Салалтын гол шалтгаан санхүүгийн асуудал

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Салалтын гол шалтгаан санхүүгийн асуудал

“Гэр бүл-нийгмийн хөгжил” сэдэвт чуулган өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр гэр бүл судлаач, Гэрлэх ёслолын ордны захирал Х.Оюунчимэгтэй уулзлаа.

-Гэр бүл-нийгмийн хөгжил сэдэвт чуулганыг зохион байгуулах болсон шалтгаан нь юу юм бэ?

-Энэ удаагийн чуулганыг зохион байгуулах шийдвэрийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, судлаачид, эрдэмтийн зөвлөлөөр шийдсэн. Өнөөгийн нийгэм дэхь гэр бүлийн асуудал, үүнээс болж үүсч байгаа нөхцөл энэ чуулганыг зайлшгүй зохион байгуулах, цаашлаад гэр бүлийн асуудлыг төрийн зүгээс бодлогоор дэмжих шаардлага гарч ирсэн. Төрийн зүгээс гэр бүлд тавих хяналт, бодлогын төвшинд шийдэх асуудлуудыг ярилцъя гэсэн үүднээс энэ чуулганыг зохион байгуулж байна. Ер нь бол өмнөх 10 жилийг бодвол өнөөгийн нийгмийн гэр бүлийн бүтэц, харилцаа, хандлагад нэлээн өөрчлөлт орсон байдаг. Дээрээс нь эдийн засгийн байдал гэр бүлд маш ихээр нөлөөлж байна. Зарим нь гадаадад ажиллах, зарим нь уул уурхайн салбарт ажиллах зэрэг асуудлаас болж гэр бүлүүд хоёр өөр газар амьдрах, үүнээс болоод гэр бүл салах зэрэг асуудлууд үүсч эхэлсэн. Гэр бүл салах нь хүүхдэд ямар сөрөг нөлөөтэй болох гээд үүнээс үүдэж гарах асуудал олон бий. Хэдийгээр эдийн засгийн үр өгөөжтэй үед амьдарч байгаа ч хүүхдэд эцэг эхийн хайр, халамж хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хайр, халамжаас хүүхдүүдийн хүмүүжил хамгийн их хамааралтай. Мөн энэ жил Монгол Улсын Засгийн газраас “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бид энэ сэдвийг хөндөж байгаа юм. Тиймээс Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж гэр бүлийн асуудлыг харьяалсан бүтэцтэй болох нь зүйтэй.

-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулсанаар энэ асуудал шийдэгдэнэ гэж үү?

-Төрийн буй байгууллага, судлаачид энэ талаар олон удаа ярьсан шүү дээ. Нийгмийн хөгжлөө дагаад хүмүүсийн сэтгэхүй ч өөрчлөгдөж, зан харилцаа өөрчлөгдөж эхэлсэн. Энэ нь эдийн засгийн байдалтай шууд холбоотой. Амьдрах нөхцөлийг нь харж байхад хүмүүсийн эдийн засгийн боломжоо хангаж чадаж байгаа эсэхээс асуудал эхэлнэ. Тухайлбал, гадаадад ажиллахаар нөхөр нь явна. Хоёр талд амьдарч байгаа хүмүүс хоорондоо маргаж, үл ойлголцолд хүрнэ. Үүнээсээ болоод гэр бүл сална. Үүний үр дүн нь хүүхдэд нөлөөлж эхэлнэ. Төрийн бус байгууллага “гэр бүл болохгүй байна” мянга гэж хашгираад нэмэргүй байгаа. Тиймээс тусгай агентлаг ч гэдэг юм уу, ямар ч гэсэн хариуцсан байгууллагатай болж, гэр бүлийн эдийн засгийн боломжуудыг нь хангавал эргээд иргэнд, гэр бүлд нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь багасч эхлэх юм. Өөрөөр төрийн оролцоотой юу байж болох вэ гэхээр хүүхдүүдийг бүр бага наснаас нь эхлэн гэр бүлийн хүмүүжилд сургах. Ерөнхий боловсролын сургуульд анатоми, эрүүл мэндийн хичээл гэж үзэхээсээ илүү гэр бүлийн хүмүүжил, тухайн хүүхэд нийгэмд гараад ямар үүрэгтэйгээр оролцох, эцэг эхчүүдэд ч мөн хүүхэддээ яаж цаг зав гаргаж, хүмүүжүүлэх зэрэг дээр төрийн бодлого үгүйлэгдээд байна. Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулна гэж байгаа нь энэ удаагийн чуулганы эхний үр дүн юм.

-Гэр бүл гэдэг харилцааны асуудал байх. Тиймээс төрийн зүгээс бодлогоор дэмжихээс гадна иргэд маань өөрсдөө юу хийж чадах вэ?

-Эдийн засгийн боломжгүй хүн аргагүй эрхэнд гадаадад ажиллана. Хэрвээ энд байрны зээл нь бага хүүтэй, ажлын байр нь бэлэн бол гадаад руу тэмүүлэх хүсэлтэй хүн байхгүй болно. Тэгэхээр төрийн зүгээс нэгдсэн, зангидсан бодлого гараад ирэхээр энэ асуудлууд аяндаа өөрөө болчих юм. Иргэний нийгмийн байгууллагууд эрх зүйн акт боловсруулсан ч яг хүндээ хүрэх субект нь биш болоод байгаа юм. Төрийн зүгээс иргэний нийгмийн байгууллагуудтай хамтраад эрх зүйн актуудыг бий болгож ажиллах ёстой юм. Дан ганц төрийн бус байгууллага, иргэд энэ асуудал дээр ажиллаад ажиллаад нэмэр байхгүй, практик дээр  байгааг энэ олон жилийн туршлагууд харуулаад байна.

-Сүүлийн үед гэр бүл болно гэдэг нь материаллаг тал руугаа болсон гэдгийг чуулганд оролцож байгаа хүмүүс онцолж байсан. Салалтын шалтгаан нь юунд байна вэ, бас насны хувьд?

-Өндөр боловсролтой, суурь хүмүүжил сайтай хүмүүсийн гэр бүл хэзээ ч салахгүй. Энэ нь олон жилийн судалгаанаас ч харагдаж байгаа юм. Гол нь амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, нөгөө эдийн засгийн боломжгүй хүмүүс салж байгаа харагддаг. Дээрээс нь тухайн хүний суурь хүмүүжил, боловсрол их чухал байдаг. Тиймээс гэр бүл дотор хүмүүжилтэй гэр бүлийг бий болгохын тулд эцэг эхийг ч мөн сургах хэрэгтэй болж байгаа юм. Хүүхэд ч гэсэн том болоод гэр бүл болдог учраас багаас нь хүмүүжлийг бий болгох хэрэгтэй. Энэ бүх асуудлыг яриад байхаасаа илүү аль шатанд нь юу юу хийх ёстой вэ гэдгийг тодорхойлохын тулд чуулж байна.

-Гэр бүл төлөвлөлт гэж байх ёстой. Залуучуудын гэр бүлийн болох дундаж нас хэд байна вэ?

-Сүүлийн жилүүдэд харьцангуй хожуу гэрлэдэг болсон. Энэ нь эерэг нөлөөтэй. Тухайн хүн буурь сууж, нийгэмдээ өөрийн гэсэн байр суурьтай болсон учраас тэр хүн гэр бүл салах тохиолдлууд нь багасч байгаа юм. 1970-аад онд 21, 1980-аад онд 22, 1990-ээд онд 24 байсан бол одоо 25-27 нас болсон байгаа юм. Мөн айл гэрийн хүмүүжүүлэгч нь эмэгтэй хүн байдаг. Монголчуудын эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр гэсэн судалгаа гарсан. Боловсролтой, чадвартайдаа өрх толгойлсон эмэгтэйчүүд олон болсон. Гол нь гэр бүлийн хүмүүжил гэдэг зүйлийг багаас нь хүүхдүүдэд суулгаж, суралцуулах хэрэгтэй. Энэ мэт олон зүйлийг бид цогцоор нь бодлогын зүгээс нь төр оролцох ёстой юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж