“Дисковер Монголиа”-гийн 10 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

“Дисковер Монголиа”-гийн 10 жилийн ой тохиож байна

Олон улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын томоохон чуулга уулзалт “Дисковер Монголиа-2012”-ийг  энэ жил наймдугаар сарын 30, 31-нд зохион байгуулахаар болжээ.  Тус чуулга уулзалтыг өмнө нь уламжлал ёсоор есдүгээр сарын 6-8-нд товлож байсан ч тодорхой шалтгааны улмаас наашлуулсан гэж  “Дисковер Монголиа”-г зохион байгуулах хорооны ажилтнууд мэдэгджээ.

Энэ жил “Дисковер Монголиа” чуулга уулзалтыг зохион байгуулсны 10 жилийн ой тохиож байгаа. Тийм ч учраас нэлээд өргөн хүрээнд болж өнгөрөх бололтой.  Монголын уул уурхайн салбарынхан хэдэн жилийн өмнө өөрсдийгөө гадныханд таниулахыг хичээж  байсан бол өдгөө  дэлхийн уул уурхайн болон банк санхүүгийн томчууд Монголыг хэдийнэ мэддэг болжээ. Энэ нь  “Дисковер Монголиа” чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж ирсний үр дүн гэж хэлж болно.

Өнгөрсөн жил чуулга уулзалтад нийтдээ 20 гаруй улсын  1500 гаруй төлөөлөгчид оролцож байв. Энэ тоо цаашдаа ч өсөх хандлагатай байгаа. “Дисковер Монголиа” нь Азийн нөлөө бүхий хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болж өргөжинө” хэмээн тус чуулганы Зохион байгуулах хорооны гишүүн  Д.Жаргалсайхан онцолжээ.  Зохион байгуулах хороог Монгол улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат хоёр дахь удаагаа удирдах ажээ.

“Дисковер Монголиа-2012”  чуулга уулзалтыг “Прайм Инфо”, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци  зохион байгуулж буй бөгөөд хурлын бүртгэл албан ёсоор эхэлжээ.

Г.Идэр
      

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж