Хаврын тариалалт дуусчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Хаврын тариалалт дуусчээ

Өнгөрсөн тавдугаар сарын 8-наас эхэлсэн тариалалтын ажил ямархуу хувьтай байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Г.Одонхүүгээс тодрууллаа.

-Тариалалтын ажил дууссан уу. Монгол Улс хичнээн мянган га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо тариалсан бэ?

-Тариалалтын ажил бараг дуусч байгаа. Улаанбуудайн болон төмсний тариалалт аль хэдийнэ дууссан. Хүнсний ногооны тариалалт энэ долоо хоногийн сүүл гэхэд бараг дуусчих байх. Монгол Улс нийтдээ 304,6 мянган га талбайд улаанбуудай тариалсан. Төмс 15 мянган га-д, хүнсний ногоо найман мянган га-д, мөн 18 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалаад байна.

-Энэ жил урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй сэрүүхэн байгаа. Зарим нутагт ган болж байна гэсэн яриа бий. Газар тариалангийн бүс нутгуудад цаг агаар ямар байна. Бороо хур хэр орж байна?

-Одоохондоо газар дэлхий нэг айхтар хуурайшаад ган болчихсон юм алга. Бороо хур мэр сэр орж байна. Цаашдаа ч цаг агаар ургацад сөргөөр нөлөөлөхгүй гэж бодож байна.

-Ер нь энэ зун цаг агаар хэр байх нь вэ гэсэн урьдчилсан мэдээлэл авсан уу. Цаг агаарын урьдчилсан таамаглалаар газар тариалангийн бүс нутгуудад ямархуу зун болох шинжтэй байна?

-Цаг агаарын мэдээг байнга харж, судалдаг. Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээг харж байхад олон жилийн дунджийн хэмжээнд хур тунадастай байх төлөвтэй байна лээ. Төвийн бүсээр бага зэрэг халах магадлал өндөр байна. Гэхдээ ургацад нэг нөлөөлөхгүй байх.

-Ирэх намар хичнээн мянган тонн ургац хураан авахаар төлөвлөөд байгаа вэ?

– Салбарын яамнаас гаргасан урьдчилсан тооцоогоор ирэх намар 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авч, 330 мянган га-д чанар сайтай уринш боловсруулахыг төлөвлөгөөтэй байгаа.

-Хаврын тариалалтын үеэр үр болон шатахууныг урьдчилгаатай зээлээр олгосон гэсэн. Үлдсэн мөнгийг нь хэзээ авах вэ?

-Хаврын тариалалтад дутагдах үрийг 40 хувийн, эхний ээлжийн тариалалтад шаардагдах шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр тариаланчдад олгосон. Өмнө нь тариалалтад шаардагдах шатахууныг 30 хувийн урьдчилгаа зээлээр олгодог байсан юм.  Энэ жилээс тариаланчдын санхүүгийн байдал харьцангуй сайжирсан үүднээс урьдчилгааг нь өсгөсөн байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, БНХАУ-ын зээлээр өндөр хүчин чадалтай 80 гаруй трактор, комбайн, бага оврын 8400 гаруй тракторын иж бүрдлийг нийлүүлсэн. Өнгөрсөн жилийн зун нэлээд халсан ч гэлээ монголчууд ургац арвин хураасан.

-Хятадад 100 мянган тонн улаанбуудай экспортлох ажил яагаад удаашралтай байгаа юм бэ. Хятадууд манай улаанбуудайн чанарт эргэлзээд байгаа юм уу?

-Манай улаанбуудайн чанар дээд зэргийнг гэдгийг хятадууд хүлээн зөвшөөрдөг. Байгалийн цэвэр экологийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа Хятад улс Монголоос үр тариа худалдан авах саналаа ирүүлж хоёр улсын Засгийн газар хооронд гэрээ байгуулсан.  Улаанбуудай экспортлох ажил яагаад удаашралтай байна вэ гэхээр дэлхийн зах зээлд буудайн ханш уначихаад байгаа. Тиймээс өсөхийг нь хүлээзнэж байна. Дэлхийн зах зээлд ханш нь уначихсан байхад буудайгаа зарна гэвэл хямдхан үнээр л өгнө шүү дээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж