Ингэх шалтгаан гэвэл урьд өмнөх сонгуулиудын нэгэн адил байхгүй хаяг нээх, нэг хаяг дээр олон хүн давхардуулан бичих зөрчил илэрсээр байгаа ажээ. Тухайлбал, нийслэлийн 45 дугаар дунд сургууль дээр 1, 2, 3, 4 гэсэн хуурамч хаяг үүсгэн сонгогчид бүртгэсэн байжээ. Чингэлтэй дүүргийн иргэн н.Баярсайхан ам бүл зургуулаа. Гэтэл хаяг дээр нь танихгүй долоон хүн нэмж ам бүл 13 болгон бүртгэжээ. Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 23 дугаар байрны оршин суугч н.Наянтайнд огт танихгүй 20 нгастай эмэгтэйг нэмж бүртгэснийг илрүүлжээ. Энэ мэт зөрчил гарч байгаа тул энэ сарын 8 хүртэл үлдсэн тав хоногт багтаан сонгуулийн хэсгийн хороон дээрээ очин хаяг бүртгэлээ шалгах хэрэгтэй гэж гишүүн З.Энхболд хэллээ. Тэгэхгүй бол сонгуулийн үеэр гардаг “царцааны нүүдэл” гэдэг аргаар сонгууль будилуулж магадгүй байгаа ажээ. Энэ сарын 8-наас хойш хаягийн бүртгэлийг хаах тул түүнээс өмнө амжиж шалгах хэрэгтэй юм байна. Хэрэв зөрчил илэрвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 265958, 260755 утсаар мэдээлэл өгөх боломжтой гэлээ.
Мөн цахим үнэмлэх хэвлэх явцад лавлагаа өгөөгүй 28 мянган хүнд иргэний цахим үнэмлэх хэвлэсэн байжээ. Үүнийг сонгуулийн дараа өгүүлэхээр болсон байна. Сонгуульд 25,45 нас хүрээд сунгуулаагүй, хүчингүйд тооцсон хуучин иргэний үнэмлэхээр санал өгүүлэхээр болсон. Огт үнэмлэхгүй байгаа хүмүүст л цахим үнэмлэх олгохоор болсон гэдгийг тайлбарлалаа.
Энэ үеэр одоогийн иргэний үнэмлэх нь байгаа атал цахим үнэмлэх хэвлэгдээд ирсэн иргэд хоёр үнэмлэхээрээ өөр өөр газар санал өгч сонгууль будилуулах боломжтой эсэхийг лавлалаа. З.Энхболд гишүүний хэлснээр ийм тохиолдолд хуучин үнэмлэхний баруун дээд өнцгийг хайчилж хүчингүй болгох бөгөөд хэрэв үнэхээр хэд хэдэн газар сонгууль өгсөн байвал тухайн иргэнд зургаан сар хүртэл хорих ял оноох хуультай гэлээ. Санал хураалт, тооллого болсны дараа хэсэг бүр дээр байгаа автомат машинуудыг хооронд нь холбон шалгахад өөр өөр газарт саналаа өгсөн иргэдийн бүртгэл, хурууны хээ, хэнд санал өгсөн нь гарч ирэх юм байна. Үүгээр хөөж тухайн хүнийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авах заалтыг Сонгуулийн шинэ хуульд тусгаж өгчээ.