Цөмийн хаягдал оруулах хуулийн орчин хаалттай

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Цөмийн хаягдал оруулах хуулийн орчин хаалттай

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цөмийн энергийн талаар, сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шуугиад буй цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлах тухай мэдээллийн талаар Засгийн газрын Төрийн захиргааны газрын мэдээллийг сонсч ярилцжээ. Энэ талаар Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжаваас тодрууллаа.

Тэрбээр “УИХ-ын сонгуультай холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаад орнуудын цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлах гэж байгаа мэтээр мэдээлэл гарч байна. Энэ бол шинэ мэдээлэл биш. Хоёр жил орчмын өмнөөс Монголын болоод гадаадын зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цөмийн хог хаягдлыг Монгол Улсын нутагт булшлах гэж байна. Нэр нөлөөтэй зарим хүн үүнд оролцож байна гэсэн мэдээлэл гарах болсон. Монгол Улсад цөмийн хаягдлыг оруулж ирэх, түр хугацагаар хадгалах, ашиглах, байршуулах, дамжуулан өнгөрүүлэх талын бүх хууль эрх зүйн орчин хаалттай байдаг. УИХ, Засгийн газар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллагууд хуулийг чанд мөрдөж, Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын өмнө гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, зарчмын дагуу Засгийн газар ажиллаж байгаа гэдгийг хуралдаан дээр тайлбарлаж ярилцлаа” гэлээ.

Хэрэв Монгол Улс уран ашиглаж, гадаадад гаргавал Монголоос олборлосон  уранаас гарсан хог хаягдал, түлшийг Монгол Улс буцаан авна гэсэн зүйл заалт хуульд байхгүй аж. Уран ашиглах шаардлага гарвал түүнийг олон улсын гэрээ конвенцид заасан ёсоор ашиглах ёстой гэжээ. “Цөмийн хаягдал, цацраг идэвхт хаягдал нь өөр өөр ойлголт. Цөмийн хаягдал бол зөвхөн ашигласан цөмийн түлшний асуудал. Цөмийн реактор, цөмийн станцыг задалсан, буулгасан тохиолдолд цөмийн хаягдал гарна. Монгол Улсын хуульд цацраг идэвхт хаягдал гэсэн асуудал бий. Цацраг идэвхт хаягдал нь үйлдвэрлэлийн технологиос гарсан хаягдал. Үүнийг яаж аюулгүй байлгах вэ гэдгийг хуульчилсан.

Монголд өнөөдөр цөмийн хаягдал гаргадаг эх үүсвэр байхгүй. Цацраг идэвхт хаягдал гаргадаг эх үүсвэр бий. Үүнийг аюулгүй хадгалах, зохицуулахыг хуульд тусгасан” гэлээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж