Ч.Энхтайван Н.А.Обуковын уралдаанд аман хүзүүдлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Ч.Энхтайван Н.А.Обуковын уралдаанд аман хүзүүдлээ

ДБЭТ-ын уран бүтээлчид гадаадын уралдаан, тэмцээнд маш амжилттай оролцон ганзага дүүрэн ирсээр байгаа билээ. Энэ удаад Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан  Ч.Энхтайван ОХУ-ын Липецк мужид зохиогдсон СССР-ийн Ардын жүжигчин Надежда Андреевна Обуховын нэрэмжит дуурийн дуулаачдын V уралдаанд амжилттай оролцон хоёрдугаар байрт шалгарсан байна.

Надежда Андреевна Обуховын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд шилдэг дуурийн театруудын тайзнаа гарсан, дуурийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцож байсан ОХУ-ын болон гадаадын хөгжмийн тэргүүлэх их, дээд сургуулийн оюутан болон мэргэжлийн солистууд оролцдог онцлогтой юм. Уг уралдаан гурван шаттайгаар болж, эхний гурван байрыг эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрээр шалгаруулдаг уламжлалтай аж.

Энэ жил тус уралдаанд эхний шатнаас 28 шилдэг дуучин шалгарсан бөгөөд баритон Ч.Энхтайван, ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Улан-Үдэ, Перм, Саратов хотуудаас ирсэн шилдэг дуурийн дуулаачид болон Азербаржан, Украйны уран бүтээлчидтэй хоёрдугаар шатандаа өрсөлдөн сүүлийн шатны шилдэг 13-т тунан үлдсэн юм.

Энэ сарын 9-11-ны хооронд болсон энэхүү уралдаанд ДБЭТ-ын баритон Ч.Энхтайван Дж.Вердийн “Отелло” дуурийн гол баатар Ягогын ари болон "Тангейзер" дуурийн Вольфрамагын романс болон Монгол ардын дуу “Гайхмаараа”-гаар өрсөлдөн ийнхүү хоёрдугаар байрт шалгарчээ. Түүний концертмейстерээр Буриадын Ардын жүжигчин Дарима Линховоин ажиллажээ.

СССР-ийн Ардын жүжигчин Надежда Андреевна Обуховын нэрэмжит дуурийн дуулаачдын V уралдааны тэргүүн байрыг ОХУ-ын Санкт-Петербург хотын баритон Чернецов Григорий, сопрана Морозова Екатерина нар хүртсэн бол хоёрдугаар байрт манай баритон Ч.Энхтайван, Москвагын сопрано Мхитарян Кристина, гравдугаар байрт  Саратовын тенор Пирогов Михаил, Санкт-Петербургын сопрано Баянкина Мария нар шалгарлаа.

СССР-ийн Ардын жүжигчин Надежда Андреевна Обуховын нэрэмжит дуурийн дуулаачдын  уралдааныг анх 2004 онд зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил тав дахь удаагаа болж байгаа юм. Тус уралдааны шилдгүүдийн гала тоглолт өчигдөр ОХУ-ын Липецк мужийн цөмийн талбай дээр “”Липецкийн газар нутаг, Оросын газар нутаг” нэртэйгээр болсон юм.

ДБЭТ-ын шинэхэн Юндэн Ч.Энхтайван М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлж, нутаг нэгтнүүдээ баярлуулж байсан юм. Тэрбээр “Турбадур” дуурийн Ди Луна, “Кармен” дуурийн бухтай тулалдагчийн дүрийг сэтгэлд хоногштол бүтээсэн манай урдаа барьдаг баритонуудын нэг юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж