Төрийн банк зээлийн эрсдэлийг өөрөө үүрнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Төрийн банк зээлийн эрсдэлийг өөрөө үүрнэ

Нэг хэсэг жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн сургаар бужигналдаж байсан олон өдгөө нам жим болжээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргаж байгаагаа өнгөрсөн гуравдугаар сард зарлаж үүний дараахан Эд хөрөнгө бүртгэлийн газар болон ОССК иргэдийн хөл хөдөлгөөнд дарагдсан. Өмнө нь байртай байгаагүй гэдэг алгын чинээхэн бичиг авахын тулд Эд хөрөнгө бүртгэлийн газар өглөө нарнаас үдшийн бүрий болтол дугаарлаж байв. Харин өдгөө ОССК болон Эд хөрөнгийн бүртгэлийн үүдийг сахиж, өнжин хонож байсан хүмүүс алга болж, зарим нь уг зээлд хамрагдаж чадах эсэхдээ эргэлзэх болсон байна.   Жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр байр авахыг хүссэн бага, дунд орлоготой 1700 иргэний хүсэлтийг ОССК-аас Төрийн банкинд хүргүүлсэн тухай Орон сууц санхүүжилтын корпарацийн Зээлийн газрын захирал Н.Уламбаяр ярьсан.Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг Капитал болон Төрийн банкаар дамжуулан олгохоор болсон ч өнөөдрийн байдлаар зөвхөн Төрийн банк л ганцхан салбараараа дамжуулан уг зээлийг олгож байгаа юм байна.

Жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх ёстой боловч Төрийн банкны дансанд Хөгжлийн банкнаас одоогоор нэг ч төгрөг хийгээгүй байгаа аж. Төрийн банктай Сангийн яам, Хөгжлийн банк ОССЗ хамтарсан гэрээ байгуулсан бөгөөд төрөөс эх үүсвэр орж иртэл Төрийн банк өөрийнхөө эх үүсвэрээр иргэдэд зээл олгоно гэж заасан байна.. Гэрээнийхээ дагуу Төрийн банк өөрийнхөө эх үүсвэрээр иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг олгож буй агаад нийтдээ 150 орчим иргэн л уг зээлэнд хамрагдсан байна.  Өөрийнхөө мөнгөөр зээл олгож байгаа учраас тус банк нэлээд хатуухан болзол тавьж байгаа бололтой. Тиймээс иргэдэд зургаан хувийн хүүтэй зээл олгохдоо Төрийн банк тодорхой хэмжээний барьцаа хөрөнгө шаардаж байгаа гэдгээ ч тус банкны зээлийн мэргэжилтэн залуу тайлбарласан. Учир нь жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн эрсдэлийг банк өөрөө хариуцаж байгаа болохоор хатуухан шаардлага тавьж, зээл авах гэсэн иргэдийн хүсэлтийг сайтар хянахаас өөр аргагүй байгаа талаар учирласан юм. 

Өөрөөр хэлбэл, зээл авагч нь эрсдэлгүй, орлого нь баталгаатай байх ёстой аж. Бага, дунд орлоготой иргэдийн хувьд барьцаа хөрөнгийн асуудал нэлээд бэрхшээлтэй байгаа гэнэ. Гэсэн ч эрсдэлийг нь банк өрөө хариуцаж байгаа болохоор барьцаа хөрөнгөгүй бол уг зээлэнд хамрагдана гэж горьдолтгүй юм байна.  Жилийн зургаан хувийн зээлд хамрагдах хүсэлтэй барьцаа хөрөнгө муутай иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 70-80 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байгаа орон сууцнаас байраа барьцаалах замаар зээлд хамруулах боломжийг бүрдүүлсэн гэдгээ ОССК-ийн Зээлийн газрын захирал Н.Уламбаяр дуулгасан. Төрийн банкнаас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж буй 4-5 компанийн барилгын гүйцэтгэлийн ажлыг шалгаж байгааг бөгөөд энэхүү судалгаа дууссаны дараа барьцаа хөрөнгөгүй иргэдийг зээлд хамруулах ажлыг эхлүүлэх аж. 

Жилийн зургаан хувийн хүүтэй зээл гарангуут метр квадрат нь 100-200 мянган төгрөгөөр өссөн байрны үнэ сүүлийн үед хямдарч байгаа гэдгийг ч албаны хүн онцолсон.  Бодлогын хүү нэмэгдсэний улмаас арилжааны банкуудын зээлийн хүү өсч үүнээс болж барилгын салбар дахь эрэлт багасч, нийлүүлэлт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн учраас байрны үнэ бага зэрэг унаж байгаа бололтой. Одоогийн байдлаар хөтөлбөрт хамрагдсан барилгын компаниудын орон сууцны үнэ метр квадрат нь 1200000-1400000 төгрөг байгаа гэнэ. Засгийн газар орон сууцны жишиг үнэ 1199000 төгрөг байх боломжтой гэдгийг өнгөрсөн хавар судалгаагаар тогтоосон. Гэхдээ байрны үнийг бууруул гэж төр хүчээр хувийн компаниудын асуудалд хутгалдах боломжгүй гэнэ. Харин хөтөлбөрт хамрагдаж, орон сууцныхаа үнийг бууруулсан компаниудад тодорхой урамшуулал үзүүлэхээ Засгийн газар амлаад байгааг албаны хүмүүс ярьж байна лээ. 

Төрийн банк одоогоор ганцхан салбараар  дамжуулан жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг олгож байгаа гэсэн. Гэхдээ тун удахгүй Сүхбаатарын талбайн урд талд дахин нэг салбар нээх юм байна. Нөгөө талаар иргэд заавал 50 сая төгрөгийн зээл авна гэсэн буруу ойлголттой байгааг тухайн иргэн өрхийн орлогодоо тохирсон л зээл авах ёстой. Тиймээс өрхийн орлогоо зөв тооцохыг ч Төрийн банкны зээлийн мэргэжилтэн зөвлөж байна лээ. Журмын дагуу өрхийн орлогын 45 хүртэлх хувиар сар бүрийн зээл хүүгээ төлөх чадвартай байх ёстой. Тийм учраас иргэд эхлээд барилгын компанитай гэрээ байгуулахаасаа өмнө үүнийг анхаарах хэрэгтэй гэнэ. Үүнээс гадна бас зээл авахаар хүсэлт гаргаж буй иргэдэд ч бас асуудалтай байдаг аж. Байр авч байвал ямар ч хамаагүй гээд л барилгын нэг компанитай гэрээ байгуулж, урьдчилгаагаа төлчихдөг. Гэтэл нөгөө компанийн барьсан байр нь гүйцэтгэл бага, эсвэл иргэний орлого хүрэлцэхгүй банк зээл олгохоос татгалзлаа гэхэд барилгын компаниас мөнгөө буцааж авах хэрэг гардаг бөгөөд үүнээс болж бөөн бухимдал, хэрүүл маргаан үүсдэг аж. Учир нь гэрээнд зааснаар барилгын компани 10-20 хувийн шимтгэл авна гэдэг. Иргэнд ийм хувийн шимтгэл өгөхөд хэцүү болохоор жилийн зургаан хувийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд байр сонгохдоо маш сайн судлахыг ч албаны хүмүүс онцолж байна лээ. Жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн асуудал нэг иймэрхүү л сонинтой байна, одоогоор.

Ж.ЭРХЭС


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж