“Хатан Туул” хөтөлбөрийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

“Хатан Туул” хөтөлбөрийг баталлаа

Туул голын сав газарт “Хатан Туул” хөтөлбөрийг 2012-2016, 2017-2020 он гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болж, хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Туул голын эх, голд цутгаж байгаа гол, горхийг хамгаалах ажил хийнэ. Тухайлбал Туул голд далан барьж урсацын тохируулга хийх юм. Мөн Туул голын сав газрын энгийн хамгаалалтын болон Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдсэн мужийн заагийг тогтоох бөгөөд шаардлагатай гэж үзвэл орон нутаг, улсын тусгай хамгаалалтад авахаар хөтөлбөрт тусгажээ.

Түүнчлэн хотын болон Туул гол сав газарт ажиллаж байгаа бүх цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийн, бохир усны цэвэрлэгээг стандартын шаардлагад бүрэн нийцүүлнэ. Туул голын савд элс, хайрга зэрэг ашигт малтмал хайх, олборлохыг бүрэн зогсоож, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хийж дуусгахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ. Мөн зарим ажлыг олон улсын байгууллагын зээл, тусламж, хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлэх юм байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж