Байгаль хамгаалах хаврын аян өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалах хаврын аян өндөрлөлөө

БОАЖЯ-наас “Дэлхийн ойн өдөр”, “Дэлхийн усны өдөр”, “Дэлхийн цаг уурын өдөр” зэрэг олон улсын тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ыг гурван сарын хугацаанд орон даяар зохион байгуулав. Аяны хүрээнд “Эрүүл аюулгүй орчин” уриан дор “Цэвэр орчин бидний ирээдүй”, “Ногоон байгаль бидний ирээдүй”, “Ус ба хүнсний аюулгүй байдал”, Экологийн хямралыг бууруулахад бидний оролцоо” гэсэн сэдвүүдээр  гуравдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд 26 арга хэмжээ зохион байгуулсан байна.

Төрийн ордонд зохион байгуулсан томоохон чуулга, уулзалтууд:

Аяны хүрээнд Төрийн ордонд 600 гаруй төлөөлөгчийг оролцуулсан Аялал жуулчлалын үндэсний чуулган, ерөнхий боловсролын сургуулийн 1000 хүүхдийг оролцуулсан “Экологийн хямралыг бууруулахад бидний оролцоо” сэдэвт чуулга уулзалт, “Ус ба хүнсний аюулгүй байдал“ уриан дор “Ус-хүний эрх” хэлэлцүүлэг, “Улаанбаатар хотын гэр хорооллын ус ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн шийдэл” чуулган зохион байгууллаа. Чуулга уулзалтад НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Sezin Sinanoglu оролцон мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн “Усгүй урсгал” үзэсгэлэн, “Ус ба хүүхэд” сэдэвт өдөрлөг зохион байгуулж, өдөрлөгт оролцсон хүүхдүүд “Бүгдээрээ аав, ээжээ хайрладаг шиг усаа хайрлацгаая” уриалга гаргалаа.

Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлууд:

Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран хөрсний бохирдлыг бууруулахад “Шинэ дэвшилтэт технологи дамжуулалт”, “Ус ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлууд, “Хараа голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежмент”сэдэвт хэлэлцүүлгүүд зохион байгуулав. 

Уралдаан, үзэсгэлэнгүүд:

“Ус ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт гар зургийн уралдаан, “Усны үнэ цэнэ, экологийн тэнцвэрт байдал, түүнийг хамгаалах нь” сэдэвт эссе нийтлэлийн  уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн 7-11-р ангиудын дунд зарлаж, уралдааны шалгаруулалтыг Монголын хүүхдийн ордонд явуулсан.

Сургалтууд:

“Мод яаж тарих вэ”, “Байгаль орчныг хамгаалахад зэвсэгт хүчний оролцоо” сэдэвт сургалтуудыг Улаанбаатар хот, аймаг орон нутагт нийт 200 гаруй хүн хамруулан зохион байгуулсан. БНСУ-ын Жансон хотод Монгол Улсын газар тариалангийн салбарын мэргэжилтнүүдэд хандсан, тэргүүлэх зэргийн газар тариалангийн технологийн сургалтад Архангай, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Орхон, Говьсүмбэр, Өмнөговь, Төв, Булган,  Дундговь зэрэг 10 аймгийн төлөөлөл бүхий 23 хүн оролцсон. 

Бүх нийтийн цэвэрлэгээ:

Нийтийн хог цэвэрлэх арга хэмжээний хүрээнд БОАЖЯ-ны дэргэдэх Засгийн газрын тусгай сан "Цэвэр агаарын сан"-гийн санхүүжилтээр Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд байгаа эзэнгүй хур хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг БОАЖ-ын сайд дүүргийн Засаг дарга нартай гэрээ байгуулж, үүрэг өглөө. Мөн Усны газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Туул голын сав газрын зөвлөл, Тунгаа төв ТББ, Оюутны холбоо, We love хөдөлгөөн, Солонгосын сайн дурын байгууллага, дүүргүүдийн хот тохижилтын компаниудтай хамтран Туул, Сэлбэ, Дунд голын гольдролын ай савын цэвэрлэгээ тохижилт, бүх нийтийн их цэвэрлэгээг олон нийт болон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Цэвэрлэгээгээр 111 цэгт үүссэн 173 мян.м3 хур хог хаягдлаас 71 цэгийн хогийг бүрэн цэвэрлэж, 121 мян.м3 хог ачсан байна. Үлдсэн 40 цэгийн хогийг зургадугаар сарын 17-нд багтаан цэвэрлэнэ. Аяны хүрээнд таван удаагийн бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж 120 гаруй тонн хог хаягдлыг зайлуулжээ. Үүнээс гадна зуслангийн ногоон бүсэд 30 ширхэг хогийн цэг, 15 нийтийн бие засах газар байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Мод тарих хөдөлгөөн:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүх нийтээр мод тарих зөвлөмжийг бүх аймгийн Засаг дарга  БОАЖГ-уудад хүргүүлэн, мод тарих ажлыг орон даяар зохион байгуулав.  Тарьц суулгацын мэдээг аж ахуйн нэгж тус бүрээр нь үнийн саналын хамт Ойн газрын www.forestry.gov.mn сайтад мэдээлж, 2012 оны лавлагаа гарган иргэдэд тараалаа. Мод тарих  үндэсний өдрийг  угтаж  хүүхэд  залуучуудын дунд  нээлттэй хичээл зохион байгуулж, хүүхэд багачуудад байгаль дэлхийгээ хайрлах зан төлөвшлийг олгох сургалт явууллаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Монгол-Солонгосын "Ногоон хэрэм", МБОИЗ–тэй хамтран “Ойжуулалт-2012”тарьц суулгацыг үзэсгэлэн худалдааг МҮЭСТөвд зохион байгуулж, мод тарих, арчлан ургуулах тухай аргачлал, гарын авлага, зөвлөмжийг  иргэдэд тараалаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-13 тоот тушаалын дагуу, говь, тал, хээрийн тариалангийн бүс нутаг болох Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Говьсүмбэр, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймагт нийт 250 га талбайд тариалангийн талбайг хамгаалах ойн зурвас байгуулхаар  аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан, ажлыг нь эхлүүллээ. Үүнээс гадна ХХААХҮЯ Канад улстай хамтран “Сэлэнгэ аймгийн тариалан эрхлэгчдийн талбайд ойн зурвас байгуулах сургалт хийх” төслийг энэ онд хамтран хэрэгжүүлэхээр болоод байгаа тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж