Дэлхийн Худалдааны санхүүжилтийн чиг хандлагыг тодорхойлогч “Дэлхийн худалдааны тойм” сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын дунд явуулсан санал асуулгаар Худалдаа, хөгжлийн банк нь 2012 онд “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк”-аар 2 дахь удаагаа шалгарлаа. Уг шагналыг Монголын Худалдаа, хөгжлийн банктай зэрэгцэн олон улсын өндөр зэрэглэл бүхий HSBC банк, CITI банк, Korea Exchange Bank, ICBC зэрэг банкууд тухайн улс орон бүрээс гардан авсан байна.
Худалдаа, хөгжлийн банк нь Монголын банкны секторт ямагт тэргүүлэгч байсаар ирсэн бөгөөд энэ удаад дэлхийн банк санхүүгийн байгууллагуудын саналаар дахин энэхүү байр сууриа бататгаж чадлаа.
Худалдааны санхүүжилтийн үйл ажиллагаа нь Худалдаа, хөгжлийн банкны гол давуу талуудын нэг нь бөгөөд харилцагчдийн гадаад худалдааны төлбөр тооцоог аккредитив, банкны баталгаа, инкасс зэрэг хэрэгслүүдээр гүйцэтгэн, тэдгээрийг олон улсын өндөр зэрэглэл бүхий банкаар баталгаажуулах, санхүүжилт хийлгэх зэрэг нэмэлт үйлчилгээг хүргэдэг билээ. Өнөөдрийн байдлаар гадаад худалдааг дэмжих үүднээс дэлхийн аль ч орноос хийж буй импортыг харилцагчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан уян хатан, хөнгөлөлттэй нөхцөл бүхий импортын зээлээр санхүүжүүлж байна.