Төрийн байгууллагууд эзгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Төрийн байгууллагууд эзгүй байна

Хэдхэн хоногийн өмнө Сүхийн талбайд төрийн байгууллагууд майхан асар дэрвүүлэн, урдуур нь өнгөрөх хүн бүрийг инээд цацруулан угтаж “нээлттэй өдөрлөг”-ийг улиг болтол хийсэн дээ. Нэг ёсондоо дөрвөн жил хаалттай байсан засаг сонгуулийн өмнө үүдээ “нээсэн” нь энэ. Харамсалтай нь шаардлагатай мэдэээл өгөх гол гол хүмүүс нь талбай дээр ирээгүй. Тиймээс нээлттэй өдөрлөгийн үеэр ирсэн иргэд майханд ажиллаж байсан хүмүүст холбогдох хаяг, нэр, утсаа өргөдлийн хамт үлдээгээд явсан ч эргээд холбоо, барьж асуудлыг нь шийдэж өгсөн үү гэдэг эргэлзээтэй.

Одоо бол байдал бүр ч дордсон. Хагас дутуу нээлттэй байсан төрийн албаны хүнд “төмөр” хаалга хаалттай болчихож. Бүр янгинатал нь түгжсэнийг нь яана гээч. Амралтаа авах нэг нь авч, сонгуульд хэн нэгэн даргын сурталчилгаанд явах нь явсаар үүдний манаач, үйлчлэгч цэвэрлэгч нар л төрийн байгууллагуудад үлджээ. Өмнө нь ямар нэгэн ажил хөөцөлдөхөд 14 хоног, бүр цаашлаад сар хүлээх шаардлага гардаг байсан бол одоо ирэх есдүгээр сар хүртэл хүлээх хэрэгтэй болжээ. Амралт, найр, наадмын сар арай эхлээгүй ч төрийн албаныхан амралтаа аваад сонгуульдаа орцгоожээ.

Сайн байна уу, байхгүй

Төрийн байгууллагуудын үүдэнд суудаг төрийн хувцас өмссөн залуусын амнаас гарах үг нь энэ. Тэд амралтаа авсан, гадагшаа явсан, дотоод ажилтай гэсэн үгсийг байрыг нь солин ээлж дараалан хэлнэ. Хэдийгээр сонгууль, наадам болох гээд зай, завсаргүй байгаа ч төрийн ажилчид ажлаа хийж баймаар. Гэтэл хэн ч алга. “Би Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Аялал жуулчлалын мэргэжилтэнтэй уулзах гэж нэлээн хэд хонож байна. Амралт дуусаад ирвэл ирэх л хугацаа өнгөрлөө. Одоо хүртэл алга бүр гайхаш барагдлаа. Хэзээ ирэх хүн юм, бүү мэд” гэж Хан-Уул дүүргийн иргэн Г.Батбаатар ярив. Зөвхөн энэ яам л ийм байгаа хэрэг биш. Бусад яам, тамгын газруудад ч ялгаагүй. Ажил хариуцсан хүмүүс нь байхгүй гэсэн үг ам тагладаг болсоор удаж байна. Ерөөс жилийн турш хүлээлгэж ханадаггүй төрийн байгууллагууд амралт эхлээгүй байхад хүлээлгэж байгаа нь энэ. Гэхдээ өмнөхөөсөө илүү удаан гээч.

Хороонд хүн байна уу?

Хороонд хүн алга. Бүгд сонгууль гээд завгүй. Оршин суугаа газрын тодорхойлолт авах гэсэн хүмүүс ямар сайндаа 14 хоног хүлээж байхав дээ. Уг нь оршин суугаа газрын тодорхойлолт авахад нэг их цаг шаардахгүй. Гэхдээ хороодын ажилчдад сонгуулийн материалыг, хорооны идэвхтэн иргэдээрээ тараалгах ажил хүлээсэн учраас эзгүйдээд байгаа нь энэ. “Би нэг тодорхойлолт авах гэж 14 хонож байна. Өмнө нь алга гээд хавьтуулдаггүй байсан бол одоо сонгууль хийгээд завгүй” гэж Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны иргэн Б.Даржаа ярив. Ганцхан Сүхбаатар дүүрэгт л ийм байна уу гэвэл үгүй. Ямар өнгийн батлах өвөртөлснөөсөө хамаараад хэзээ, хэдэн цагт ажилдаа ирэх вэ гэдэг нь тогтоогддог болоод 14 хонож байна.

Төрийн алба уу, намын ажил уу?

Ийм асуултыг Тулгат гэж өөрийгөө нэрийдсэн нэгэн твиттерээр асуужээ. Энэ асуултыг бодож үзмээр л юм. Төрийн алба хэмээх “нүсэр машин” эдүгээр 160 гаруй мянган “эд”-ийн тусламжтайгаар хөдөлж байна. Үүнээс удирдах албан тушаалд 30-40 мянган хүн ажилладаг гэсэн багцаа тоо бий. Эдгээр дарга, цэргүүдийн хэд нь ажилдаа өдөр алгасахгүй ирээд, хэд нь огт ирэхгүй байгаа нь эргэлзээтэй. Чухамдаа ямар нэгэн нам, хэн нэгэн улс төрчийн шийдвэрээр халагдаж, солигдон энэ албаны “цусыг багагүй сэлбэдэг” болсоор уджээ. Энэ бүх хүн ямарваа нэгэн намын гишүүн байдаг нь тодорхой. Харин төрийн ажлыг чухам юу гэж бодон ажиллаж байгааг таашгүй.

“Төрийн алба хэтэрхий хүнд сурталтай байгаа нь Монгол орны хөгжлийг удаашруулж байгаа нэг шалтгаан. Дээрээс нь жилд л хэд, хэдэн мянгаараа төрд шинээр орж байна. Дийлэнх нь аль нэг намын гишүүн. Үүнээс болоод хүнд суртал газар аваад байгаа юм” гэж Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу ярив. Одоо бол тэд намын ажлыг хийж яваа. Улирал нь ингээд таарчихлаа гэдэг шиг сонгуулийн жил таарсан болохоор тэр л дээ. Хүнд суртал гаргадгаа тэд өөрсдөө баталж байгаа юм шиг “Нээлттэй хаалганы өдөр” гэж нэг өдөр зарлан тэр өдрөөрөө болсон болоогүй цаас, тараадаг болсоор бас ч үгүй хугацааг өнгөрөөжээ. Зүй нь бол өдөр бүр нээлттэй байж, өмссөн хувцас, хэрэглэсэн утсаар ялгалгүй хурдан үйлчлэх ёстой. Эрхэм уншигч та хэрвээ аль нэгэн төрийн байгууллагаар орох гэж байгаа бол гэрээсээ гарахаасаа өмнө бага зэрэг бодоход гэмгүй.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж