Иргэд нэг сая төгрөгөө буцааж хувьцаа авч болно

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Иргэд нэг сая төгрөгөө буцааж хувьцаа авч болно

Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн хувьцаатай холбоотой асуудал хэлэлцсэн юм. Иргэдийн сонирхлыг татаж буй уг асуудлаар сэтгүүлчид Сангийн сайд Д.Хаянхярваагаас дараах тодруулгыг авлаа.

-Тавантолгойн хувьцааны асуудал ямар хэмжээнд явж байгаа вэ?

-Хоёр долоо хоногийн өмнө Засгийн газар Тавантолгойн хувьцааны IPO гарахаас өмнө нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тогтоосон. Уг нэрлэсэн үнээр үндэсний аж ахуйн нэгжүүдэд хувьцааны 10 хүртэл хувийг худалдаалах шийдвэр гаргасан. Энэ дагуу ҮТЕГ, холбогдох байгууллагууд үндэсний аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаж хувьцаа санал болгож байгаа. Үүнтэй холбоотойгоор журамд зарим өөрчлөлт оруулж байна.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд нэг сая төгрөгөө бэлнээр авч байгаа. Нийт 160 мянга орчим оюутан нэг сая төгрөгөө бэлнээр авсан. Оюутнууд өмнө авсан 500 мянган төгрөгтэй нийлээд 1,5 сая төгрөгийг бэлнээр авсан гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны 330 тэрбум төгрөгийг олгож байгаа. Энэ оны хоёрдугаар улиралд багтааж үлдсэн 670 мянган төгрөгийг гүйцээж олгосноор амласан нэг сая төгрөгийг тэдэнд  бэлнээр олгох ажил дуусна. НХХЯ-нд ирсэн судалгаагаар 270 орчим мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөөр авах, бусад нь буюу 90 орчим мянга нь хувьцаагаа авъя гэсэн санал гаргаж байгаа.

-Журамд ямар өөрчлөлт орохоор болсон бэ?

-Ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс нэг сая төгрөгөө буцаагаад хувьцаа авъя гэвэл журамд оруулсан өөрчлөлтөөр шийдэхээр боллоо. Иргэд нэг сая төгрөгөө зохих дансанд буцааж тушаагаад хувьцаагаа авч болно гэсэн үг. Мөн үндэсний, аж ахуйн нэгжүүдээс захиалга авах хугацааг долдугаар сарын 1-нээр тасалбар болгохоор боллоо. Өнөөдрийн байдлаар 10 гаруй аж ахуйн нэгжээс 500 гаруй сая төгрөг дансанд төвлөрч орсон байна. Цаашид байгаа захиалга нь ойрын хугацаанд 10,3 тэрбум төгрөгийн хувьцаа худалдан авч дансанд төвлөрүүлэх тооцоо судалгаа гарсныг ҮТЕГ мэдээллээ. Засгийн газраас ирэх долоо хоногт НХХЯ, Сангийн Яамны хамтарсан тушаал гаргаж нэг сая төгрөгийн хувьцаагаа мөнгөжүүлэхээр захиалсан, нийгмийн даатгал, орон сууцны төлбөр, эрүүл мэндийн даатгалд төлөхөөр захиалга өгсөн иргэдийн асуудлыг шийдвэрлэх анхны алхмыг хийнэ. Ирэх долоо хоног гэхэд дүрэм, журмаа гаргана. Захиалга өгсөн иргэдээ мөнгөжүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, орон сууцны зээл авахаар тохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх анхны алхмаа хийнэ.

-Иргэд хоорондоо хувьцаагаа мөнгөөр арилжиж болох уу?

-Болохгүй. Үүнийг хуулиар хаасан байгаа. Хэрэв иргэн хувьцаагаа зарахаар бол зөвхөн Засгийн газарт зарна.

                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж