Испанийн байдал арай дээрдэв

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Испанийн байдал арай дээрдэв

Испанийн
Засгийн газрын тэргүүн Мариано Рахой ба хаан Хуан Карлос хоёр Испанийн
банкны шинэ дарга Луис Мария Линде албан ажлаа хүлээн авах орох ёслолд
оролцлоо. Линде тус орны банкны хямралтай тэмцэх ажлыг гардан хийлгэх
юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд евро бүсийн 17 орон Испанийн банкуудад
туслах төлөвлөгөөг дэмжсэн байв. Санхүүгийн тусламж нь 100 тэрбум евро
хүрнэ. Даваа гаригт Испанийн Эдийн засгийн яам мэдэгдэхдээ үндэсний
эдийн засгийг эрүүлжүүлэх бүтцийн шинэчлэлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв.

Төсвийн
алдагдал ба санхүү, эдийн засгийн хямралтай тэмцэж байгаа Испанийн
Засгийн газар төрийн албан хаагчдын цалин хөлс, гэнэт халагдсаны
тэтгэмж, нийгмийн хэрэглээний зардал зэргийг хорогдуулж, албан ба албан
бус татварыг нэмлээ. Европын холбоо нь тус орны банкны системд тусламж
үзүүлэхээр шийдсэн нь байдлыг багагүй хөнгөлөх авч испаничуудыг бусад
алдартай биш хатуу арга хэмжээнүүд дайрна. Нэмүү өртөгийн татвар
нэмэгдэн захиргааны аппаратын цомхотгол ч хийгдэж магадгүй болж байна.

“Засгийн
газар асар их мөнгийг банкуудад өгч тэднийг аврахаар шийдэж байхад
хүмүүсийн амьдрал муудан цалин хөлс хасагдаж байна. Бид үндсэн эрхүүдээ
алдаад байна” гэж хүмүүс ярьж байна. Мадридын явуулж байгаа хэмнэлтийн
бодлого тэр болгонд таалагдахгүй байна. Испанийн хойд нутгийн уурхайчид
алдагдалтай салбарт нь өгдөг улсын татаас хасагдан цомхотгол гарч
магадгүй болсонд хугацаагүй ажил хаялт зарлаад байна.

Энэ үеэр
хүнсний дэлгүүрийн Mercadona гэх томоохон сүлжээний  эзэн Хуан Ройг 
нутаг нэгтэндээ хандан “их ажиллаж, бага  зарлагдахыг” уриалжээ.
Бизнесмены  тайлбарласнаар испани гэр бүлийн 60 хувь нь хэрэглээний
шаардлагаас давуулан зээлээр үнэтэй байр сууц, автомашин, далайн эргийн
орчим шилтгээн худалдан авдаг гэнэ.

Банкуудын нөөц дуусч байгаа
нь зээлийн ухаангүйгээр баруун зүүнгүй тараасантай холбоотой аж. Хүн
амын дөрөвний нэг нь ажилгүй болсноос тэд зээлээ төлөх ямар ч боломжгүй
болов. “Эсвэл бид амьдралын хэм хэмжээгээ өөрчлөн хөрөнгийнхөө чинээгээр
амьдах эсвэл бүрэн ядуулах болоод байна” гэж Ройг сануулжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж