Серена эхний өрсөлдөгчөө яллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Серена эхний өрсөлдөгчөө яллаа

WTA-ын дэлхийн чансааны жагсаалтыг тэргүүлж буй АНУ-ын теннисчин Серена Уильямс Мадридын нээлттэй тэмцээний эхний өрсөлдөгчөө хожиж, гуравдугаар тойргийн тоглолтод өрсөлдөх эрхтэй болсон байна. Тэрбээр дэлхийн чансааны жагсаалтын 43-рт эрэмбэлэгдсэн Вера Душевинатай бараг гурван цаг хагас ширүүн өрсөлдсөний эцэст 6-7; 7-6; 7-6 харьцаатай ялалт байгуулжээ. Дээрх хоёр тамирчин өмнө нь хоёр удаа таарч тоглоход хоёуланд нь Серена орос өрсөлдөгчөө дараалан хоёр сетэд хожиж байсан боловч өчигдрийн тоглолт хэн хэнийх нь хувьд хамгийн урт үргэлжилсэн тулаан байв. Ромын тэмцээнд азгүйтэж, олигтой амжилт гаргаж чадаагүй Серена Мадрид Мастерс тэмцээний дараагийн тойрогт ОХУ-ын Надия Петрова, Анастасия Павлюченкова нарын ялагчтай тоглох юм.
Мөн өчигдөр Италийн Франческа Скьявоне 6-2; 6-1 харьцаагаар Австрийн Сибиле Баммерийг хожсон бөгөөд дараагийн тойрогт Серенагийн эгч Венус Уильямс болон ОХУ-ын Вера Звонарева нарын ялагтай тоглоно. Түүнчлэн дэлхийн чансааны жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Каролина Возняцки 6-4; 6-2-оор Петра Квитоваг, Австралийн Саманта Стосур Аргентиний Жизела Далког 7-6; 7-5 харьцаатай хожсон байна.
4,5 сая ам.долларын шагналын сантай Мадрид Мастерс тэмцээн энэ сарын 16-нд өндөрлөнө.
С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж