Орос Сирид байлдааны нисдэг тэрэг нийлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Орос Сирид байлдааны нисдэг тэрэг нийлүүлж байна

Сирийн сөргөлдөөнийг Орос даамжруулан тийш нь байлдааны нисдэг тэрэг нийлүүлж байгаа хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдэв. Улс төрийн шийдвэр олохын тулд Вашингтонтой хамтран ажиллахыг Клинтон Кремльд уриалж байна.

Москва Сирийн дэглэмийг дэмжин тийш нь байлдааны нисдэг тэрэг нийлүүлж байна гэж АНУ үзэж байна. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон зургадугаар сарын 12-нд “шинэ мэдээлэлдээ” үндэслэн мэдэгдсэн гэж DAPD агентлаг дамжуулав.

Эдгээр нийлүүлэлт нь энгийн иргэдийн эсрэг хүчирхийлэл явуулж байгаа гэх ерөнхийлөгч Башар Ассадад тус болон “сөргөлдөөнийг улам даамжруулах” нөлөөтэй юм. Вашингтоны Бруклины хүрээлэнгийн судалгааны төвд үг хэлэхдээ Клинтон Сирийн хэрэг явдлыг улс төрийн аргаар зохицуулахад хамтран ажиллахыг Москвад уриалсан байв.

АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч хатагтай Виктория Нуланд тайлбарласнаар Төрийн нарийн бичгийн дарга өмнө нь Дамаскийн дэглэмийн энгийн иргэдийн эсрэг ашиглаж байсан нисдэг тэргүүдийн талаар биш, одоо замдаа яваа нийлүүлэлтийн шинэ машинуудын талаар хэлжээ. Энэ нь Москвагийн мэдэгдээд байсан “Сирид нийлүүлж байгаа зэвсэг нь энгийн иргэдийн эсрэг чиглэсэн байх ёсгүй” гэсэн мэдэгдэлтэй зөрчилдөж байна гэж Нуланд хэлснийг Германы dpa агентлаг мэдээлэв.

Сирийн хэрэгт оролцохыг Москва зөвшөөрөхгүй

Үүний өмнө Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн дотоод хэрэгт оролцохыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр гаргуулахгүй гэсэн байв. Тэр алхам нь “Ойрхи Дорнодын бүх бүсэд ноцтой хүнд үр дагавартай” хэмээн сайд мэдэгджээ. Үүний зэрэгцээ сиричүүд өөрсдөө Ассадыг зайлуулахаар тохиролцож чадвал Орос “тийм шийдвэрт баяр хүргэнэ” гэсэн байв.

НҮБ гурван хоногийн өмнө  Сирийг хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлддэг орнуудын жагсаалтад оруулсан байна. НҮБ-ын илтгэлээр ийм гэмт хэрэгт Засгийн газрын цэрэг мөн түүнийг дэмжигч холбоотон нь болох хагас цэрэгжсэн “Шабиха” бүлэг буруутай болжээ.

Сүүлийн саруудад Сирийн зэвсэгт мөргөлдөө­ний байдал хувирсныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч тэмдэглэв. Хоёр талаас гарч буй хүчирхийлэл нь иргэний дайн гэж нэрлэхэд хүргэжээ.

Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн 15 сарын дараа иргэний дайн болон хувирлаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Энхийг сахиулах асуудал хариуцсан Эрве Ладсу үзэж байна. “Хүчирхийллийн цар хүрээ сөргөлдөөний шинжийг бүрэн хувиргалаа” гэж тэрээр энэ сарын 12-ны өдөр Нью-Йорк хотноо мэдэгдсэн байв.

Сүүлийн үед НҮБ-ын ажиглагчид Засгийн газрын цэрэг мөн босогчдын зүгээс хүчирхийлэл нэмэгдсэнийг тэмдэглэж байна. Сирийн Засгийн газар босогчдын хяналтад байгаа нутаг дэвсгэрийг эргүүлэн авахыг оролдож байна. Тэд үүндээ их буу, хуягт техник, байлдааны нисдэг тэргүүдийг ашиглаж байна.

Ийм арга хэмжээ нь “хүн амын хувьд сүйрлийн үр дагавартай” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Энхийг сахиулах асуудал хариуцсан Эрве Ладсугийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Киран Дуайер хэлэв. Сөрөг хүчин нь Засгийн газрын цэрэг ба иргэний дэд бүтцэд өгөх өөрсдийн довтолгоог  нэгтгэн зохицуулахаар оролдож байна. “Сөргөлдөөн Сирийн бүх бүс нутгийг хамарлаа” гэж Дуайер онцлов. Сөрөг хүчний мэдээгээр зөвхөн 12-ны өдөр гэхэд Сирид наад зах нь 50 хүн үрэгдсэний 30 нь Дейр-эз-Зор гэх тус орны зүүн мужид  их бууны галд өртжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж