэв бид энэ удаад дахиад л тэдний нэрийг дугуйлвал
2016 он гэхэд Увсад ухсан хар нүхнүүд, сэндийчсэн газар шороо, сүйрсэн
ард түмэн үлдэж мэдэхээр байгааг мэргэн түмэн минь анхааралдаа авагтун.
Бид дараагийн удаад энэ лицензүүд хэний мэдэлд очсоныг уншигчиддаа
хүргэх болно. 

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж