Хувьцаа эзэмшүүлэх бичилт хийж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Хувьцаа эзэмшүүлэх бичилт хийж эхэлжээ

2008 онд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хүний хөгжил  сангаас иргэн бүрт 1,5 сая төгрөг олгохоор тусгасны дагуу өнгөрсөн хугацаанд олгосон эх орны хувь, хишгийн талаарх мэдээллийг өнөөдөр Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас өглөө. Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдах, иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах тухай журмыг баталсан. Энэ дагуу:

  • Хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргаагүй иргэний хүсэлтийг нөхөж хүлээж авахгүй
  • Өмнө нь Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэн шийдвэрээ өөрчлөн хувьцаагаа эзэмших хүсэлтийг нь 2012 оны наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээн авах. Одоогоор ийм хүсэлт гаргасан таван мянга орчим иргэн байгаа ажээ.
  • Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд шийдвэрээ өөрчилж, сургалтын төлбөр хэлбэрээр болон хувьцаагаа авах хүсэлт гаргавал 2012 оны наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээн авахаар болжээ.  Одоогоор ийм хүсэлт ирүүлсэн нэг мянга орчим иргэн байна.
  • Хэрэв иргэн хүсвэл өмнө нь бэлэн бусаар хүртсэн хишиг, хувийн мөнгөө буцаан төлөөд, хасагдаж тооцсон хувьцаагаа эзэмшиж болох аж. Тухайлбал, оюутны сургалтын төлбөр 500 мянган төгрөг, эсвэл 330 мянган төгрөгөө авсан иргэд хувьцаа эзэмших хүсэлтээ гарган, мөнгөө буцаан төлж, түүнд ногдох хувьцаагаа авч болох ажээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын судалгаагаар хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй болон хувьцааныхаа тодорхой хэсгийг худалдаж, үлдэх хувийг эзэмших хүсэлтэй нийт нэг сая 238 мянган иргэн байгаа ажээ. Эдгээр иргэний “Хүний хөгжил” сангийн дэвтэрт “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хөрөнгийн дүнг бичиж, баталгаажуулах ажлыг орон даяар эхлүүлсэн байна. Гэвч албанхыны мэдээлж буйгаар эхний ээлжинд “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс баталгаажуулан ирүүлсэн, хүний хөгжил сангийн 1072 ширхэг  хувьцаагаа /нэг сая төгрөгтэй тэнцэх/  бүтнээр нь эзэмшиж байгаа 750 мянган иргэний дэвтэрт бичилт хийх ажээ. Дараагийн ээлжинд өмнө нь бэлэн бусаар хишиг хувиа хүртсэнээс шалтгаалан 1072-оос бага хувьцаа эзэмшиж  буй иргэдийн дэвтэрт бичилт хийж, баталгаажуулах юм байна. Ийнхүү Хүний хөгжлийн дэвтэрт бичилт хийн баталгаажуулах ажил энэ оныг дуустал үргэлжлэх ажээ.

 “Хүний хөгжил сан”-гийн дэвтэртээ бичилт хийлгэхийн тулд харьяа сум, хорооны нийгмийн ажилтанд дэвтрээ өгч, өмнө нь бэлэн бусаар хишиг хувиа хүртэж байсан жагсаалттайгаа танилцаж, гарын үсгээ зурж, дэвтрээ эргүүлэн авах юм байна.

“Хүний хөгжил сан”-гаас 2010 онд иргэн бүрт 120 мянга, 2012 оны эхний таван сард 105 мянга, /зургадугаар сард 23 мянга/, нийт 500 мянган төгрөгийн хувь хишгийг сар бүр 21 мянган төгрөг өгөх хэлбэрээр бэлнээр олгожээ. Үлдсэн нэг сая төгрөгийн хишиг, хувийг:

  • Оюутнуудад хоёр жилийн сургалтын төлбөр болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх хэлбэрээр нэг сая төгрөгийг олгосон. Өөрөөр хэлбэл, хишиг, хувиа бүрэн хүртжээ.
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хуваан олгохоор болсон. Үүнээс дөрөвдүгээр сард 330 мянган төгрөгийг улсын хэмжээнд бүрэн олгосон байна. Харин үлдсэн 670 мянгыг ойрын хугацаанд олгохоор Сангийн яам төлөвлөжээ.
  • Бусад иргэдийн хувьд өмнө нь бэлэн бусаар хишиг, хувиа хүртсэнээс шалтгаалан (Бэлэн бусаар хүртсэн хувь, хишиг, хувьд ноогдох мөнгийг хувьцаанд шилжүүлж хассан) “Эрдэнэс Тавантолгой МГЛ” ХК-ийн 1072 ширхэг хүртэл хувьцааг эзэмшихээр болсон тухай албаныхан онцолж байна.  
ААН-үүдэд хувьцааг долдугаар сарын 1-нээс өмнө худалдана

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  хувьцааг худалдан авах хүсэлтэй аж ахуй нэгжүүд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ихээр хандах болсон гэнэ. Тиймээс аж ахуй нэгжүүдэд хувьцааг худалдах хугацааг долдугаар сарын 1-нээр дуусгавар болгох ажээ. Үүний тулд аж ахуй нэгжүүд хувьцаа худалдаж авах төлбөрөө Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн 3603005 тоот дансанд шилжүүлсэн байх ёстой юм байна. Засгийн газрын 116, 154 дугаар тогтоол, УИХ-ын 39 дугаар тогтоол гарсантай холбогдуулан аж ахуй нэгжүүдэд хувьцаа худалдах ажлыг эхлүүлсэн тухай албаныхан мэдээлж байна. Хувьцааг дурын нэгэн аж ахуй нэгжид худалдахгүй ажээ. Тодруулбал, нэгдүгээрт, 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр болон түүнээс өмнө байгуулагдсан аж ахуй нэгж байх ёстой. Хоёрдугаарт, үндэсний аж ахуй нэгж. Гуравдугаарт, татвараа бүрэн төлсөн аж ахуй нэгж байх ёстой гэнэ. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татвар хураалтын хэлтсийн дарга С.Туулаас тодрууллаа.

-Хувьцаа худалдан авахын тулд үндэсний аж ахуй нэгж байх ёстой гэж зааж байна.  Үндэсний гэдгээр ямар шаардлага тавьж байгаа юм бэ?

-Энэ нь улсын болон орон нутгийн оролцоогүй, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нь 25 хувиас хэтрээгүй бол үндэсний аж ахуй нэгж гэж тооцно.

-Засгийн газрын сүүлийн тогтоолоор татвар төлөлтийн шаардлага уян хатан болсон гэсэн?

-УИХ-ын 39 дугаар тогтоолд 2010 оны зургадугаар сарын 30 болон түүнээс өмнө байгуулагдсан  компаниуд хувьцаа худалдан авах эрхтэй болж байгаа юм. Мөн энэ өдрөөс өмнө татвараа бүрэн төлсөн байх ёстой гэж заасан байсан. Харин өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар тухайн өдөр компани байгуулагдсан байх ёстой гэдэг шаардлагаа хэвээр үлдээж, харин татвараа түүнээс хойш нөхөн төлбөл хувьцаа худалдаж авах эрхтэй болгож байна. Өөрөөр хэлбэл, 2010 оны зургадугаар сарын 30 болон өмнө нь байгуулагдсан компани өнөөдөр ч гэсэн татвараа нөхөн төлж, хувьцаа худалдан авах эрхтэй болж байна гэсэн үг юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж