Ирландын шигшээ өрсөлдөөнөөс хасагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Ирландын шигшээ өрсөлдөөнөөс хасагдлаа

“Евро-2012”-ын “С” хэсгийн хоёр дахь тоглолтууд өнгөрсөн шөнө болж, хоёр тоглолтын үр дүнгээс хамаарч Ирландын шигшээ баг тэмцээнийг хэсгийн шатнаас орхих нь тодорхой болов. Тэд ийнхүү “Евро-2012”-оос хасагдаж буй анхны баг болж байна.

Испанийн багийн “Алтан жаал” Фернандо Торресын чадварлаг тоглолт, уран гоолын дүнд тив, дэлхийн аваргууд Ирландын багийг 4:0 харьцаатай буулган авчээ. Ингэснээр тэд дөрвөн оноотой болж, хэсгээ тэргүүлж эхлэв. Италийн шигшээтэй хийсэн эхний тоглолтод хэд хэдэн гоолын боломж алдсан Торрес өнгөрсөн шөнө Гданьск хотноо Ирландын багийг буулган авахад дубль хийжээ. Мөн “Ялагдашгүй Армада”-гаас Давид Сильва, Сеск Фабрегас нар гоолдсон байна.

Өнгөрсөн шөнө болсон “С” хэсгийн нөгөө тоглолт Итали болон Хорватын багийн хооронд болж, 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ. Тоглолтын 39 дэх минутад Италийн шигшээ багаас Андреа Пирло гоолдож, багтаа тэргүүлэл авчирсан ч 72 дахь минутад Хорватын довтлогч Марио Манжукич тооны харьцааг тэнцүүлсэн байна.

Ийнхүү хоёр тоглолтын дараах байдлаар Испани болон Хорватын багууд адил дөрвөн оноотой, гэхдээ гоолын зөрүүгээр Испанийн шигшээ баг хэсгээ тэргүүлж байна. Хоёр тоглолтоос оноо авч чадаагүй Ирландын баг өрсөлдөөнөөс хасагдсан бол Италийн шигшээ баг хоёр оноотой, гуравдугаарт бичигдээд байна.

“С” хэсэг:

1.    Испани – 4 оноотой /нэг хожиж, нэг тэнцсэн/
2.    Хорват – 4 оноотой /нэг хожиж, нэг тэнцсэн/
3.    Итали – 2 оноотой /хоёр тэнцсэн/
4.    Ирланд – 0 оноотой /хоёр хожигдсон/

Харин өнөө шөнө “D” хэсгийн ээлжит тоглолтууд болно. 00.00 цагт Украйн ба Францын багийн тоглолт болох бол 02.45 цагт Швед, Английн шигшээ багийн тоглолтоор үргэлжилнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж