Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол 2008, 2011 онуудад болсон билээ. Төрийн тахилгат Сүүтэй уул хэмээгдэж байсан Сутай хайрхан уул нь далайн төвшинөөс дээш 4130 метрийн өндөртэй монголын мөнх цаст уулсын нэг.
Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт орших Сутай хайрхан нь сумын төвөөс 55 км-н зайтай. 1957 оны 4 сарын 30нд Ядамын Жанцан ахлагчтай 10 уулчин авирч, монголын уулчдын мөрийг цаст хайрханы өндөрт гаргасан түүхтэй. Ядамын Жанцан нь манай анхдагч уулчдын нэгэн бөгөөд Говь-Алтайн Тонхилын уугуул билээ. Монгол улсын уулын спортын анхны 6 спортын мастерийн нэг Я. Жанцан нь Отгонтэнгэр, Алтай таван богд Сутай хайрхан, тахилгат уулуудад авирсан анхдагчдын нэгэн бөгөөд Польшийн Татр, Германы Дрездений хаданд авирсан монголын уулчдын багыг удирдаж, уулын спортын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж явсан монголын ахмад уулчидын нэгэн.
Говь-Алтайн Тонхил сумын 15 залуус санаа нэгдэн 1981 оны 05 сарын 18-нд хуралдан “Сутай” клуб байгуулж даргаар нь ХЗЭ-н үүрийн дарга Ш.Мөнхбаатарыг сонгосон байдаг. Энэ нь Говь-Алтай амгийн уулын ганцхан клуб юм. Энэ цагаас хойш Тонхилчуудаас уулын спортын 16 мастер төрж олон арван залуус Сутай хайрхан, Алтай таван богд, Мөнххайрхан, Дэглий цагаан, Их богд зэрэг монголынхоо олон мөнх цаст оргилуудад авираад байгаа билээ. Энэ амжилт нь уулын спортын мастер сумын заан С.Галсан, Хүний их эмч спортын мастер С.Даваа, аймгийн олон нийтийн алтай радио телевизийн дарга Г.Чардаг, Хүнс Хөдөө Аж Ахуйн жижиг дунд үйлдвэрлэлийн дарга спортын мастер Ш.Галсандорж, спортын мастер Д.Оюунбат, Х.Нэртэй нарын ахмад уулчдын нөлөө юмаа.
Сутай клубын ажиллагаа улам өргөжин уулын спорт сонирхох залуус олон болж Тонхилын уулчдын хоёр дах үеийн уулчид төрөн гарч байгаа нь уулын спортыг цаашид хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг харуулж байна.
Ийнхүү Алтайн уулчдын амжилтыг улам дээшлүүлж, уулын спортыг цаашид бодлоготойгоор хөгжүүлэх зорилгоор Говь-Алтайн Тонхилын уугуул иргэн уулын спортын анхны мастер Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” хэмээх уулчдын төрийн бус байгууллага байгууллагдаад анхны авиралтаа амжилттай зохион байгуулж, нээлтээ хийлээ. Энэ нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотоос хадан авиралтын ОУХМ Д. Батжаргалаар ахлуулсан “Сутайн бор” клубээс 4, “Эврист” клубын 4, дуу бичлэгийн “Хатандуу” 2, Я, Жанцан агсаны үр хүүхдүүдээс 3 тамирчин, Тонхил сумын уулын авиралтын “Сутайн бор” клубын уулын авиралтын 15 тамирчин тус тус оролцсон. Ийнхүү 2012 оны 06 сарын 8,9 нд Сутай хайрхан ууланд 30 гаруй уулчид оролцсон авиралт боллоо.
Уулын спортын анхны мастерийн нэг Я.Жанцангийн үр хүүхдүүд, ах дүү нарынх нь санаачилгаар байгуулагдсан “Сутайн бор ” клубын нээлтийн ажиллагааны үеэр сумын аварга шалгаруулах волейболын тэмцээн мөн Сутай хайрханд уулчдын авиралт боллоо. Авиралтанд Х.Нямдоо ахлагчтай Тонхилын болон ОҮХМ Д.Батжаргал ахлагчтай спорт авиралтын холбооны баг оролцов. Я.Жанцангийн охин “НачинЗаан” ХХК-н ерөнхий захирал Ж.Туяа, Монгол банкны ерөнхийлөгч асан, доктор А.Батсүх, Гантулга нар тэртээ 1957 онд буюу одоогоос 55 жилийн өмнө аавынхаа авирсан оргилд амжилттай авирлаа.
Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” ТББ-н нээлтийн ёслолд Говь-алтай аймгийн ИТХ-н дарга Ш.Эрдэнэбат,засаг дарга уулын Ш. Амгаланбаяр, Тонхил сумын төр захиргааны байгууллагын удирдлагууд, ахмад тамирчид оролцлоо. Монголын уулчдын холбооны гадаад харилцаа хариуцсан тэргүүлэгч гишүүн ОУХМ С.Заяа, Монголын уулчдын холбооны спорт авиралт хариуцсан тэргүүлэгч гишүүн, спорт авиралтын ерөнхий дасгалжуулагч, ОУХМ Д.Батжаргал нар оролцож баяр хүргэж амжилт хүсэв.
Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” ТББ нь өндөр уулын болон спорт авиралтын гэсэн үндсэн 2 төрлөөр идэвхитэй үйл ажиллагаа эрхэлж эхлээд байгаа юм. Баг тамирчдын бүх зардлыг “ Начинзаан” ХХК-иас ивээн тэтгэсэн бөгөөд зөвхөн тамирчдын багаж хэрэгсэлд зориулж арав гаруй сая төгрөг зарцуулсан байна. Цаашдаа уулын энэхүү спортыг хөгжүүлэхэд томоохон аж ахуйн нэгж байгууллагууд хамтран ажиллахаар болжээ.