”Шидэт бирд”-үүдийг энд ганц хонуулчих юмсан

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

”Шидэт бирд”-үүдийг энд ганц хонуулчих юмсан

Түлэнхийн төв эмнэлгийн 1954 онд ашиглалтад орсон барилга шалнаасаа мөөгөнцөр, хөгцөд идүүлэн дээврээсээ нурж эхэлсэн, МХЕГ газраас  “Энэ барилга дотор үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэж хоёр ч удаа акт гаргасан билээ. Иймээс өнгөрсөн долоо хоногт Түлэнхийн төв эмнэлэг ГССҮТ эмнэлгийн Тархи нуруу нугасны тасаг руу “шилжжээ”. Уг нь Түлэнхийн төвийн суурин дээр долоон давхар 200 ортой, түлэгдэлтийг төгс эмчлэх олон улсын стандартад нийцсэн эмнэлэг барихаар төлөвлөсөн. Гэвч яг өнөөдөр бол угаасаа ч аль аль нь ачааллаа ихтэй байдаг асан ГССҮТ болон Түлэнхийн төв эмнэлгүүд нэг байранд “нэгдэн” байдал бүр ч хүнд болоод байна.

ГССҮТ эмнэлэг дотрох нүүдэл

Байргүй болсон Түлэнхийн төв эмнэлэг ГССҮТ эмнэлэгт шилжин, нэрээ ч сольж, “статус”-аа ч “жижиглэн” “Түлэнхий, нөхөн сэргээлтийн тасаг”  болжээ. Түлэнхийн төв эмнэлгийн ГССҮТ эмнэлэгт “шингээх”-ийн тулд Тархи нуруу нугасны тасгийн 80 ортой өрөөг суллаж, нэгдсэн мэс заслын жижиг хагалгаа хийдэг байсан тасгаа татан буулгаж, оронд нь тархины тасгийг оруулан, Хүүхдийн тархи нуруу нугасны гэмтэл ба эмгэгийг Хүүхдийн тасагтай нэгтгэх замаар “зай” гаргажээ. ГССҮТ эмнэлэгт өдөрт дунджаар 50 гаруй хагалгаа хийдэг мөртлөө Түлэнхийн төвийг багтаахын тулд жижиг мэс заслын тасгаа татан буулгасан нь аргаа барсных л болов уу.

Халдвар хамгаалалтын дэглэм алдагдах эрсдэлтэй

Түлэнхий, нөхөн сэргээлтийн тасагт өдөрт 30-40 хүн амбулатороор үзлэг, эмчилгээ хийлгэж, шинээр 3-4 хүн тогтмол хэвтэн эмчлүүлдэг юм байна. ГССҮТ эмнэлгийн  Түлэнхий, нөхөн сэргээлтийн тасгийн эрхлэгч Б.Бат-Оргилоос цөөн асуултад хариулт авлаа.

-Хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ? Ачаалал хэр их байна?

-Манай эмнэлэг энэ сарын 3-8-нд ГССҮТ эмнэлэгт шилжин ирсэн. Өнөөдрийн байдлаар 86 хэвтэн эмчлүүлэгсэдтэй байна. Манай тасаг зай багатай 18 өрөөтэй. Нэг өрөөнд 12-14 өвчтөнтэй, ачаалаа дийлэхгүй ажиллаж байна. Норм ёсоор бол нэг өрөөнд 2-3 хүн хэвтэн эмчлүүлэх ёстой юм.

-Ачаалал ихэссэнээс  ямар хүндрэлүүд гарах вэ?

-Манайх ГССҮТ эмнэлэгт шилжин ирснээр энэ эмнэлэгийн ачаалал хэтэрхий ихэсч байна. Урьд нь ГССҮТ-ийн аль ч тасагт зургаан өвчтөн хэвтэн эмчлүүлдэг бол одоо найм болчихоод байна. Ийм нөхцөлд эмнэлгийн халдвар, хамгаалалтын дэглэм алдагдах нь тодорхой. Гэхдээ өөр арга алга.

-Нүүж ирснээр нөхцөл байдал бүр дордсон гэсэн үг үү?

-Түлэнхийн төв эмнэлгийн тааз нь нураад, хана хагараад, мөөгөнцөртөж, дусаал дусаад үнэндээ хүнд нөхцөлд ажиллаж байсан. ГССҮТ эмнэлэгт шилжин ирснээр эдгээр хүндрэлүүд багассан ч ор хүрэлцэхгүй бас хэцүү л байна.
 
-Шинэ эмнэлэг хэзээ баригдаж дуусах вэ?

-Ёстой мэдэхгүй. Концессийн хуулиар баригдаж байгаа гэсэн. Шинэ эмнэлгийг барихад дор хаяж  хоёр жилийн хугацаа шаарлагатай гэсэн.

Амьдралын төвшин доогуур айлын хүүхдүүд илүү өртөмтгий байдаг

Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 60 хувь нь 0-16 насны хүүхэд, тэдний 90 хувь нь 0-5 насны хүүхэд эзэлдэг байна. Даарахын эрхэнд гал руу гараа ээж, өлссөндөө халуун саваа татан шалзарсан бяцхан үрсийг хараад өөрийн эрхгүй өр эмтрэм.  Халуун цайнд гуяа түлсэн охиноо сахин эмчлүүлж байгаа нэгэн эмэгтэй “Бид хоёр хэвтээд удаж байгаа. Түлэнхийн төвийг нүүхэд нь хамт ирсэн. Түлэнхийн төвд өмхий үнэр үнэртээд, даараад үнэхээр хэцүү байсан. Энд арвуулаа  нэг умгар өрөөнд байгаа учир тохь тух муутай байна. Гэхдээ эмчилгээ, үйлчилгээ нь хэвийн байна” гэж байлаа. Угаасаа ч олны нэрлэж заншсанаар Гэмтлийн эмнэлэг ачаалал ихтэй байсныг ч хэлэх үү, Түлэнхийн төвийнхөн нүүж ирснээр энд байдал бүр ч хэцүүдээд байгаа аж. Түлэнхий, нөхөн сэргээлтийн тасгаар шагайхад л өвчиндөө шаналан орилох хүүхдийн дуу, түлэгдэж, шархадсан хөлөө “гозойлгосон”  эрийн тэргэнцрийн хяхтнах чимээ “Манай дүүг дуудаад өгөөч, энэ эмийг хүргээд өгөөч, утсаа ав гээд хэлээд өгөөч” гэх ар гэрийнхний гуйлт зэрэгцэн тэр гэхийн тэмдэг алга. Хэцүүхэн юм даа гэж халагламаар.

Түлэнхийн төв эмнэлэгт 1977 оноос тасралтгүй ажиллаж буй их эмч Л.Тулгаа “Өдий олон жил ажиллахдаа нэг ч удаа дарга, сайдын хүүхэд, ах дүүсийг эмчилж байсангүй. Бүр багийн даргын үр хүүхэд ч хөлдөж, түлэгдлээ гэж эмчлүүлээгүй. Амьдралын төвшин өндөртэй айлуудын хүүхэд ямар нэг осолд өртөх нь бага байдаг юм” гэж байсан. Орлого багатай, хүүхэддээ тавих хараа хяналт нь султай  айлын хүүхдүүд түлэгдэх, хөлдөх, гэмтэж бэртэх нь элбэг байдаг гэнэ. Магадгүй Түлэнхийн эмнэлэг ийм хүндхэн байдалд байгааг улстөрчид бүү хэл, салбарын яамныхан ч сайн мэдэхгүй байж болох л юм.

Муу ёрлож байгаа юм биш. УИХ-н сонгуульд нэр дэвшин, хүссэн бүхнийг тань биелүүлж өгнө хэмээн “том том бүлтрээд” байгаа “шидэт бирдүүд”-ийг энд ганцхан хонуулчих юмсан. Магадгүй хоёр жилийн дараа баригдаж дуусна гээд байгаа “мөрөөдлийн” эмнэлгийг нэг жилийн дотор бариулчих ч юм билүү.

Долоон давхар эмнэлгийн сураг…

Олон жилийн өмнөөс л олон давхар шинэ эмнэлгийн зураг төсөл гаргаж байна, зурж байна, будаж байна гэж горьдоосоор, хүлээлгэсээр… Харин саяхан долоон  давхар шинэ эмнэлгийн барилгын зураг төслийг баталсан гэнэ. Шинээр баригдах эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн, түлэгдэлтийг бүрэн эмчлэх 200 ортой байх аж. Эмнэлэг нь хүүхдийн, насанд хүрэгчдийн тасгууд, төрөл бүрийн гэмтлийн дараа арьс нөхөн сэргээх, ясны идээт үрэвслүүд, хүндрэлийг эмчлэх тасгуудтай байх гэнэ.  Мөн онцгой байдлын үед ашиглах 25, Баянзүрх дүүргийн иргэдийг хүлээн авах ясны төрөл бүрийн гэмтлийг эмчлэх 50 ортой тасгуудыг төлөвлөсөн байна.

Гэтэл шинэ эмнэлгийг барихад шаардагдах 15 тэрбум төгрөгийн санжүүжилтийг зураг төсөл нь гүйцэт бус гэсэн үндэслэлээр Сангийн яамнаас буцаасан байх юм. Тиймээс энэ асуудлыг ЭМЯ-аар дамжуулан хөөцөлдөж байгаа гэнэ. Үнэн хэрэгтээ “мөрөөдлийн” эмнэлэг барих мөнгө нь бүү хэл Түлэнхийн төв эмнэлгийн хуучин барилгыг нураахад шаардагдах 246 сая төгрөг олдохгүй байгаа гэнэ. Иймээс зориулалтын тоног төхөөрөмжтэй байгууллагуудыг буян болж, балгасыг буулгаж өгөхийг хүсч байгаа ажээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж