“Хаад” анх удаа стэнлийн цомыг хүртэв

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

“Хаад” анх удаа стэнлийн цомыг хүртэв

Шайбтай хоккейн дэлхийн хамгийн хүчирхэг лиг NHL-ийн 2011-2012 оны аваргын төлөөх зургаа дахь тоглолт өчигдөр Лос-Анжелес хотын “Стэплес центр”-т болж, талбайн эзэд өрсөлдөгчөө 6:1-ээр бут ниргэснээр Стэнлийн цомын эзэн боллоо.

Нью-Жерси – Лос Анжелес 1:6 (0:3, 1:1, 0:2)

Байгуулагдаад 45 жилийн нүүр үзэж буй “Лос-Анжелес Кингз” домогт Уэйн Гретцки, алдарт Люк Робитайл нарын үед буюу 1993 онд анх удаа Стэнлийн цомын төлөө өрсөлдөж, “Монраель Канадиенс”-т 1:4-өөр дийлдэж байсан юм. Тэгвэл энэ жил хоёр дахь удаагаа NHL-ийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон. “Өрнөд” бүсийн сүүлчийн эрхийг зовж байж халаасалсан “Хаад” бүсийнхээ эхний гурван байраар гарсан “Ванкувер Кэнакс”, “Сент-Луис Блюз”, “Финикс Койотс”-ыг дараалан сөхрүүлснээр Стэнлийн цомын төлөөх өрсөлдөх анхны баг болсон. Тэд аваргын төлөө NHL-ийн гурван удаагийн түрүүтэй “Нью-Жерси Дэвилз”-тэй учирсан бөгөөд эхний гурван тулаанд ялалт байгуулсан ч удаах хоёр тоглолтод хожигдоод байв. Харин зургаа дахь тоглолт өчигдөр Лос-Анжелес хотын “Стэплэс центр”-т болж, “Хаад” өрсөлдөгчөө 6:1-ээр бут ниргэснээр анх удаа Стэнлийн цомын эзэн боллоо.

Талбайн эздийн довтлогч Жефф Картер хоёр, багийн ахлагч Дастин Браун, төвийн довтлогч Тревор Льюис нар дараалан шайб оруулж, тоглолтын хувь заяаг үндсэндээ шийдсэн. Харин “Чөтгөрүүд”-ийн залуу довтлогч Адам Энрике багийнхаа нэр төрийн ганц шайбыг хоёрдугаар үеийн төгсгөлд оруулсан юм. Улмаар шийдвэрлэх гуравдугаар үед “Холливүүд”-ийн хотын багийн Тревор Льюис, Мэтт Грин нар 15 секундын зайтай шайб оруулснаар тоглолт өндөрлөлөө. Тус тоглолтын баатраар хаалгач Жонатан Купик тодорсон. Тэрбээр энэ жилийн плей-оффт үнэхээр найдвартай байсан юм.

Б.БАТ

"ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж