АОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал болов

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

АОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал болов

Азийн оюутны спортын холбооны /АОСХ/ Гүйцэтгэх хорооны хурал Иран улсын нийслэл Тегеран хотноо Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн яаманд зургадугаар сарын 9, 10-нд боллоо.

Тус хуралд Монголын оюутны спортын холбооны ЕНБД, АОСХ-ны ГХ-ны гишүүн Д.Жаргалсайхан оролцож, Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 9-15-нд зохион байгуулсан Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын II тэмцээний эцсийн тайланг хэлэлцүүлсэн. АОСХ-ны ерөнхийлөгч Зан Шиншинг тэмцээнийг амжилттай сайн явагдсан гэж үзэн Зохион байгуулах хороо болон Монголын оюутны спортын холбоонд талархал илэрхийлж, амжилт хүсчээ.  

АОСХ-ны ивээл дор 2012 онд зохиогдох Азийн оюутны аварга шалгаруулах /АОАШ/ дараах тэмцээний бэлтгэл ажлын явцын талаар Зохион байгуулах хорооны төлөөлөгч нар хурлын үеэр танилцуулан хэлэлцүүлсэн юм. Үүнд:

  • АОАШ сагсан бөмбөгийн 4 дүгээр тэмцээн Тайвань улсын Тайпей хотноо 2012 оны 10 сарын 29-нөөс 11 сарын 4-ний өдрүүдэд
  • АОАШ таеквондогийн 3 дугаар тэмцээн Малайз улсын Баксан хотноо 2012 оны 10 сарын 11-13- ны өдрүүдэд
  • АОАШ элсний волейболын 2 дугаар тэмцээн Тайланд улсын Ча-Ам хотноо 2012 оны 11 сарын 28-31- ний өдрүүдэд тус тус зохиогдохоор болж ажлын явцыг дүгнэн ярилцжээ.

Мөн хурлаар АОСХ-ны Ерөнхий ассамблейн хуралдааныг Тайланд улсын Ча-Ам хотноо 2012 оны 11 сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар болж тухайн үед АОСХ-ны үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярыг тэмдэглэхээр болсон байна.

Тегеран хотноо маш өрсөлдөөнтэй явагдаж байсан АОАШ футзалын тэмцээн 6 сарын 11-ний өдөр өндөрлөж Иран, Тайланд, Оман улсын багууд эхний 3-н байрт шалгарч медаль, цомын эзэд болжээ. 

АОАШ усан пологийн 2 дугаар тэмцээн Сингапур улсад 6 сарын 12-ны өдөр эхлэн амжилттай үргэлжилж байгаа ба нийт 10 баг оролцож байна. Тэмцээний хаалтын ажиллагаа 18-ны өдөр болно.  

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж