Үндэстэн дамнасан гэмт хэрэг хөгжиж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Үндэстэн дамнасан гэмт хэрэг хөгжиж байна гэв

“Үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын тухай Дотоод хэргийн их сургуулиас /ДХИС/ өнөөдөр мэдээлэл хийлээ. Зургадугаар сарын 13-нд болсон тус эрдэм шинжилгээний хуралд дотоодын 70 байгууллагын 140 төлөөлөл, гадаадын таван улсын 10 төлөөлөгч, нийт 150 гаруй хүн оролцсон байна. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд олон улсын арга, туршлагаас судлах, тэдэнтэй хамтран ажиллах, төрийн байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, техник хэрэгслийг хөгжүүлэх стратеги, төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурал зохион байгуулжээ. Энэ талаар ДХИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Үндэстэн дамнасан гэмт хэрэг гэж чухам ямар гэмт үйлдлийг хэлж байгаа вэ?

-Дэлхий дахинд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг өсөн нэмэгдэж, нарийн зохион байгуулалттай, нуугдмал хэлбэрт шилжээд байна. Тодруулбал, мөнгө угаах, хүн худалдаалах, мансууруулах бодис хил давуулан наймаалах зэрэг нийгмийн хор аюул ихтэй гэмт хэргүүд нэг улсын хил хязгаараас халин, улс орон дамжин үйлдэгдэж байна.

-Монгол орны иргэд аль төрлийн хэрэгт холбогдох нь их байна вэ?

-Хар тамхины гэмт хэрэгт холбогдох нь ихэсч байна. БНХАУ-д л гэхэд 26 хүн ял эдэлж байна. Мэдэгдээгүй хэдэн хүн байгааг мэдэх арга алга. Бусад орнуудад ч мөн адил багагүй байна гэдэг албан бус тоонууд байна. Хар тамхи зөөвөрлөх, худалдаалах гэмт хэрэгт БНХАУ-д суралцаж байгаа оюутнууд ямар нэг байдлаар холбогдох нь ихэсч байгаа. Хүүхэд үрчлүүлэх, гадаад улсад суралцах, ажиллах нэрийдлээр хүний наймааны золиос болох нь нууцаар гинжин холбоо үүсгэж, цэцэглэж байна. Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэргээр ял авсан 15 иргэн байна.

-Үндэстэн дамнасан гэмт хэргээр харь оронд ял эдэлж байгаа иргэдийг эх оронд нь шилжүүлэн авчрах боломж хэр байдаг вэ?

-Эрх зүйн хувьд харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байдаг юм. Монгол Улс 26 улстай дээрх гэрээ байгуулсан. Эдгээрээс зарим нь иргэний хуулийн хувьд л харилцан туслалцах гэрээ байгуулсан. Тэгэхээр эрүүгийн хэрэг хийсэн хүнд хамаарахгүй гэсэн үг. Ялтан солилцох гэрээгээр өөрийн улсын хүнээ авах гэхээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй гэсэн шалтгаан саад болдог юм.

-Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Бидний зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурлын үеэр үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг хөндсөн 18 илтгэл хэлэлцсэн. Хууль хэргэжилтийн тухай асуудал ч сул байна. Хар тамхи, хүн худалдаалахтай тэмцэх хөтөлбөрүүд хэрэгждэг. Гэтэл үр дүн огт гардаггүй. Хар тамхи, терроризмтой тэмцэх хууль үнэхээр хэрэгжихгүй байна. Хуульд нэмэлт өөрчлөлт ороод байдаг, гэтэл хэрэгжилт нь сул хэвээр байна. Аливаа асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хэрэгтэй. Бид шинжилгээ, судлагаа хийж өгөх болно. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй олон талт хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ.

-ДХИС энэ асуудалд хэрхэн хамтрах вэ?

-Их сургууль гэдэг нь сургалтаас гадна эрдэм шинжилгээ явуулдаг байх ёстой. Энэ утгаараа манай сургууль эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулсан юм. Хүрээлэн нь дотроо хэд хэдэн төвтэй. Тодруулбал, цагдаа судлал, хэл судлал, гамшгийн эрсдэл судлал, инновацийн төв, шүүхийн шийдвэр буюу хорих ял судалдаг төвүүдтэй. Бид дотоод аюулгүй байдлын чиглэлээр хэд хэдэн судалгаа хийж эхэлсэн. Хамгийн эхэнд манай эрдэм шинжилгээний төв үндэстэн дамнасан гэмт хэргийг судалж, үүний эсрэг тууштай тэмцэхийн тулд эрдэм шинжилгээний олон улсын хурлыг зохион байгуулсан юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж