Архангай аймагт хөдөлмөр зохицуулах албанд бүртгэлтэй ажил идэвхитэй хайж байгаа 2164 хүн байгаагийн 48.9 хувь нь буюу 1058 нь эмэгтэйчүүд гэнэ. Хөдөлмөрийн насны 10.0 мянган хүн тутамд 377 ажилгүйчүүд ноогдож байгаа бөгөөд өнгөрсөн оноос 0.8 хувиар нэмэгдсэн тоо судалгаагаар гарчээ. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 384 нь дээд, 79 нь тусгай дунд болон техник мэргэжлийн, 1342 нь бүрэн болон бүрэн бус дунд, 309 нь бага боловсролтой, 50 нь боловсролгүй хүмүүс ажээ. Энэ 2012 оны эхний 5 сарын Архангай аймгийн дүнгээр нийт 414 байнгын ажлын байр шинээр бий болгосон нь өнгөрсөн оныхоос 131 ажлын байраар бага байгаа юм байна. Шинэ ажлын байрыг нийт сумдаар авч үзвэл Булган, Эрдэнэ булган, Цэнхэр сумдад 40-41 ажлын байрыг, Их тамир, Чулуут, Өндөр улаан, Эрдэнэ мандал, Цэцэрлэг, Хашаат, Хотонт, Цахир сумд 20-27 ажлын байрыг, Хангай, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Төвшрүүлэх сумд 14-19-ийг, Өгий нуур сум 7 ажлын байрыг бий болгож харин Өлзийт суманд нэг ч ажлын байр бий болгоогүй байна.
Э.САРАА