Залуу, чадалтай тенорын хоолойг сонсохыг тэсэн ядан хүлээсээр хамтдаа бэлтгэлийн өрөөнд ороход тэрбээр “красота” хэмээн уулга алдсан шүү.
-Монголд анх удаа ирж байгаа гэсэн шүү дээ. Сэтгэгдэл ямар байна. Манай дуурийн театр таньд ямар санагдав?
-Хэдийгээр би Монголд анх удаа ирж байгаа ч дуурийн театрт ороод ирэхэд л яг гэртээ байгаа юм шиг сайхан санагдаж байна. Үүнээс илүү зүйрлэх сайхан зүйл алга.
-Дуурийн дуулаачаар хэдэн жил ажиллаж байна?
-Долоон жил ажиллаж байна. Консерватурын хоёрдугаар курсийн оюутан байхдаа л гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн.
-Өөр ямар улсын дуурийн тайзнаа өөрийн дуу хоолойгоо хүргэж байсан бэ?
-Одоо ингээд сууж байгаад эргээд санахад би олон орны тайзнаа дуулж байсан учраас бүгдийг нь санахад амаргүй байна. Би дуурийн карьераа хойжуу эхлүүлсэн гэхэд арав гаруй дуурийн дан гол дүрд тоглоод байгаа. Өнөөдрийн хувьд хамгийн чухал нь би энэ тайзнаа дуулахаар хүрээд ирлээ.
-ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн таньд өөрийн тайзнаа тоглооч гэсэн санал тавьхад анх хэрхэн хүлээж авсан бэ?
-Уран бүтээлч хүнийг аливаа нэгэн улс өөрийн тайзнаа урина гэдэг хамгийн чухал асуудал байдаг. Тийм болохоор надад энэ санал маш их таалагдсан.
-Та Пласидо Домингогын тэмцээнээнд өрсөлдөөд тэндээсээ шууд монголыг зорьж ирсэн. Уралдааны сониноос сонирхуулахгүй юу?
-Хамгийн чухал нь бол Э.Амартүвшин энэ уралдааны нэгдүгээр байрыг эзэлсэн явдал юм. Би та бүхэнд бүгдээрэнд чинь баяр хүргэе. Тэнд олон орны чадварлаг, сайхан дуучид өрсөлдсөн. Бас сайхан дуулдаг мөртлөө байр эзлээгүй дуучид ч олон байгаа. Үнэнийг хэлэхэд, Э.Амартүвшин нэгдүгээр байранд орохоор л дуулсан нь хамгийн чухал юм. Бид энэхүү уралдааны үеэр сайхан найзууд болсон.
-“Тоска” дуурийн Квардовскид тоглох гэж байгаа. Өмнө нь энэ дуурьт хэчнээн удаа тоглож байв?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Канадад хоёр дуурь тоглосны нэг нь “Тоска” дуурийн Квардовскийн дүр байсан.
Дуурийн дуучид ярихаасаа илүүтэй цагийг дуулахад зарцуулдаг учраас даруухан дуут цөөнтэй байдаг бололтой. Нүдэнд дулаахан Армены тенор залууг ирэх бямба гаригт хэрхэн Дж.Вердийн “Тоска” дуурийн зураач залуу болон хувирахыг хүлээх л үлдлээ. Учир нь “Тоска” дуурийн гол дүр, зураач Марио Каварадоссийн ари гэдэг бол гоё драматик тенор хоолойтны мөрөөдөл төдийгүй дуурийн урлагт дуртай хэн бүхний сонсохыг хүсэн хүлээдэг аринуудын нэг билээ.
Дашрамд сонирхуулахад, түүний багш профессор Данилян Дуурь, бүжгийн эрдмийн театрыг анх байгуулагдаж байхад ЗХУ-ын мэргэжилтнээр манай театрт ирж, хоёр жил ажиллаж байжээ.
Тенор Ованес Айвазян нь 1983 онд төрсөн. 2008 оноос эхлэн Армян улсын ДБЭТ-ын дуурийн гоцлоочоор ажиллаж байгаа бөгөөд 2006-2011 онуудад Ереваны хөгжмийн консерваторийг дуурийн гоцлоочоор дүүргэсэн. Ереван, Москва, Санкт-Петербург хотуудад зохиогдсон үндэсний болон олон улсын хэмжээний уралдаануудад I,II байрын шагналуудыг хүртэж байсан. 2010 оноос Канад улсын Торонто хотын “Opera Belcanto of Simcoe” театрт Дж.Пуччинийн “Тоска” П.Масканийн “Тосгоны алдар” дууриудын гол дүрүүдэд олон удаа уригдан тоглосон.
Ованес Айвазяны бүтээсэн дүрүүд:
Дж.Верди “Аида” – Радамес
Дж.Верди “Риголетто” – Герцог Мантуанский
Дж. Верди “Травиата” – Альфредо
Р.Леонкавалло “Паяцы” – Канио
П.Масканьи “Сельская честь” – Турриду
Дж. Пуччини “Чио Чио Сан” Пинкертон
Дж. Пуччини “Плащ” – Луиджи
Дж. Пуччини “Тоска” – Каварадосси
П.И.Чайковский “Евгений Онегин” – Ленскийд тус тус тогложээ.
Энэ хагас сайнд эгшиглэх “Тоска” дуурийн тасалбар суудлын зэрэглэлээсээ хамаараад 10-20 мянган төгрөг юм байна. Та амжаад үзээрэй.