Малчдад чиглэсэн төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Малчдад чиглэсэн төсөл хэрэгжүүлнэ

Азийн хөгжлийн банк болон Ядуурлыг бууруулах Японы сан “Уур амьсгалд зохицсон хөдөөгийн амьжиргаа” төслийг хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Сангийн сайд Д.Хаянхярваа, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберт Шоэллхаммер, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нар өчигдөр гарын үсэг зурсан байна. Ёслолын ажиллагаанд Япон Улсын Засгийн газрыг төлөөлж, Монгол дахь Япон Улсын элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Хиромичи Мияашита оролцжээ.

Уг төслийг энэ жилээс эхлэн Баянхонгор аймгийн Бууцагаан, Заг, Хүрээмарал сумдад хэрэгжүүлэх бөгөөд ХХААХҮЯ болон Азийн хөгжлийн банкны 2011 онд хийсэн ажлын хэсгийн тооцоо, судалгаан дээр үндэслэсэн байна. 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжих төслийн зорилгыг дээрх гурван сумд бэлчээрийн менежмент, уст цэгийн менежмент, малын өвс, тэжээл болон өвөлжөөний бэлтгэлийг сайжруулах замаар малчдын тогтвортой амьжиргааг бий болгох учиртай талаар Сангийн яамнаас мэдээлж байна.

Монгол Улс 1991 онд Азийн хөгжлийн банкны гишүүн болсноос хойш нийгэм, эдийн засаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллаж, олон тооны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн аж. Мөн Япон Улсын Засгийн газраас Ядуурлыг бууруулах Японы сангийн шугамаар Азийн хөгжлийн банктай хамтран Монгол Улсад 2011 оны эцсийн байдлаар нийт 26,3 сая ам.долларын хөрөнгө бүхий 12 төслийг хэрэгжүүлсэн гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж