Москвагийн гоо үзэсгэлэн Наталья Водянова

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Москвагийн гоо үзэсгэлэн Наталья Водянова

 Наталья Водянова бол Оросын супер модель, дизайнер Том Фордын хэлснээр “дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй” юм.

27
настай Наталья Британийн үл хөдлөх хөрөнгийн өв залгамжлагчтай гэрлэсэн
бөгөөд гурван хүүхдийн эх болжээ. Барууны загварын ертөнцөд түүнийг
“Супернова ” хэмээн хочилдог ажээ.

Тэрбээр  CNN -д хүнд хэцүү өссөн бага насныхаа амьдралын талаар, Москва хотын талаар ярилцлага өгсөн байна.

-Та Москваг яаж дүрслэх вэ?

-Эсрэг
тэсрэг, эрс ялгаатай зүйлээр дүүрэн хот л доо. Нэг талаараа маш энгийн,
тайван, оршин тогтносон соёл уламжлалтай боловч нөгөө талаар сэтгэл
хөдлөл, галзуурлын тэсрэлт, хувь хүн байхыг чин сэтгэлээсээ хүсдэг,
Москвал амьдардагтаа бахархдаг залуу хүмүүсийн бас урлагийн хот гэж
болно. Москва надад үнэхээр урам зориг өгч, онгод оруулдаг. Москвагийн
бүх зүйлд би дуртай.

-Хэрэв боломж олдвол та Москвагийн юуг өөрчлөх байсан бол?

-Яг
одоо олны санааг зовоож байгаа зүйлийг л өөрчлөх байсан даа. Оросын
Засгийн газар хуучны барилгуудыг сэргээн засварлахыг хүсдэг. Надад энэ
бүхэн нь жаахан харамсалтай санагддаг л даа. Учир нь баруунд бол хуучин
байшин барилгаа сэтгээн засварлах тал дээр арай өөр бодолтой байдаг.
Аль болох хуучны хөндөгдөөгүй байдлаар нь хадгалахыг хүсдэг.

-Москвагийн загварын талаар таны бодол?

-Москвад
та жинсэн өмдөн дээр өндөр өсгийтэй гутал богинохон зузаан хүрэм өмссөн
олон охид бүсгүйчүүдийг харж болно шүү. Үнэхээр инээдтэй.

-Бага насныхаа тухай яриач?

-Би
Нижний Новгород хотноо ядуу гэр бүлд төрсөн. Харамсалтай нь эцэг маань
намайг бага байхад ээжээс минь салсан. Тиймээс ээж минь гурван жаахан
охинтой ганц бие үлдсэн дээ. Хэдийгээр хүнд хэцүү цаг үеийг туулж
байсан ч бид шантраагүй улам шургуу ажиллаж бие биенийхээ төлөө
зүтгэдэг байсан. Би ээждээ туслахын тулд гудамжинд жимс ногоо зардаг
байлаа. Миний ээж үнэхээр гайхалтай хүн шүү. Хэзээ ч архи, тамхи
хэрэглэж байгаагүй, бидний төлөө л амьдралаа зориулсан. Миний төлөө
хийсэн бүхэнд нь, намайг ингэж өсгөж хүмүүжүүлсэнд нь ээждээ би
талархаж явдаг.

-Гэр бүл гэдэг таньд эрхэм зүйл үү?

-Миний бодлоор гэр бүлээ хамгаалах, тэдэндээ бүхнээ зориулна гэдэг чухал зүйл. Амьдралд хүрч болох хамгийн чухал амжилт.

-Таны загвар өмсөгчийн амьдрал хэзээнээс эхлэв дээ?

-Би
анх 17-хон настайдаа Парисийг зорьж байлаа. Хоёр жилийн хугацаанд миний
амжилт бага багаар ахиж байсан нь их азтай хэрэг л дээ. Надад үнэхээр
ажил сайн олддог байсан ч од болоход тийм амар байгаагүй ээ. Үнэндээ
манай агентлаг намайг хэзээ ч томоохон шоунд оролцохгүй байж магадгүй
хэмээн боддог байсан. Яагаад гэвэл би тийм ч өндөр биш, бас тэдний
хүсэж байсанчлан тийм туранхай биш байлаа. Харин 19 настайдаа анхны
хүүгээ төрүүлээд их турсан. Магадгүй би их ядарч, ачаалалтай байсан
байх . Тэгээд л шүдэнз шиг нарийхан болсон доо. Лукас хүү минь төрсний
дараа л миний загварын карьер эхэлсэн гэж болно. Би  олон ч шоуны
нээлтийг хийж эхэлсэн. Яг л одууд олонд танигдаж эхэлдэг тэр газар шүү
дээ.

-Та загвар өмсөгч болоогүй бол таны амьдрал ямар байх байсан бол?

-Хэрвээ
Парис яваагүй бол миний амьдрал ямар байх байсан талаар хэлэхэд хэцүү л
юм. Хүмүүс намайг нэг их өөрчлөгдөөгүй л гэдэг. Гэхдээ энэ бол худлаа
гэж би боддог. Би их аз жаргалтай хүн л дээ. Бага байхдаа ч аз
жаргалтай байсан юм байна гэж боддог. Үнэндээ тэр үед миний нуруун дээр
их ачаа байсан л даа. Гэр бүл, хүмүүсийн бодол санаа гээд л. Би тийм ч
сайн сурдаг байгаагүй. Сургуульд сурдаггүй ч үе байсан. Энгийн
амьдралаар амьдраагүй гэж болно. Гэхдээ би өнөөдөр амжилтад хүрсэн
болохоор энэ бүхэн одоо хамаагүй ээ. Бага нас нь аз жаргалаар дүүрэн
өнгөрсөн олон охидтой харьцуулахад би их юм үзэж, олон зүйл сурсан учир
ердөө ч харамсалтай санагддаггүй.

-Та хүүхдийн буяны байгууллагыг хариуцаж эхэлсэн. Энэ талаараа яриач?

-Би
өөрийн сангаа 2005 оноос эхлэн ажиллуулсан. 2004 онд Беслан хотноо
сургуулийг барьцаалж, барьцааны 339 хүүхэд амиа алддаг эмгэнэлт явдлын
дараа л даа. Тэр үед би Москвад байсан юм. Энэ явдал намайг үнэхээр
цочирдуулж байсан. Тэгээд  л би Нью Йорк руу буцаг очоод мөнгө босгох
ажлыг зохион байгуулж эхэлсэн дээ. Эхний  үед 350 мянган ам.доллар
олоод Беслан хотод болсон эмгэнэлт явдлаас амьд үлдсэн хүүхдүүдэд
зориулж хүүхдийн толоомын талбай барьсан. Тоглоом тоглоно гэдэг
хүүхдүүдийн хувьд хүүхэд насаа мэдэрч, болсон явдлыг түрхэн зуур ,
тавхан минут ч гэсэн мартахад туслана шүү дээ. Харин дараа нь Оросын
бүх хүүхэд л ийм тоглоомын талбайтай болог гэж бодсон. Одоогийн
байдлаар бид нар Оросын хотуудаар 23 хүүхдийн талбай барьсан. Энэ жил
нэмж 15-ыг  барина. Цаашдаа ч өшөө олныг барихаар төлөвлөж байгаа. Би
багадаа Оросод 500 тоглоомын цэцэрлэгт хүрээлэн барина хэмээн мөрөөддөг
байсан. Нэг хүрээлэн барихад л 300 мянган ам.доллар шаардлагатай
болдог. Тэгэхээр их том бас үнэтэй мөрөөдөл байгаа биз.

-Одоо танай архины (водка) талаар ярих уу?

-Манай
архи эргэлзээгүй хамгийн сайн нь шүү. Маш цэвэр, уухад сайхан, Орос
хоолнуудтайгаа хамт хэрэглэхэд янзтай. Ерөнхийдөө би Оросоос өөр газар
архи уудаггүй. Харин нутагтаа очсон бол надад хоол идэхдээ дарс
захиалах шаардлага байхгүй.

-Та өөрийн “Супернова” гэсэн хочны талаар юу гэж боддог вэ?

-Тоодоггүй юм даа. Хэрвээ чамайг хочилж, нэр өгч байвал энэ нэг их муу хэрэг бишээ.

-Москва хотыг таван үгээр дүрсэлж хэлээч?

-Нууцлаг, сэтгэл хөдлөм, галзуу, урлагийн, сүсэг бишрэлийн гэж л хэлнэ дээ.

 2009 оны 5 сарын 26

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж