Айдас ихтэй замыг сонго

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Айдас ихтэй замыг сонго

Өнөөдөр би АЙДАС тухай арай өөр өнцгөөс ярихыг хүслээ. Айдсыг дотор нь 2 хуваадгийг бид  мэднэ.

1. Хэвийн айдас
Үүнд: харанхуй шөнө ганцаар явахаас айх, өндрөөс унах вий гэж айх, балчир насны хүүхэд шовх зүйл барьж яваад, унаад өөрийгөө гэмтээчих вий гэж айх… гэх мэт.

Энэ айдсууд бидэнд байх ёстой ба үүнээс сэрэмжилж, болгоомжилж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

2. Худал айдас – Энэ нь бусад бүх тохиолдолд илэрдэг.
Үүнд: хэн ч намайг хайрлахгүй байна гэж айх, мөрөөдлөө дагаад буруутвал яанаа гэж айх, чадах болов уу гэж айх… гэх мэт.

Энэ худал айдсуудыг үнэхээр үгүйсгэх хэрэгтэй.

Тэгэхээр би цаашид энэ худал айдсын тухай ярих болно гэдгийг анхаараарай.

Бодоод байхад бид жинхэнэ өөрсдийнхөө амьдралаар амьдрахаасаа айдаг мөртлөө амьдарч чадаагүй тохиолдолд бас айдаг. Бид хийх ёстой зүйлээ хийхээсээ айдаг мөртлөө хийгээгүй тохиолдолд мөн ялгаагүй айдаг. Тэгэхээр аль ч тохиолдолд бид их бага хэмжээгээр айдастай учирдаг гэж болно. Тиймээс бид айдас ихтэй замыг сонгох уу, айдас багатай замыг сонгох уу гэдэг дээр сонголт хийх хэрэгтэй.

Бидний өдөр тутмын хийж буй сонголтууд бидний өнөөдрийн амьдрал, амжилт, гэр бүл, найз нөхөд, зовлон бэрхшээл… бүгдийг үүсгэж байдаг. Хэрвээ та өнөөдөр үүсгэсэн амьдралдаа сэтгэл хангалуун биш байвал цоо шинэ сонголтуудыг сонгож эхлэх хэрэгтэй. Ямар сонголт хийхээ мэдэхгүй, эргэлзэж байвал би айдас ихтэй замыг сонгохыг санал болгож байна.

1. Айдас багатай зам

  • Хов жив, цуу үгэнд итгэх
  • Ачааллаас татгалзаж, бууж өгөх
  • Хэрэггүй, ач тусаа өгөхгүй зүйлүүдэд “за” гэж хэлэх
  • Одоо хийж болох ажлыг дараагийн нэг дэх өдөр, дараа сар гэж хойшлуулах
  • Уур бухимдлыг шууд хүлээж авч, хариу уурлах
  • Атаа жөтөө санах
  • Чив чимээгүй өнгөрөх… г.м.

2. Айдас ихтэй зам

  • Хичнээн дургуй байсан ч биеийн тамираар хичээллэх
  • Таныг буруутгасан хүмүүсийг уучлах
  • Айдсыг мэдэрсэн ч гэсэн түүнтэйгээ нүүр учрах
  • Буруу гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйх
  • Амттан идмээр санагдсан ч жимс, ногоо сонгох
  • Дахин санал болгосон хундага архинд “үгүй” гэж хэлэх
  • Айдас төрүүлсэн ажил, зорилго, төлөвлөгөөг үргэлж үүсгэн бий болгож, түүн дээрээ ажиллах…г.м.

Харамсалтай нь ихэнх хүмүүс хүнд хэцүү, айдас ихтэй замаас татгалзаж, хамгийн амархан, өөрт эвтэйхэн, тухтай, айдас багатай замыг сонгодог.

Гэхдээ ихэнх хүмүүс гэдэгт ТА орохгүй ээ! Та бол гайхамшгийг өөрөөсөө хайгч!

Хүн бүрт айдас төрдөг, гайхах хэрэггүй, энэ нь энгийн үзэгдэл. Хэрвээ бид өсч хөгжиж байгаа бол энэхүү айдас үргэлж бидэнтэй хамт байна.

“АЙДАС бол амжилтанд хүргэх ЛУУЖИН.”

Айдас хаана байна бид тэнд байх ёстой. Өөрөөр хэлбэл бид цоо шинэ мэдэхгүй зүйлээ хийж эхлэхэд, цоо шинэ мэдэхгүй газар очиход, шинэ танихгүй хүмүүстэй уулзахад бидэнд үргэлж айдас төрдөг. Бид айдастайгаа учирна, дийлнэ, хөгжинө.

Хэрвээ айдас төрөхгүй эсвэл айдас бага байвал бид бараг зогсонги байна гэж ойлгох хэрэгтэй.

Бидний таньж мэдэхгүй байгаа тэр газар бидний мөрөөдөл байдаг. Тэр мөрөөдлийн гэх газар луу зөвхөн АЙДАС биднийг ХӨТЛӨНӨ. Тэгэхээр бараг айдсандаа БАЯРЛАЛАА гэж хэлэхэд илүүдэхгүй. 🙂

Тиймээс өнөөдрөөс эхэлж айдас ихтэй замыг сонгох зөвшөөрлийг өөртөө өг. Тэгж чадвал бид үхэхдээ хүртэл амаа барих зүйлгүй, яадаг ч л байсан би өөрийнхөөрөө амьдарч чадсан гэж бардам хэлнэ!

http://www.ukatumur.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж