Нийслэлийн Засаг даргын санаачлагаар өнгөрсөн жил ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлсэн нь тэдний амьжиргаанд багагүй үр нөлөөтэй ажил болсон. 2012 оныг Засгийн газраас “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил”, Нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоо өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан тус хөтөлбөрийг өргөжүүлэн өнөө жил ажилгүй, орон гэргүй, орцны гэр бүлийн 1050 хүнийг газар тариалан эрхлэх хөтөлбөрт хамруулаад байгаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тарвагатайн аманд 53 га талбайг борнойдон хагалж, нийт талбайн 80 хувьд 105 тонн төмс, 20 хувьд нь 8 нэр төрлийн нарийн ногооны үрийн тариалалт хийгээд байна.
Мөн энэ газарт цас тогтоох, салхинаас хамгаалах зорилгоор ногоон зурвас байгуулж, 500 ширхэг хоёр настай улиас тарьжээ “Ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд 53 га талбайд төмс, 41 хүлэмжинд нарийн ногоо, мод тариалах юм.