
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Сирийн асуудлаар Кремлийн байр суурийг илэрхийлэхдээ “Москва хүч хэрэглэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. Хятад ч мөн Ассадыг огцруулахыг эсэргүүцсэн байр сууриндаа хатуу зогсч байгаа аж. Сергей Лавров Их Британийн Гадаад хэргийн төрийн нарийн бичгийн дарга Уилльям Гаагтай Афганистанд уулзахын өмнө НҮБ-ын мандаттайгаар Сирид энхийг сахиулах ажиллагаа явуулах Кофи Аннаны төлөвлөгөөг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн юм. НАТО-ийн үл ойшоодог, зөрчдөг НҮБ-ын шийдвэрийг хүлээн авч, Ливид болсон цуст ажиллагаа дахин Сирид давтагдахыг ОХУ зөвшөөрөхгүй гэж Сергей Лавров өчигдөр мэдэгдсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр Тегеранд айлчлахдаа “Америкчууд Сирийн босогчдод зэвсэг нийлүүлж байна” хэмээн мэдэгдсэнийг тус улсын мэдээллийн гол хэрэгслүүд өлгөн авснаас болж ОХУ, АНУ хооронд дипломат хэрүүл дэгдсэн аж. Сергей Лавров сүүлд “АНУ-аас Сирийн бүс нутаг руу нийлүүлж буй зэвсгийн тухай ярьсан” хэмээн залруулсан аж. Дээрх мэдэгдлийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон "АНУ Сирийн босогчдод зэвсэг нийлүүлээгүй” хэмээн хатуу мэдэгдсэн байна. Үүний өмнө АНУ Кремлийн эрх баригчдыг Дамаскийн цэргийнхэнд байлдааны нисдэг тэрэг нийлүүлсэн хэмээн буруутгасан юм. АНУ, ОХУ зөвхөн Сирийн асуудлаар ч санал зөрөлдөж байгаа биш, сүүлийн жилүүдэд дипломат харилцаагаа сайжруулах гэсэн оролдлого болгон бүтэлгүйтэж буйг Хиллари Клинтон онцолсон гэнэ.