Хувьцаа эзэмших бичилтийг хийж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Хувьцаа эзэмших бичилтийг хийж эхэлжээ

2008 онд байгуулагдсан Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хүний хөгжил  сангаас иргэн бүрт 1,5 сая төгрөгийг олгохоор болсоны дагуу өнгөрсөн хугацаанд олгосон Эх орны хувь, хишгийн тухай мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар өчигдөр өглөө. Хамгийн сүүлийн мэдээлэл бол Засгийн газрын уржигдрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг худалдах, иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах тухай журмыг баталсан. Энэ журмын дагуу хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргаагүй иргэний хүсэлтийг нөхөж хүлээж авахгүй бөгөөд өмнө нь Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэн шийдвэрээ өөрчлөн хувьцаагаа эзэмшихийг хүсвэл хүсэлтийг нь 2012 оны наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээн авах гэнэ. Одоогоор ийм хүсэлт гаргасан таван мянга орчим иргэн байгаа ажээ.

Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд шийдвэрээ өөрчилж, сургалтын төлбөр болон нэг сая төгрөгөө авах хүсэлт гаргавал 2012 оны наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээн авахаар болжээ. Одоогоор ийм хүсэлт ирүүлсэн нэг мянга орчим иргэн байна. Хэрэв иргэн хүсвэл өмнө нь бэлэн болон бэлэн бусаар хүртсэн хишиг, хувийн мөнгөө буцаан төлөөд, хасагдаж тооцсон хувьцаагаа эзэмшиж болохоор болжээ. Жишээ нь, оюутны сургалтын төлбөр 500 мянган төгрөг, эсвэл 330 мянган төгрөгөө авсан иргэд хувьцаа эзэмших хүсэлтээ гаргавал мөнгөө буцаан төлж, түүнд ногдох хувьцаагаа авч болох ажээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын судалгаагаар хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй болон хувьцааныхаа тодорхой хэсгийг худалдаж, үлдэх хувийг эзэмшихээр болсон нийт нэг сая 238 мянган иргэн байгаа ажээ. Эдгээр иргэний “Хүний хөгжил” сангийн дэвтэрт “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хөрөнгийн дүнг бичиж, баталгаажуулах ажлыг орон даяар эхлүүлсэн байна. Гэвч албаныхны мэдээлж буйгаар эхний ээлжинд “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс баталгаажуулан ирүүлсэн, Хүний хөгжил сангийн 1072 ширхэг  хувьцаагаа /нэг сая төгрөгтэй тэнцэх/  бүтнээр нь эзэмшиж байгаа 750 мянган иргэний дэвтэрт бичилт хийх ажээ. Дараагийн ээлжинд өмнө нь бэлэн бусаар хишиг хувиа хүртсэнээс шалтгаалан 1072-оос бага хувьцаа эзэмшиж буй иргэдийн дэвтэрт бичилт хийж, баталгаажуулах юм. Ийнхүү Хүний хөгжлийн дэвтэрт бичилт хийн баталгаажуулах ажил энэ оныг дуустал үргэлжлэх ажээ. Ийнхүү “Хүний хөгжил сан”-гийнхаа дэвтэрт бичилт хийлгэхийн тулд харьяа сум, хорооны халамжийн, нийгмийн ажилтанд дэвтрээ өгч, өмнө нь бэлэн бусаар хишиг хувиа хүртэж байсан жагсаалттайгаа танилцаж, гарын үсгээ зурж, дэвтрээ эргүүлэн авах юм байна.

“Хүний хөгжил сан”-гаас 2010 онд иргэн бүрт 120 мянга, 2012 оны эхний таван сард 105 мянга, /зургадугаар сард 23 мянга/, нийт 500 мянган төгрөгийн хувь хишгийг сар бүр 21 мянган төгрөг өгөх хэлбэрээр бэлнээр олгожээ. Үлдсэн нэг сая төгрөгийн хишиг, хувийг:

-Оюутнуудад хоёр жилийн сургалтын төлбөр болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх хэлбэрээр нэг сая төгрөгийг олгосон. Өөрөөр хэлбэл, хишиг, хувиа бүрэн хүртжээ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хуваан олгохоор болсон. Үүнээс дөрвөн сард 330 мянган төгрөгийг улсын хэмжээнд бүрэн олгосон байна. Харин дараагийн 670 мянгыг ойрын хугацаанд олгохоор Сангийн яамнаас төлөвлөж байгаа ажээ. Бусад иргэний хувьд өмнө нь бэлэн бусаар хишиг, хувиа хүртсэнээс шалтгаалан (Бэлэн бусаар хүртсэн хувь, хишиг, хувьд ноогдох мөнгийг хувьцаанд шилжүүлж хассан) “Эрдэнэс Тавантолгой МГЛ” ХК-ийн 1072 ширхэг хүртэл хувьцааг эзэмшихээр болсон тухай албаныхан мэдээлэв. 

ААН-ҮҮДЭД ХУВЬЦААГ ДОЛДУГААР САРЫН 1-НЭЭС ӨМНӨ ХУДАЛДАНА

"Эрдэнэс Тавантолгой"-н  хувьцааг худалдан авах хүсэлтэй аж ахуй нэгжүүд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ихээр хандах болсон гэнэ. Тиймээс аж ахуй нэгжүүдэд хувьцааг худалдах хугацааг долдугаар сарын 1-нээр дуусгавар болгох ажээ. Ингэхдээ энэ хугацаанаас өмнө аж ахуй нэгжүүд хувьцаа худалдаж авах төлбөрөө Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн 3603005 тоот дансанд шилжүүлсэн байх ёстой юм байна. Засгийн газрын 116, 154 дугаар тогтоол, УИХ-ын 39 дугаар тогтоол гарсантай холбогдуулан аж ахуй нэгжүүдэд хувьцаа худалдах ажлыг эхлүүлсэн тухай албаныхан мэдээлж байна. Хувьцааг дурын нэгэн аж ахуй нэгжид худалдахгүй ажээ. Тодруулбал, нэгдүгээрт, 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр болон түүнээс өмнө байгуулагдсан аж ахуй нэгж байх ёстой. Хоёрдугаарт, үндэсний аж ахуй нэгж. Гуравдугаарт, татвараа бүрэн төлсөн аж ахуй нэгж байх ёстой гэнэ.


Энэ талаар Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга С.Туулаас тодрууллаа.


-Хувьцаа худалдан авахын тулд үндэсний аж ахуй нэгж байх ёстой гэж зааж байна. Үндэсний гэдгээр ямар шаардлага тавьж байгаа юм бэ?

-Энэ нь улсын болон орон нутгийн оролцоогүй, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нь 25 хувиас хэтрээгүй бол үндэсний аж ахуй нэгж гэж тооцно.

-Засгийн газрын сүүлийн тогтоолоор татвар төлөлтийн шаардлага уян хатан болсон гэсэн?

-УИХ-ын 39 дугаар тогтоолд бол 2010 оны зургадугаар сарын 30 болон өмнө байгуулагдсан  компаниуд хувьцаа худалдан авах эрхтэй болж байгаа юм. Мөн энэ өдрөөс өмнө татвараа бүрэн төлсөн байх ёстой гэснийг заасан байсан. Харин өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар тухайн өдөр компани байгуулагдсан байх ёстой гэдэг шаардлагаа хэвээр үлдээж, харин татвараа түүнээс хойш нөхөн төлбөл хувьцаа худалдаж авах эрхтэй болгож байна. Өөрөөр хэлбэл 2010 оны зургадугаар сарын 30 болон өмнө нь байгуулагдсан компани өнөөдөр ч гэсэн татвараа нөхөн төлж, хувьцаа худалдан авах эрхтэй болж байна гэсэн үг юм.

ИРГЭД ЮУ АСУУВ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ирсэн иргэдийн асуултад албаныхан ийнхүү хариулж байна.

  • Хувьцааны талаарх ойлголт, мэдлэггүйгээсээ болж сонголтоо буруу хийгээд Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлтээ гаргасан бйагаа. Одоо энэ өгсөн өргөдлөө буцааж авах хүсэлтэй байна. Яаж авах уу?

-Та 2012 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс өмнө сум, хорооны нийгмийн ажилтандаа хандан буцаан авч болно.

  • Би хоёр жил дараалан сургалтын төлбөрөө ХХС-аас шилжүүлсэн. Тэгэхээр одоо намайг хувьцаа эзэмшихгүй гээд байх юм. Үнэн үү?

-Тийм, та бүх хувьцаагаа ашиглан  сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн.

  • Би нэгдүгээр курсийн оюутан. Энэ жил ХХС-аас сургалтын төлбөрөө шилжүүлсэн, хувьцаагаа Засгийн газарт зарах хүсэлт гаргаагүй. Одоо надад хэдэн хувьцаа байгаа вэ? 

-491960:933=527 хувьцаа хасагдаад 1072-527=545 хувьцаа эзэмшинэ.

  • Хишиг хувиа огт аваагүй байгаа хүн дараагийн шинэ Засгийн газрын үед авч болох уу?

-Болно.

  • Хүний хөгжил сангийн дэвтэрт эзэмшиж буй хувьцааг нь бичиж, баталгаажууулна гээд байна. Би АТМ-ээс 21,0 мянгаа авахаар карт нээлгэтэл дэвтрийг маань банк авчихсан өгөөгүй. Одоо дэвтрээ банкнаас авъя гэвэл өгөх үү?

-Эзэмшиж буй хувьцааны бичилттэй хийхтэй холбоотой "Хүний хөгжил сан"-гийн дэвтрээ банкууд иргэдэд буцаан олгож байгаа.

  • Манай ах малчин юм. 2011 онд ХХС-аас 8040 төгрөгийг ЭМДШ-д төлсөн. Одоо манай ах хэдэн хувьцаатай юм болоо?

-8040:933=8 хувьцаа хасагдаад 1072-8=1064 хувьцаа эзэмшинэ

  • Шинээр төрсөн болон нас барсан хүнд хишиг хувийн мөнгийг ямар хугацаагаар тооцож өгөх вэ?

-2012 оны 4 сарын 12-оос хойш төрсөн хүүхэд 128,000 төгрөгийн хишиг хувийн мөнгө авах эрх нь үүснэ. 2012 оны 01 сарын 01-ээс хойш нас барсан шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн энэ онд хувиарлагдсан 128,000 төгрөг авах юм.

  • 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш нас барсан хүний 1072 хувьцааг өв залгамжлагчид нь шилжүүлж болох уу?

-Болно.

  • Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж хурууны хээгээ өгсөн, нэр баталгаажаагүй гээд мөнгөө авч чадахгүй байна. 6-р cap дуусаад, сонгууль өнгөрсөний дараа миний мөнгийг өгөх үү?

-Та ахмад настан, болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд олгож байгаа 1,0 сая төгрөг авах өргөдөл гаргах боломжтой

  • 2012 оны 12 дугаар сард 60 нас хүрэх юмаа. Ахмад настанд өгч буй 1,0 сая төгрөгөө авч болох уу?

-Та ахмад настан, болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд олгож байгаа 1,0 сая төгрөг авах өргөдөл гаргах боломжтой.

Үүнээс үзвэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандсан болон иргэдийн дунд хувьцаа, бэлэн мөнгөнийхөө сонголтыг буруу хийсэн учраас буцааж болох уу гэдэг асуулт хамгийн ихээр сэтгэлийг нь зовоож байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж