Даатгалын системээ даруй шинэчлэх цаг болжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Даатгалын системээ даруй шинэчлэх цаг болжээ

“Нэг үеэ бодвол Монголын даатгалын систем шинэчлэгдсэн ч бусад улс орнуудаас хөгжлөөрөө хоцорсон хэвээрээ л байна. Тиймээс гадны улс орнуудаас туршлага судалж, Монголд таарсан зөв гарцыг олох нь чухал” гэж Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөгөө өгөхөөр ирсэн АНУ-ын мэргэжилтэн Жон Райдер ярив. Монголд ирээд удаагүй байгаа тэрээр Монголын даатгалын систем, тэр дундаа жолоочийн хариуцлагын даатгалын сул болон давуу талыг хэлэлцэхээр өчигдөр Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд уулзалт, ярилцлага хийсэн юм. Жон Райдер сэтгүүлчидтэй уулзахаас өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооныхонтой уулзаж даатгалын тал дээр баримтлах бодлогын талаар зөвлөлджээ.

Монгол улсад жолоочийн хариуцлагын даатгалд 80 гаруй мянган хүн хамруулж амжилттай зохион байгуулж байгааг АНУ-ын төлөөлөгч сайшаасан юм. Гэхдээ тухайн даатгалын байгууллагаар үйлчлүүлэгчдийн итгэл сул байгааг санууллаа. “Даатгалын байгууллагын үйлчлүүлэгч тухайн байгууллага мэдээллээ хэр зэрэг олон хүнд хүргэж байгаагаас хамаараад хаана үйлчлүүлэх вэ гэдгээ сонгодог. Гэтэл яг одоогийн байдлаар даатгалын компаниуд мэдээллүүд туйлын хомс байна. Тиймээс үйлчлүүлэгчид хаана, хэрхэн үйлчлүүлэхээ мэдэхгүй байгаа юм. Даатгал гэдэг бол цаасан дээр байдаг амлалт. Энэ амлалтыг тухайн даатгагч байгууллага санхүүгийн зохицуулах хороо хамтдаа хариуцлага хүлээх үүрэгтэй. Тэгэхээр даатгуулагч аль алинд нь хандаж болно гэсэн үг” гэж Жон Райдер хэлэв.

Манай улс жолоочийн хариуцлагын даатгалыг заавал даатгалын тоонд оруулж жолоочдоос хураамж авч байгаа. Бүх зүйлс хуулийн дагуу зохицуулагдаж байгаа учраас зөрчил, дутагдал бага байдаг тухай Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн хэлж байв. “Амлалтын тухайд яриад байх юмгүй. Бүгд хуулинд нарийн тодорхой тусгагдсан учраас зөрчил, доголдол гарах нь бага. Харин тухайн даатгалын компани хэрхэн ажиллаж байна гэдэг бол тусдаа асуудал. Бид даатгагч компаниудын ажлыг маш сайн нягтлах хэрэгтэй” гэж Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн н.Батбаатар ярив. Жолоочийн хариуцлагын даатгалыг заавал даатгал болгосноос хойш 80 гаруй мянган хүн даатгуулжээ. Монгол Улсад машин барьдаг 750 гаруй мянган иргэн байдаг гэсэн судалгааг Замын цагдаагийн газраас гаргасан байна. “Цаашид энэ хүмүүс нэмэгдэх хандлагатай байгаа. Жолоочийн хариуцлагын даатгалааас татан төвлөрүүлдэг мөнгө өмнөх оныхоосоо бараг нэг тэрбумаар нэмэдгсэн үзүүлэлттэй байгаа” гэж Н.Батбаатар ярьсан юм.

Манай улстай адилхан жолоочийн хариуцлагын даатгалыг АНУ заавал даатгалын тоонд оруулжээ. Учир нь тухайн жолооч өөрийн болон бусдын амь насанд хэзээ ч хохирол учруулж магадгүй, эрсдэлтэй бүлэг болохоор тэр. “АНУ-д одоогийн байлаар жолоочийн албан даатгал л байгаа. Цаашид эрүүл мэндийн даатгалыг заавал даатгал болгож магадгүй. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ саналыг АНУ-ын дээд шүүхэд хүргүүлсэн. Хоёр долоо хоногийн дараа хариу нь гарах байх” гэж Жон Райдер ярив.

Одоогийн байдлаар манай улсад тулгамдаж байгаа, даруйхан шинэчлэх ёстой салбар нь даатгалын салбар. Үүнийг мэргэжлийн хүмүүс нь ч баталж байна. Монголд одоогийн байдлаар үйлчилгээ явуулж байгаа 17 даатгалын газар байдаг аж. Хэдийгээр олон компаниуд бүртгүүлдэг ч чанарын шаардлага хангадаггүй болохоор үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгодоггүй ажээ. “Монголд ердийн даатгалын 17 компани байдаг бол амьдралын болон урт хугацааны даатгалын нэг л компани үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид компаниуд нэмэгдэх хандлагатай байна” гэж н.Батбаатар ярьсан юм.

Хэдийгээр Монголд чамгүй хэмжээний даатгалын компани байгаа ч дэлхийд дэвшилтэт арга, аргачлалыг судалсан компаниуд одоохондоо алга. Үүнийг нэн даруй өөрчлөх шаардлагатайг АНУ-ын мэргэжилтэн сануулж байв. “Танай улсад урт хугацааны болоод амьдралын даатгал эрхэлдэг цөөхөн байгууллага байна. Гадны улс орнуудад бол даатгалын ийм төрлийн үйлчилгээг олон компаниуд үзүүлдэг. Хэрвээ тухайн хүний ямар нэгэн осолд өртөх, нас барах тохиолдолд гэр бүлийнхэнд нь өвлүүлдэг зүй тогтол үйлчилдэг” гэж Жон Райдер ярив.

Даатгалын байгууллага манайд арав гаруй жилийн нүүрийг үзэж байна. Харин АНУ болоод дэлхийн хөгжингүй улсуудад 100-200 жилээр яригдана. Тэнд хүн төрсөн л бол даатгалд хамрагдана гэдэг бичигдээгүй хууль үйлчилдэг. Бидэнтэй ижилхэн гараанаас эхэлсэн олон улс орон байна. Украйн, Польш, Серби даатгалын салбарынхаа хувьд бидэнтэй ижил ч аль хэдийнэ хөгжингүй орнуудын туршлагаас суралцаж эхэлжээ. Украйнд бүр даатгалын чиглэлээр мэргэшсэн гадны томоохон эрдэмтэн ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг аж. Украйн улс мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилж даатгалын тухай мэдлэг, мэдээллийг өгч байжээ. Энэ мэтчилэн манайд хэрэгжүүлэх олон асуудлууд байна. Эцэст нь нэг зүйл сануулъя. “Даатгал бол тухайн улсын хөгжилд тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг салбар” гэж.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж