Дуурь, бүжгийн эрдмийн театрын гадна өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Камер үүрсэн телевизийн зураглаач, үзэг барьсан сэтгүүлч, дуран хараагаа шалган зогсох гэрэл зурагчид, тус театрын хамт олон нэгэн эрхэм хүнийг хүлээн авахаар ийнхүү театрыг чиглэн ирэх машин бүрийг догдлон хүлээж байсан юм. Энэ эрхэм хүндтэй хүн бол дэлхийн чансаатай дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж, монголчуудыг баярлуулсан УГЖ, дуучин Э.Амартүвшин.
Тэрбээр Бээжин хотноо болсон, Дэлхийн шилдэг тенор Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд оролцоод ийнхүү өчигдөр эх орондоо ирж байгаа юм. “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан түүнийг УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн тэргүүтэй театрын хамт олон, гэр бүлийнхэн нь угтан авчээ. Эх орондоо хөл тавьсан даруйдаа тэр төрөлх театртаа ирсэн юм. Э.Амартүвшин хамгийн түрүүнд театрын тайзнаа мэхийн ёсолж, “Намайг ийм сайхан шагнал авахад урам зориг, дэмжлэг хайрласан Монголын ард түмэндээ маш их баярлаж байна” хэмээн сэтгэлээ нээсэн. Монголын сонгодог урлагийг алтын дайтай үнэлүүлж чадсан тэрбээр театрын тайзнаа алтан цомоо өргөн зогсч, танхимд цугласан олон “браво, браво” хэмээн түүнд талархсан сэтгэлээ илэрхийлж, омогшин суугаа нь харагдсан.
Ингээд бид Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны тэргүүн байрын шагналт, УГЖ, дуучин Э.Амартүвшинтэй бид уулзлаа.
-Юуны өмнө таньд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе! Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны талаар сонирхуулахгүй юу?
-Монголын ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Зургадугаар сарын 1-11-ны хооронд болж өнгөрсөн Испани гаралтай дэлхийн агуу тенор Пласидо Домингогын нэрээр овоглосон “Operalia” гэж том уралдаан болж өнгөрлөө. Миний хувьд энэ уралдаанд очиж уралдаад, нэгдүгээр байр эзлээд ирлээ. Сэтгэл маш хангалуун байна. Энэ уралдааны ач холбогдол бол залуу дуурийн дуучдыг гаргаж ирэх, дэмжих, тэдний карьерийг өсгөх зорилготой. Жинхэнэ дуучин, уран бүтээлч хүнийг дээдэлсэн, гайхамшигтай сайхан уралдаан болж өнгөрлөө. Уралдааны тухайд дэлхийн хэмжээнд жил болгон болдог. 1993 оноос хойш Мадрид, Токио, Москва гээд дэлхийн олон хотуудад 20 жил зохиогдож байгаа энэ уралдаанд жил бүр 1000 орчим хүн мэдүүлгээ өгдөг. Түүнээс шүүн дэлхийн хэмжээнд 40 залуу дуурийн дуучин буюу эрэгтэй 20, эмэгтэй 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр шалгаруулалтыг явуулдаг. Уралдаан гурван үе шаттай. Эхний шатны 40 дуучнаас 20-г авч үлдэн, хоёрдугаар шатнаас 13 дуучин эцсийн шатанд тунасан. Шилдэг 40-д 19 орны дуучин багтсан байсан. Сүүлийн финалын шатанд АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Итали, Канад, Монгол гэсэн долоон орны уран бүтээлчид өрсөлдсөн.
-Энэ удаагийн уралдааны онцлог юу байсан бол?
-20 жилийн турш зохион байгуулагдсан “The Placido Domingo’s Operalia” уралдаан анх удаа нэгдүгээр байрыг хувааж хоёр хүнд олгосон. Энэ нь шагналыг нь хувааж байгаа бус нэгдүгээр байрыг хоёр хүнд энэ тэнцүү олгож байгаа юм гэж Пласидо Доминго шагнал гардуулахдаа зориуд тэмдэглэж хэлсэн. Уралдааны зохион байгуулалт, чанар чансаа бол аргагүй л нэг олон улсын, дэлхийн жишигтэй уралдаан ийм байдаг юм байна хэмээн би бишрээд ирлээ.
-Түрүүлсэн гэдгээ мэдсэн тэр мөчид яг юу бодогдож байсан бэ?
-Ерөөсөө итгэж өгөхгүй байсан. Харьцангүй тайван байсан. Яагаад ч юм мэдэхгүй тухайн үеийн сэтгэгдлээс болсон байх. Нэг их итгэж өгөхгүй, учиргүй баярлаад дэгдээд байхгүй мөртлөө юу ч болоод байна даа гэж бодогдож байсан. Домингод түрүүлчихээд байгаа юм байна шүү дээ гэж хүртэл бодогдож байсан. Пласидо Доминго гэдэг хүнтэй залуу дуучин бидний хувьд ойртон юм ярьж, гарын үсгийн нь авч, хамт хоолонд орж, хамт бэлтгэл сургуулалт хийж, гэрэл зургаа татуулна гэдэг бол гайхамшигтай. Агуу домог болсон хүний дэргэд байна гэдэг бол мөрөөдөл. Эхэндээ өвдөг чичирнэ, гар салгална, яалт ч үгүй сүрддэг юм байна лээ. Сүүлдээ гайгүй болсон.
-Энэ уралдаанд өөртөө ямар зорилго тавьж орсон бэ? Түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-“Аз хүү байвал ёоз хүүгээр цохино” гэж, ер нь үзнэ шүү дээ. Ер нь айгаад байсан зүйл байхгүй ч очиход байдал бодсоноос өөрөөр эргэсэн л дээ. Ямар том юманд ирчихэв дээ. Айхтар дуучид ирж дээ гэсэн жаахан жийрхэх зүйл байсан.
-Уралдааны гурван шатанд ямар уран бүтээлүүдээ өрсөлдөв?
-Нэгдүгээр шатанд С. В. Рахманиновын “Алёко” дуурийн Алёкогын ариг дуулсан. Хоёрдугаар шатанд Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн ариг, испани аритай дуулсан. Гуравдугаар шатанд Доминго өөрөө 13 дуучинг ямар бүтээл дуулах вэ гэдгийг хэлсэн. Тэрбээр надад Риголетто чинь чамд маш сайхан таарч байна түүнийгээ дуул гэсэн. Харин сүүлд тэр намайг их балчир хүүхэд гээд, өдийн насанд Риголеттог дуулж чадах бол уу үгүй бол уу гэж эргэлзэж байснаа хэлсэн. Энэ удаад Риголеттог дуулсан маань оносон зөв сонголт байсан.
-Чайковскийд та Риголеттогийн аригаар өрсөлдсөн. “Риголетто” дуучнаас ур чадвар шаардсан гол дууриудын нэг шүү дээ. Яагаад энэ ариг сонгох болов?
-Риголеттог бол өнөөдөр миний дуулдаг нас биш. 30 гарч 40 хэвийж, нас тогтон хоолойгоо суулгаж байж дуулдаг дуурийн парт. Хамаагүй балчир байхдаа том юмаар оролдвол хоолойгоо ална шүү дээ. Гэхдээ би оюутан байхдаа Ерөө багштайгаа энэ дуурийн зөвхөн ариг маш сайн хийсэн. Сүүлд ДБЭТ-т орж ирээд бүтэн партаар нь хийсэн. Яагаад ч юм оюутан байхдаа сайн “нухсан”-ых юм уу надад нэг л зохидог юм. Арай л дөхөм юм үзүүлчихмээр, ерөнхий миний характер, дотоод хүнтэй таардаг юм болов уу гэж боддог. Риголетто бол гайхалтай ари, уралдаанд муу дуулах юм бол асар том эрсдэлд хүргэнэ. Риголеттогийн арид бусад ари шиг уянгын, өөрөө тэгээд аяыг нь аваад явчих зүйл ховор шүү дээ. Хэцүү, хүйтэн, эвгүй зүйлсийг гаргадаг ари учраас үүнийг ханатал сайхан дуулахгүй бол хүмүүст үнэлэгдэхгүй. Миний хувьд бичлэг, интернетээр анкетаа өгөөд уралдаад явж байхад Риголеттог дуулж байгаа хүнийг ер нь би үзэж, харж, сонсоогүй. Түүгээрээ бас онцлогтой, хүмүүст хүрдэг, содон байж болно л доо.
-Уралдаанд оролцсоноороо таньд ямар боломжууд нээгдсэн бэ?
-Зөндөө. Одоогоор яг гэрээ хийн гарын үсэг зурагдаагүй ч гэсэн ерөнхийдөө цаашид ямар ажил хийх төлөвлөгөө, ямар газар дуулж болох вэ гэдэг талаар ярьсан байгаа. Боломж бол маш их нээгдсэн.
-Тантай эн зэрэгцэн нэгдүгээр байрыг эзэлсэн АНУ-ын дуучинг дуулахыг сонсоод ямар сэтгэгдэл төрж байв?
-Тэр бол маш өвөрмөц хоолойтой дуучин. Контр тенор гэж эмэгтэй хүний хоолойгоор дуулдаг тенор хоолой байдаг. Тэр хүн 13 настайгаасаа эхлээд контр тенор хоолойг дагнан хичээллэж эхэлсэн гэсэн л дээ. Түүнийг сонсоход үнэхээр гайхамшигтай. Зүгээр л хөгжим шиг дуугардаг дуучин байсан. Түүний техник, мэдрэмж, хоолойных нь сайхан гээд бүх юм цогцлон бүрдсэн сайхан дуучин. Энэ уралдаан бол өндөр чанартай уралдаан гэдэг нь харагдаж байгаа юм л даа. Тэр оролцсон 40 дуучинг ажиглахад дандаа дэлхийн том цралдаан, тэмцээнд очиж, бие биенийхээ дээр доор орж, уралддаг гайхалтай дуучид байсан. Жишээ нь миний мэдэхээр миний хоолойнд БНСУ-ын баритон Хью Альдо болон Роман Бурденко гэж өнгөрсөн жил намайг Германы уралдаанд финалын 12-т үлдэхэд түрүүлсэн баритон энэ уралдааны гуравдугаар байрыг эзэлсэн. Бас Туркийн нэг гайхалтай сайхан баритон байсан. Өрсөлдөгч нарын хувьд үнэхээр чанга байсан. Энэ уралдаан ерөнхийдөө хэцүү, дарамт ирсэн уралдаан байсан. Энэ бол маш их сэтгэл түгшсэн, сүрдсэн, сэтгэл санаа, бүх талаар арай илүү их хичээж дайчилсан, их айхтар уралдаан байлаа.
-Тэнд байсан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид тэр тусмаа Доминго таныг юу гэж тодорхойлсон бол?
-Манай ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн энэ уралдааны сүүлийн шатны шалгаруулалтыг очиж үзсэн. Тэгэхэд танай дуучинг Риголеттог дуулж байхад биеэр нэг зүйл гүйгээд байсан гэж хэлсэн тухай би сүүлд сонссон. Пласодо Доминго, Марта Доминго нар надтай уулзаад “чиний энэ хоолойнд итгэхийг аргагүй гоё өнгө, тембер байна. Их хүчтэй, том хоолой байна” гэж хэлсэн.
-Итали, англи хэл сайн сурвал таны өмнө дэлхийн хаалга нээлттэй гэж хэлсэн гэсэн шүү дээ?
-Тийм. Миний хувьд хэлний тал дээр жаахан асуудал байсан л даа. Доминго яг дуучин хүн бол итали, англи хэлийг маш сайн сурах хэрэгтэй. Хэрвээ энэ хоёр хэлийг маш сайн сурчихвал дэлхий чиний өмнө нээлттэй байна гэж хэлсэн.
-“The Placido Domingo’s Operalia”-ны тэргүүн байрыг эзэллээ. Өөр ямар уралдаан таныг хүлээж байгаа бол?
-“Operalia” бол бараг титэм уралдаан гэж хэлж болно. Гэхдээ үүнээс дутахааргүй хоёр гурван уралдаан байгаа. Цаашдаа тэр уралдаануудад явна даа.
-“Operalia” уралдаанд хэрхэн анкетаа явуулж оролцсон бэ? Таныг “Smolart” агентлагийн дуучнаар ажиллаж байгаа гэсэн?
-“Smolart” агентлагийн захирал Сергей Малчанов гэж ОХУ-ын мундаг том менежер, продюссер хүн байдаг. Би тэр агентлагийн дуучин. Тэр миний гадаад дотоодын тэмцээнд явуулдаг бүх албан бичиг, бүртгэл, бичлэгийг хариуцаж хийдэг. Би энд ажлаа хийгээд байж байдаг. Тэр хүн “за, Амараа тийм уралдаанд тэнцсэн шүү” гээд миний бүх ажлыг зохицуулж хийж өгдөг. Тэр хүнд, “Smolart” агентлагт баярлаж, талархаж явдгаа хэлмээр байна. Мөн энэ уралдааны сүүлийн шатны шалгаруулалтад манай театрын Б.Сэргэлэн захирал ирж, дэмжсэн. Захирал маань тэнд ирсэн урлагийн нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, цаашдын ажлын талаар ярилцсан. Энэ нь манай театр, сонгодог урлагийн хувьд шинэлэг, сайхан үйл ажиллагаа болсон.
-Та өнгөрсөн жил энэ уралдаанд анх удаа материалаа илгээсэн гэж сонссон?
-Өнгөрсөн жил Москва хотод болоход би материалаа явуулсан. Манай агент надад “Амараа энэ удаад тэнцсэнгүй, яагаад авсангүйг нь ойлгосонгүй ээ” гэхэд нь би “за” гээд л өнгөрсөн. Тэгсэн сая болсон уралдаанд материалаа явуулаад тэнцсэн. Надад гуравдугаар сарын 23-нд төрсөн өдөр чинь болж байгаа юм байна. Тиймээс төрсөн өдөрт чинь зориулж сюрприз барьж таныг тэнцсэн гэдэг хариуг түрүүлээд өгч байгаа юм шүү гээд “Operalia” уралдааныг зохион байгуулах комиссоос надад хариу илгээсэн.
-Уралдаанд оролцохын тулд санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Том уралдаанууд ер нь буудал, хоол унаа, бэлтгэл гээд бүх зүйлээ цаанаасаа даадаг. Энэ уралдаан бол “зангарагтай” гэж хэлдэг тийм л уралдаан байсан. Том хүний уралдаан бол том л байдаг юм байна.
-СУИС-ын багш, доктор, багш Ц.Ерөөтэйгөө энэхүү уралдааны сургуулалтыг хийсэн гэсэн шүү дээ. Ямар хугацаанд бэлтгэл хийсэн бэ?
-Сарын хугацаанд багштайгаа хамтран бэлтгэсэн. Бид нар байнга л дуурьтаа тоглоод бэлтгэл сургуулалт хийдэг ч яг уралдаанд зориулж, программуудаа тусгайлан бэлдсэн. Багш маань байнга зөвлөж тусалж байсан. Мөн концертмейстр Солонго багш маань бэлдсэн. Энэ хоёр багшдаа би хязгааргүй баярлаж байна. Тэнд байхад яг Чайковскийд надаас асууж байсан асуултууд давтагдаж байсан. Хаана энэ дуулалтыг эзэмшсэн бэ гэдэг.
-Монгол гэхээр юу гэж байна?
-Монголд гэхээр хэдэн жил сурсан бэ гэдэг. Тэгээд таван жил гэхээр тэгээд одоо та 26 настай яаж ингэж, эзэмшсэн бэ? гэж ярьдаг. Миний ингэж сайхан дуулж, сайхан яваа бол яах аргагүй энэ агуу дуурийн театрын үе үеийн домогт уран бүтээлчдийн, миний багшийн, аав ээжийн нарын маань ач буян. Надад ийм сайхан хоолой заяасан аав, ээж хоёртоо маш их баярлаж байна.
-Аливаа томоохон уралдаан, тэмцээнд урлагийн нэр хүнд бүхий судлаачид олноороо чуулдаг гэж сонссон. Энэ уралдааны үеэр урлаг судлаачид өөрийг тань Монголын школоор хэрхэн ингэж дуулж байгаа талаар биечлэн уулзаж ярилцсан бол уу?
-Судлаачидтай бол яг тусдаа уулзаж чадаагүй. Тухайн үед ирсэн байсан байх. Голчлон дуучдын агентууд биечлэн ирж, уулзаж байсан.
-Таныг маргааш Тайвань явна гэж байсан?
-Өмнө нь төлөвлөчихсөн байсан хувийн тоглолтоор маргааш Тайванийг зорино.
-Багадаа хэр дуулдаг байв. Баритон хоолойтой гэдгээ хэдийнээс мэдсэн бэ?
-Намайг наймдугаар ангид байхад л миний хоолой бүдүүн болоод эхэлсэн. Багадаа би их нарийхан хоолойгоор дуулдаг хүүхэд байсан. Тэгээд хоолойны өнгө яваандаа доошлоод, бүдүүрээд эхэлсэн. Би ер нь дуучин болно гэж бодоод л явж байсан. Тэгээд СУИС дээр Ерөө багш дээрээ ирэхэд багш маань намайг “яалт ч үгүй баритон байна” гээд таван жил намайг “нухсан” даа. Миний өмнө нь оролцож байсан энэ тэмцээн дээр ч гэсэн гадныхан монголчууд ер нь талын хүмүүс, тал шигээ уужим гоё, уянгалаг хоолойтой байдаг гэж ярьдаг. Энэ чинь бидний төрсөн нутаг, амьсгалж буй агаар, ууж идэх байгаа хоолтой бас их холбоотой юм шиг байгаа юм. Монголд сая буугаад ирэхэд шав шар л харагдаж байна шүү дээ. Миний эх оронд нар бол гайхалтай сайхан тусдаг.