Наполеоны захиа 325 мянган еврод зарагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Наполеоны захиа 325 мянган еврод зарагдлаа

       Поль Деларош. "Наполеон Фонтебло ордонд"

Францын эзэн хаан Наполеоны бичсэн нэн ховор захиа Парисын нэгэн дүүрэг дэхь дуудлага худалдаагаар 325 мянган еврод хүрч зарагдлаа. Наполеон Гэгээн Еленагийн арал дээр цөллөгөнд байхдаа сурахаар оролдож байсан англи хэл дээр энэ захиаг бичсэн нь энэ хуучны баримтын үнэ цэнэ бөгөөд ховор нандин чанарыг тодорхойлж байгаа юм.

Худалдсан дүн зохион байгуулагчдын хамгийн зоригтой таамаглалыг дөрөв нугалсан бөгөөд тэд анхандаа ховор дурсгалыг 80 мянган орчимд борлуулахаар төлөвлөж байсан билээ.

Шарласан хуудсан дээрх илгээмжийг Наполеон 1816 оны 3 сард өөрийн нарийн бичиг, англи хэлний багш Ласказ гүнд бичсэн нь англи хэлийг тун маруухан эзэмшсэн эзэн хааны уг хэл дээр бичсэн цөөхөн захианы нэг юм.

Гэгээн Еленагийн арал дээр очсоныхоо дараахан Наполеон өмнө огт мэддэггүй байсан өөрийн мөнхийн дайсан Англи улсын хэлийг сурахаар шийдэж, 1816 оны 4 сар хүртэл тун шаргуу оролдож байсан баримт үлджээ. Түүнд англи хэлийг төгс эзэмшсэн, хувийн нарийн бичиг Эммануэл де Лесказ гүнтэн хичээл зааж байв. Наполеон тун дуулгавартай сурагч байсан учраас нойр хулжсан шөнийн цагаар багшдаа захидал бичих болжээ.

Бонапарт англи хэли эзэмших гэж их л чармайж байсан ч бүтэл муутай байсан тухай Ласказ гүн дурсамждаа бичсэн байдаг юм. Наполеоны хувьд англи нь зөвхөн багш нь л ойлгох цоо шинэ хэл мэт байсан гэж гүнтэн бичиж байлаа.

Захианы найруулга нь Бонапартын бичгийн англи хэл их даржин байсныг илтгэж байна. Хуучинсаг үгсийг их ашиглаж, дүрмийг тааваараа зохицуулж байснаас дээрх эх бичвэрийг орчин үеийн уншигч ойлгоход нэн бэрхшээлтэй байгаа юм.

Ховор бичгийн эзэн хэн болсон талаар мэдээлэхгүй байна. Өмнө нь Osenat дуудлага худалдааны төв нь Наполеоны англи хэлний дасгалын давтрүүдийг 90 мянган еврогоор худалдсаныг Парисын нэгэн хувийн музей авч байсан билээ.

Эх сурвалж: bbc

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж