Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх Ерөнхийлөгчийг авлигын хэрэгт холбогдуулан шүүж буй явдал нь улс төрийн шалтгаантай бус харин хойд Азийн тус оронд хөрөнгө оруулалтын илүү таатай нөхцлийг бий болгох зорилготой авлигын эсрэг “хатуу тэмцэл”-ийн нэгэн хэсэг хэмээн мэдэгджээ. Зарим салбарууд дахь гадаадын оролцоонд хязгаарлалт тогтоосон гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль өнгөрсөн сард батлагдсан, мөн өмнөх Ерөнхийлөгчийн эсрэг хэргийг удахгүй болох парламентийн сонгуулийн өмнө сөхсөн талаар олон улсын шүүмжлэл өрнөж буй зэргээс үл хамааран Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч мягмар гаригт утсаар хийсэн ярилцлагын үеэр “Манай улс гадаадын хөрөнгө оруулалтын хувьд нээлттэй, бүс нутгийнхаа эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэвээр үлдэх болно” гэсэн байна.
Тухайлбал, өнгөрөгч сард батлагдсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд эрдэс баялаг, санхүү, цахилгаан холбоо, хэвлэл мэдээлэл зэрэг салбар дахь аж ахуйн нэгжийн дийлэнх хувийг эзэмшигч болохын тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай хэмээн тусгажээ. Ноён Ц.Элбэгдоржийн хэлж буйгаар дээрх хуулиар гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтууд нь голлон Хятад зэрэг орны төрийн өмчит компаниудад үйлчлэх ба энэ бодлого нь олон нийтээс ихээхэн дэмжлэг хүлээгээд буй аж. Тэрбээр “Тэд Монголд ирээд хувьцаа худалдаж авахыг хүслээ гэхэд үүнд тодорхой хязгаарлалтууд байх болно. Харин гадаадын бусад хөрөнгө оруулалт, бусад салбаруудын хувьд үүд хаалга томоос том нээлттэй” гэсэн байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх Ерөнхийлөгчийн авилгын хэргийн улмаас АНУ-тай нэгэн адил үнэт зүйлсийг хуваалцдаг Монгол Улсын олон улсын “өндөр нэр хүнд” сэвтэж буйд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ. Тэр “Олон улсын түншүүд маань өмнө нь манай улсыг авилгатай тэмцэхийг уриалж, дэмжиж байсан. Авилгатай тэмцэх гэдэг хүнд ажил” гэсэн байна. Гэсэн хэдий ч энэ хэргийн талаарх олон улсын санаа бодол хэвлэл мэдээллийг чадварлаг ашиглаж чадсан Н.Энхбаярын гэр бүлийнхэн болон “шударга шүүхээс зугтахын тулд Н.Энхбаярын дэглэсэн тоглолт”-ын нөлөөнд хэт автсан хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэж байгаа юм. Өнгөрсөн сард ноён Н.Энхбаяр өөрийг нь шүүх гэж буйг эсэргүүцэн өлсгөлөн зарласны улмаас АНУ болон бусад орнууд Монголын ардчиллын талаар санаа зовж буйгаа илэрхийлсэн билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улмаар “Миний бие дэлхийн олон нийтэд хандан энэхүү шүүх ажиллагааг анхааралтай ажиглаж, баримтуудыг үнэн бодитоор нь хүлээн авахын сацуу Н.Энхбаярын эсрэг нотлох баримтууд хууль ёсны дагуу шүүх хурал дээр дэлгэгдэх хүртэл яаран дүгнэлт хийхгүй байхыг уриалж байна” гэлээ.
Ноён Н.Энхбаярын эсрэг хэрэг жил гаруйн өмнөөс эхлэн шалгагдсан бөгөөд одоогоос нилээд өмнө шалгаж дуусах ёстой байсан хэдий ч Ерөнхийлөгч асан мөрдөн байцаагчидтай хамтран ажиллахаас татгалзсаны улмаас өнөөдрийг хүртэл хойшилсон. Түүний хэрэг нь одоогоор шалгагдаж буй 20 орчим томоохон хэргийн нэг юм гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн байна.
Ноён Н.Энхбаяр төрийн өндөр алба хашиж байхдаа авилга авсан, албан тушаалаа урвуулан ашигласан талаар өөрт нь тулгаад буй хэргүүдийг үгүйсгэсэн бөгөөд 4 дүгээр сард өөрийг нь баривчилсан явдал болон тулгаж буй хэргүүд дэндүү явцуу хүрээтэй байгаа нь прокурорууд түүнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын дарга байх үеэс нь асуудалтай зүйл бага олсны шинж хэмээн мэдэгдэж байгаа юм.
Энэ Мягмар гаригт болох байсан Н.Энхбаярын шүүх хурал 3 дахь удаагаа хойшлон дараагийн долоо хоногт товлогдоод байна. Тэрбээр Монголд олны анхаарал татсан хүн хэвээр байгаа юм. Парламентад суудал авч чадсан бол Н.Энхбаяр засгийн эрх барих аливаа эвслийн хувьд үнэтэй зуучлагч болж, дараа жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой болох байсан юм. Парламентад орсноор тэрбээр мөн гишүүний хувьд халдашгүй эрхтэй болж, шүүх хуралд оролцохгүй байх зам нээгдэх байв.
Гадны зарим ажиглагчид ноён Н.Энхбаярын эсрэг ямар ч баримт оршин байлаа гэсэн энэ ажиллагааны үйл явцад шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
“Улс төрийн сэдэлтэй, алдаатай алхамууд дээр суурилсан авилгын эсрэг тэмцэл байх боломжгүй” хэмээн 2006-2009 онд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын албыг хашиж байсан Марк Минтон хэлж байв. Тэрбээр “Н.Энхбаярын хэргийг хэрхэн яаж шийдвэрлэх нь хууль хяналтын байгууллагын дараа дараагийн алхмуудыг тодорхойлох учир маш чухал юм” гэсэн байна.
Жеймс Т. Аредди james.areddy@wsj.com