Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах олон улсын зэрэглэлтэй байнгын ажиллагаатай Бичигт боомт байгуулагдсаны 20 жилий ойг энэ жил тэмдэглэхээр тус аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан комисс томилогдоод байгаа ажээ. Ойг угтаж хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нэлээд ажлыг хил, гааль гээд холбогдох байгууллагуудтайгаа хамтран хийхээр төлөвлөж, боомт орчмын зам талбайг засварлаж өргөтгөх, зүлэг мод суулгах, 40-60 айлын нэг жигд хашаа барьж, цахилгааны 04-ийн шугам татах ажлыг эхлүүлсэн байна. Мөн хил дээр ажиллагсдын нийгмийн асуудалд анхаарч хүүхдийн цэцэрлэг, сургууль, худалдаа үйлчилгээний цэг, халуун усны газартай болох асуудлыг хөөцөлдөж, юун түрүүнд өөрийн боломжиндоо түшиглэж хүүхдийн цэцэрлэг байгуулсан байна. 2021 он хүртэлх Сүхбаатар аймгийн хөгжлийн дөрвөн чиг хандлагын хоёр нь буюу транзит тээвэр, хил орчмын аялал жуулчлалыг Бичигтын боомтыг түшиглэн хөгжүүлэхээр тусгагдаад байгаа ажээ. Үүний хүрээнд хөрш зэргэлдээ Зүүн үзэмчин хошуу Улиастай балгасны Засгийн ордныхон бүх талаар туслаж, Бичигт-Баянхайлааст-Эрдэнэцагаан-Шилийн богд-Дарьганга гэсэн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж байгаа гэнэ.
Э.САР