Эрдэнээр өндөглөх тахиа

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Эрдэнээр өндөглөх тахиа

Иргэдийн хувьд сонгуулиас өөр нэг сонирхолтой сэдэв нь мөнгө ба хувьцааны тухай яриа болчихоод байна. Нэг сая төгрөгөө  бэлнээр авах уу эсвэл хувьцаагаа авах уу хэмээн иргэд толгойгоо гашилгаж, бараг лам хуврагаар  мэргэлүүлэх нь холгүй байгаа аж.  Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр 1990-ээд оны цэнхэр, ягаан тасалбарт хууртаж хувьцаа ч үгүй, мал ч үгүй, юу ч үгүй хоцорсон хүмүүс хувьцаанд хууртав аа хэмээн үр хүүхэд, хамаатан садангууддаа захиж байгаа сурагтай.  Харин эдийн засгийн мэдлэгтэй, мэдээлэл сайтай нөхдүүд инфляциас болж төгрөгийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт суларч байгааг харгалзан нэг сая төгрөгөөс илүү 1072 ширхэг хувьцаа авах нь  зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Дунд нь хэсэг нөхдүүд яахаа мэдэхгүй төөрөлдөж,  тодорхой шийдвэр гаргаж чадахгүй уймарч сууна.

 Ямар ч байсан 2010 онд УИХ-аас Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдон гарсан 39, 40 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой”  төрийн өмчит компанийн нийт хувьцааны 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй олгох, 10 хувийг нэрлэсэн үнээр нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд зарах, 30 хувийг нь  олон улсын хөрөнгийн биржээр арилжаалахаар шийдвэрлэсэн билээ. Харин яваандаа улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн тооцоо судалгаа, иргэдээс гарсан гомдол санал дээр үндэслээд  УИХ-ын дээрх тогтоолууд бүхлээрээ өөрчлөгдөхөд хүрсэн юм.

Засгийн газар анхлаад 2011 оны гуравдугаар сарын 31-нээс өмнө төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 хувьцааг олгохоор шийдвэрлэснээ өнгөрсөн оны хавар зарлаж байлаа. Инээдмийн баярын өмнөхөн гаргасан энэ шийдвэрт олон хүн эргэлзэж, “дөрвөн сарын нэгэн” байвал яана хэмээн нэгнийгээ “явуулсхийж” итгэл муутайхан хүлээж авсан. Харин дараахан нь УИХ-ын  нэр бүхий хэсэг гишүүд иргэдээ  компанитай, компанигүйгээр нь ялгаварлав, тэгээд ч үндэсний аж ахуйн нэрээр хэдхэн компаниудын эзэн хожих магадлалтай хэмээн иргэн бүрт үнэгүй олгохоор болсон “Эрдэнэс Тавантолгой”-н 536 ширхэг хувьцааны тоог өсгөж, 1072 болгох санал гаргасан нь УИХ, Засгийн газрын дэмжлэгийг авсан. Тухайн үед  “компанитай нь шанагадаж, компанигүй нь халбагдах ёстой юм уу” хэмээн бухимдаж, гомдоллосон иргэдэд энэ шийдвэр ихэд таалагдсан нь ч бий. Ядахад монголчууд маань хүний юм, үнэгүй юманд нугасгүй дуртай хойно. “Анхны алхам” кинон дээр гардаг “Ингээд л миний нэр байдаггүй юм” гэдэг шиг нэг сая төгрөгөө бэлнээр нь авахаар эхний 330 мянган төгрөгийг нь өнгөрсөн сард аваад үрчихсэн хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сургалтынхаа төлбөрийг  төрөөс олгосон нэг сая төгрөгөөр дарчихсан оюутнууд, залууст “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэг ширхэг хувьцаа ч оногдохгүй юм. Өөрөөр хэлбэл, Эх орны хишиг болох 1,5 сая төгрөгийнхөө нэг саяыг нь сургалтын төлбөрөөр авсан  160 мянга орчим оюутан хувьцаагүй хоцорч байгаа юм.

Тэгвэл нэг сая төгрөгөө бэлнээр авна гэсэн иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаагаа Засгийн газраар дамжуулж аж ахуйн нэгжүүдэд зараад мөнгөө өвөртлөх боломж бий. Гэвч өнөөдөр ийм өндөр инфляцитай байгаа тохиолдолд нэг сая төгрөг гэдэг ёстой юу юм бэ гэгч л болчихоод байна.

Сая төгрөг өнөөдрийн хувьд цаас болчихсон гэдгийг эдийн засгийн онол  мэдэхгүй энгийн иргэд ч гадарлахтайгаа байгаа л даа. Сайндаа л  нэг сар хэрэглэнэ биз. Даанч тэд өгнө гэсэн дээр нь нэг сая төгрөгөө авахгүй бол улстөрчид хулхидчих вий гэдгээс эмээж байгаа болохоос биш. Үнэндээ ч Засгийн газрын төлөвлөж байснаар бол өдийд аль хэзээний олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байх ёстой “Эрдэнэс Тавантолгой”-н IPO сураг ч үгүй байгаа болохоор хувьцаа авсан нэртэй сохор зоос ч үгүй үлдчих вий гэсэн иргэдийн эмзэглэл ч үндэслэлтэй. Хэрвээ IPO  нь төлөвлөсөн хугацаандаа гарчихсан бол иргэд хувьцаа авна л гэх байсан биз.

Гэхдээ  хувьцаа нь дээр үү, нэг сая төгрөг хэрэгтэй юу гэдэг дээр эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс хувьцаагаа авахыг зөвлөж буйг бодолцон шийдвэрээ гаргах нь зөв байх. Нэг сая төгрөгөөр нэг сайхан “шоу”-аад эсвэл нэг сайн гэдсээ хагартал идэж, нэг удаа шопинг хийж болно л доо. Нэг халаасандаа сая төгрөг хармааллаа ч дараа нь нөгөө халааснаасаа нэг битгий хэл сая төгрөгийг  инфляцид идүүлэх болно. Тиймээс хувьцаагаа авсан тохиолдолд Тавантолгойн орд эдийн засгийн эргэлтэд орж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гарчихвал эрдэнээр өндөглөдөг тахиатай болсон гэсэн үг. Энэ “тахиагаа”/хувьцаагаа/ зарсан ч үрсэн ч өнөөдрийн нэг сая төгрөгөөс өндөр үнэд хүрэх нь тодорхой. Зарж, үрэхгүй юм аа гэхэд үр хүүхдэдээ өвлүүлж, шилжүүлж болно. Харамсалтай нь, өнөөхөндөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO  гаргах ажил хуулийн гацаанд орчихоод буй. Учир нь Монгол Улс Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиа шинэчлэхгүйгээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах боломжгүй байгаа. Үүнийг нь ч Хонконгийн биржээс монголчуудад анхааруулсан байдаг. Парламентын өнгөр­сөн хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй Үнэт цаасны зах зээлийг тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах асуудал ирэх оноос наашгүй болж таарч байна. Гэвч, тэвч итгэ хүлээ, тэгвэл та ялна гэсэн нэг үг байдгийг саначихад илүүдэхгүй биз. Өдий хүртэл хүлээсэн юм чинь дахиад жаахан, хэдхэн сар хүлээчихвэл нэг сая төгрөгөнд хуурталгүйгээр эрдэнээр өндөглөдөг тахиатай болчихно.

Засгийн газраас саяхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосон. Үүнтэй зэрэгцээд нэг сая төгрөгөө бэлнээр авна хэмээн бүртгүүлсэн иргэд саналаа буцааж эхэлсэн байна. Нэг сая төгрөгөө бэлнээр авна хэмээн бүртгүүлсэн хүмүүст мөнгө үү, хувьцаа юу гэдэг сонголт одоо ч хүчинтэй байгааг  Улсын хөдөлмөр халамжийн газрын мэргэжилтэн тайлбарласан.  Хувьцаа авахгүй нэг сая төгрөгөө авна гэсэн иргэдийн хүсэлтийг барагдуулахаар өнөөдрийн байдлаар 10 гаруй аж ахуйн нэгжээс 500 гаруй сая төгрөг дансанд төвлөөд байгаа ажээ. Цаашид  10,3 тэрбум төгрөг  дансанд төвлөрөх магадлалтай байгаа гэж Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ярилцсан байна. Харин иргэд хувьцаагаа өөр хоорондоо наймаалцах эрхгүй гэнэ. Учир нь журамд Засгийн газарт л заавал нэрлэсэн үнээр нь зарна гээдтусгачихсан аж. Тиймээс хувьцаагаа зара­хыг хүссэн хүмүүс заавал Засгийн газарт хандахаас өөр аргагүй болчихоод байна. Ийн­хүү хувьцаагаа авах уу, мөн­гөө авах уу гэсэн иргэдэд хан­даж эрдэнээр өндөглөдөг тахиа­гаа алаад идчихээд хов хоо­сон үлддэг энэтхэгийн нэг үлгэр байдгийг сануулахад буруу­дахгүй байх. Долоо хэмжиж, нэг огтол гэдэг байх аа.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж