Завхан аймгийн Улиастай сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн нээлттэй хаалганы өдөр “Эх орны баясгалант ирээдүй энхрий бяцхан үрсээ дээдэлцгээе” уриан дор өвөомөгц болж өндөрлөжээ. Хүүхдийн цэцэрлэгүүдийн бэсрэг наадамд 503 хүүхэд оролцов. Үйл ажиллагааны нээлтэнд аймгийн засаг даргын орлогч Л.Лхамсүрэн, тамгын газрын дарга П.Нямжав, хэлтэс агентлагуудын удирдлагууд болон Боловсрол соёлын газрын дарга М.Алтанцэцэг нар оролцож аймгийн засаг даргын орлогч Л.Лхамсүрэн, Боловсрол соёлын газрын дарга М.Алтанцэцэг нар нээж үг хэлжээ. Мөн Улиастай сумын цэцэрлэгүүдэд шатрын клуб байгуулах эхлэлийг тавьж, Боловсрол соёлын газраас шатар бэлэглэлээ. Нээлттэй хаалганы өдөрлөг нь бага насны хүүхдүүдийг ардын өв уламжлалаас суралцах, түүх соёлоо мэдэх, үндэсний хувцасаа өмсөж сурталчлах зорилготойгоор зохион байгууллагдсан нь эцэг эхчүүд, хөдөлмөрчдийн талархлыг хүлээсэн байна. Энэ үйл ажиллагааг амжилттай болоход эцэг эхийн дэмжлэг туслалцаа их байсныг дурьдахгүй байхын аргагүй юм. Чингис хаан баатруултайгаа хамт үйл ажиллагааг эхлүүлж 81 бөх засуулын хамт талбайд гарч дэвээ шавааг үзүүлж, монгол бөхийн эд хавийг гайхууллаа. 81 бяцхан сур харваачид нумаа эвшээлгэж, монгол хүн бүрийн монгол сэтгэхүйн өв соёлыг харууллав. Мөн 81 хурдан “даага” уралдаж талбайгаар давхилдав. Шилбүүр унасан бяцхан морь унаачдын зарим нь хоцорч уйлалдан үзэгчдийн сэтгэлийг нилээд хөдөлгөн инээд хөөрийг бэлэглэлээ.Нээлттэй хаалганы үйл ажиллагааны хамгийн өхөөрдөм бахархам үйл явдал нь ноёд, хатадын хувцас өмссөн хүүхдүүд байлаа. Өмссөн хувцасныхаа сүр сүлдийг үнэн сэтгэлээсээ харуулахыг чармайсан тэд бол үнэхээр ноёд, хатад байлаа.9 цэцэрлэгийн бэлэгдэл болсон Төрийн шагналт зохиолч Бадарчийн “9 эрдэний орон” шүлгийг 9 эрдэнийг бэлэгдсэн хувцастай бяцхан уран уншигчид уншснаар нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө. Энэ үеэр 9 цэцэрлэг асар майхан ажиллуулан цэцэрлэгийн хүүхдүүдийн иддэг нарийн боовны үзэсгэлэн худалдаа гаргаж эцэг эхчүүдэд сурталчиллаа.