“Евро-2012”-т ихээхэн найдлага тавьж буй ОХУ-ын шигшээ баг хөгжөөн дэмжигчдээсээ болж, хүнд шийтгэл хүлээжээ. Учир нь өнгөрөгч бямба гаригт ОХУ-ын фанатууд Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах албаны ажилтанд гарч хүрч, танхайрсан тул UEFA-гаас тус улсын шигшээ багт шийтгэл хүлээлгэхээр шийдвэрлэжээ. Ингээд тус улсын хөлбөмбөгийн холбоонд 120 мянган еврогийн мөнгөн торгууль ногдуулснаас гадна хөгжөөн дэмжигчид дахин зүй бус үйлдэл гаргавал Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатнаас зургаан оноо хасах сануулга өгсөн байна. Энэ нь 2016 оны тэмцээнд хамаатай хэдий ч сонгон шалгаруулалтад зургаан оноо алдана гэдэг том шийтгэл билээ. Гэхдээ тэд гурав хоногийн дотор давж заалдах боломжтой гэнэ.
ОХУ-ын хөгжөөн дэмжигчид тэмцээний нээлтийн өдөр Чехийн багийг 4:1 харьцаатай хожсоны дараа ийнхүү танхайрсан юм. Мөн мягмар гаригийн шөнө Польш болон ОХУ-ын багийн хөгжөөн дэмжигчид үймээн дэгдээсэн хэргийг UEFA шалгахаар болсон байна. Гэхдээ энэ удаад үймээнийг эхлүүлсэн талбайн эзэн Польшийн багт шийтгэл хүлээлгэх биз ээ.
Т.МАША