Ц.Мөнхбаяр нарыг шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр нарыг шүүх хурал болно

Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 09.30 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүх танхимд болно. Зургадугаар сарын 7-нд болохоор товлогдоод байсан шүүх хурал шүүдэгчийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хойшилсон юм. “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Төмөрбаатар нь шүүх хурал болохын өмнөх өдөр буюу тавдугаар сарын 16-нд хэвлий тус газраа хутгалуулж, яаралтай мэс засал хийлгэсний улмаас шүүх хурал саатаж байсан юм. Хоёр дахиа зургадугаар сарын 7-нд болох байсан шүүх хурал н.Төмөрбаатар дахин мэс засал хийлгэсэн гэх шалтгаанаар хойшилсноор ийнхүү өнөөдөр болох гэж байна.

Тэднийг 2009 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Пураам”, “Сентерра гоулд” компанийн  техник руу олон удаа буудсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн  153.2 дугаар зүйлд зааснаар буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Хэргийн анхан шатны шүүх хурал 2011 оны дөрөвдүгээр сарын 16-нд болсон ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан билээ.

Хэрвээ тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол албадан ажил хийлгэх, торгох, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох хуулийн заалттай ажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж