Шалгалтын зөв хариуг ирэх ням гаригт мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Шалгалтын зөв хариуг ирэх ням гаригт мэдээлнэ

Их, дээд сургуулийн босго алхаж, улс эх орондоо хэрэгтэй мэргэжил эзэмших хүсэлтэй 43 мянга гаруй залуус өнгөрсөн амралтын өдрүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтаа өглөө. Улс орон даяар нэгэн зэрэг, нэг цагт эхэлж гурван өдрийн турш үргэлжилдэг эл шалгалт энэ жил ч бас хэл амтайхан болов.

БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Отгонцэцэгээс дараах асуултад хариулт авлаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалт амжилттай болж өнгөрлөө. Гэсэн ч зарим нэг шалгалтын төвүүдэд үеэр хэд хэдэн зөрчил илэрсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа. Тухайлбал, "Завхан аймгийн Математикийн шалгалт дээр зөрчил гарч, 50 гаруй баганан код дутжээ” гэх мэдээлэл хүмүүст хүрээд байгаа. Мөн батлан хамгаалахын их сургууль дээр авсан математикийн хичээлийн шалгалтыг 100 минут авах ёстой байхад хянагч багш нар 80 минут авсан гэх мэт яриа гараад байгаа. Тийм болохоор та элсэгчдэд болон эцэг, эхчүүдэд энэ талаарх тодорхой мэдээллийг өгөөч?

-Энэ асуултад хариулт өгөхийн өмнө бид элсэлтийн ерөнхий шалгалтын явцын талаар товчхон мэдээлэл өгөх нь зүйтэй байх. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 8,9,10-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулсан. Улсын хэмжээнд нийт 43087 шалгуулагч 10 хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Бүр тодруулбал, 182142 шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн. Харин шалгалтад 175817 нь хамрагдаж 6325 шалгуулагч шалгалт өгөөгүй байна. Уг шалгалтыг бид улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулсан. Шалгалт амжилттай болсон.

Зөрчил дутагдлын хувьд гэвэл, ямар нэгэн хариулт хэлэхэд арай эрт байна. Учир нь зургадугаар сарын 12 буюу өнөөдөр /өчигдөр/ Баян-Өлгий, Баянхонгор гэх мэт сүүлийн аймгийн шалгалтын материал ирнэ. Үүний дараа бид нэгдсэн дүн мэдээг гаргадаг. Энэ хугацаанд бид элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой санал гомдлыг хүлээн авдаг. Энэ сарын 15-ныг хүртэл элсэлтийн шалгалттай холбоотой өргөдлийг хүлээн авч байгаа. Үүний дараа Боловсролын үнэлгээний төвийн өргөдөл гомдол шийдвэрлэх комисс зөв бурууг нь тогтооно.

-Элсэлтийн ерөнхий шалгалт бол төгсөх ангийнхны ерөнхий мэдлэгийг шалгадаг ганц том шалгуур гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн сурлагын үзүүлэлтийг энэ шалгалтаар, авсан оноогоор нь тодорхойлж болдог. Mөн багш нарын ажлын үзүүлэлтийг ч бас дүгнэх боломжтой. Тиймээс уг шалгалтыг гардан зохион байгуулж буй ганц байгууллагын хувьд энэ жилийн элсэгчдийн сурлаган үзүүлэлтийг урьдчилсан байдлаар дүгнэж хэлбэл, ямар дүн тавих вэ?

-Энэ бүхнийг элсэгчдийн дүн, онооны жагсаалтаас харж болох байх л даа. Ер нь бол элсэлтийн ерөнхий шалгалтын явц, хүүхдүүдийн идэвх, оролцоо сайн байсан.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын зөв хариуг энэ сарын 17-нд дуулгана гэж байсан. Нийслэлийн болон хөдөө, орон нутгийн элсэгчид шалгалтынхаа хариуг хаанаас яаж шалгах вэ. Сайтаас үзэх бол ерөнхий зааварчилгааг нь товчхон хэлж өгөхгүй юу. Мөн интернэтэд орох боломжгүй хүүхэд бас байгаа байх. Тийм болохоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр бас шалгалтынхаа зөв хариуг нийтлэх боломжтой юу?

-Шалгуулагчдын шалгалтын зөв хариултыг бид жил бүр өдөр тутмын сонин хэвлэлд хэвлэн нийтэлдэг. Энэ жилийн хувьд ч мөн ялгаагүй нийтэлнэ. Даалгавруудын зөв хариулт сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа буюу зургадугаар сарын 17-ны өглөө 9:00 цагт манай цахим хаяг болох www.eec.mn цахим хуудсаас үзэх боломжтой. Харин интернэтэд холбогдох боломжгүй байгаа шалгуулагчдаа зориулж өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.

-Дүн, онооны жагсаалтыг www.eec.mn цахим хуудаст хэзээ байршуулж, нийтэд мэдээлнэ гэлээ?

-Шалгуулагчдын дүн, онооны жагсаалтыг 2012 оны долдугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагт www.eec.mn вебсайтад байрлуулж, олон нийтийн хэвлэл мэдээллээр нийтэлж, мэдээлнэ. Шалгуулагч дүн оноогоо манай сайтын шалгуулагчийн буланд өөрийн бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан харах боломжтой. Дүн онооны батламжийг ирэх долдугаар сарын 01-03-ны өдрүүдэд тараана.

-Элсэгчид дүнгийн батламжаа БҮТ-өөс зарласан газраас хүлээн авна гэж байсан. Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймгийн төвөөсөө авах бил үү. Энэ тухай товчхон мэдээлэл өгөөч?

-Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн батламжаа сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна.

Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн батламжаа аймгийн Боловсрол, соёлын газрын элсэлтийн ерөнхий шалгалтын Зөвлөгөө-мэдээллийн ажилтнаас авна. Улаанбаатар хотын өмнөх онд төгссөн шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн зарлагдсан газраас дүнгийн батламжаа хүлээн авна.

Б.ЭНХТУУЛ

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж