
-БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэллээ. Зарим дүүргүүд энэхүү бүртгэлийг өөр байранд явуулж байгаа юм байна. Яагаад тэр вэ?
-БНСУ-д ажиллахыг хүсэгчдээс солонгос хэлний төвшин тогтоох найм дахь удаагийн шалгалтын бүртгэл зургадугаар сарын 11-ээс эхэлсэн. Бүртгэл гурван өдөр үргэлжилж маргааш /өнөөдөр/ өндөрлөнө. Зарим дүүрэгт байрны хүртээмж муутайгаас болоод бүртгэлийг өөр газар явуулж байгаа. Үүнд, Баянзүрх дүүрэг Жанжин штабын байранд, Хан-Уул дүүргийнх 75 дугаар сургууль дээр, Сүхбаатар дүүргийнх Монгол гуравдугаар сургууль дээр бүртгэлээ явуулж байгаа. Бусад дүүрэг бол хэвийн, өөрийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн байранд бүртгэлээ явуулж байгаа.
-Орон нутгийн хувьд?
-Тухайн аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсүүд дээр бүртгэл явагдаж байгаа. Энэ бүртгэл урьд өмнөх шиг бөөн оочер дугаар, хэрүүл уруул болж, иргэдийг чирэгдүүлсэн зүйлгүй, хэвийн явагдаж байгаа. Би нийслэлийн есөн дүүрэгт бүртгэл хэрхэн явагдаж байгаатай газар дээр нь очиж танилцаад ирлээ.
-Нийт 10 мянган хүн бүртгэнэ гэсэн. Үүнээс хэчнээн нь эмэгтэй хүн байна гэж тоо заасан бол?
-Манайд өнөөдрийн байдлаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн квот гэж ирээгүй. Гэхдээ БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр байршихаар ажил олгогч нар өөрсдөө сонголт хийх явцад л эрэгтэй хүмүүсийг сонгох нь илүүтэй байдаг. Магадгүй эрэгтэй хүмүүст тохиромжтой ажил олноороо гардагтай л холбоотой байгаа.
-Энэ удаагийн бүртгэлийн ажилд хүн хүчээ нэмсэн үү. Хан-Уул дүүрэгт бүртгэл эхэлсэн эхний өдөр очиж сонирхоход нэг хүн бүртгүүлээд гарахад арваад л минут зарцуулж байгаа харагдсан?
-Хөдөлмөрийн төв биржээс бүртгэх хүнийхээ тоог харгалзан нэгээс хоёр мэргэжилтэн, нийслэлийн хөдөлмөрийн газраас хүн хүч нэмж ажиллуулж байгаа. Аль болох иргэдэд чирэгдэл багатай, бүртгүүлье гэсэн хүмүүсийг бүгдийг нь хамруулахыг хичээсэн.
-Дүүрэг бүрт хүн амын тооноос нь шалтгаалаад БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн тоог өөр, өөр олгодог. Энэ жил өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдсөн үү?
-Тухайн аймаг, дүүргийн хүн амын тооноос гадна өнгөрсөн жилүүдийнх нь бүртгэлийн тооны судалгааг үндэслээд квотоо тогтоосон байгаа. Жишээ нь энэ жил энэхүү бүртгэл эхэлсний дараа Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон хүн бүртгүүлсэн. Энэ дүүрэгт 1600 хүний квот тавигдсан.
-Хамгийн цөөхөн квоттой нь?
-Баян-Өлгий аймаг 20 хүний квоттой байгаа. Өнгөрсөн жил энэ аймагт дөрвөн хүн л бүртгүүлсэн. Хүмүүс мэдээлэл дутагдсанаас болоод авлига, хээл хахууль, янз бүрийн зүйлд өртөх вий гэсэн үүднээс бид мэдээллээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хангалттай хүргэж байгаа. Болж өгвөл иргэд хүмүүст хууртаж болохгүй. Энэ бол хүнээр захиа дайн, танил талаар яваад байх зүйл ерөөсөө биш. Хүсвэл зүгээр ирээд бүртгүүлээд л явчихна. Хэцүү, хүнд асуудал биш гэдгийг хүмүүст маш сайн ойлгуулж байгаа. Тэгэхгүй бол өнгөрсөн жил ийм асуудал үүсч байсан. Бүртгэлээр далимдуулан хэн нэгнийг залилах явдал өмнөх жилүүдэд гарсан болохоор энэ жил аль болох ийм зүйл гаргахгүй байх тал дээр их анхаарсан.
-Өнгөрсөн жил бүртгэлээс хэлний шалгалт, эрүүл мэндийн үзлэгт тэнцэн БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр нэр нь байршсан хүмүүсээс хэчнээн нь Өмнөд Солонгос явалгүй үлдсэн байгаа вэ?
-2011 онд 8000 гаруй хүн бүртгэсэн. Эдгээрээс 5154 хүн солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцсэн. Дараа нь эдгээр хүмүүсийг БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр нэрийг нь байршуулах зар явуулахад амьдралын явцад ажлаа олдог ч юм уу янз бүрийн шалтгааны улмаас бүртгүүлээгүй үлдсэн хүмүүс байгаа. Үүнээс 4202 хүн эргэж холбогдон бүртгүүлж, БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэр нь байршсан. Үүнээс хойш одоогийн байдлаар 2000 орчим хүн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар яваад байна. Хүйсийн харьцааны хувьд тус улс руу явсан иргэдийн 8-10 хувь нь эмэгтэйчүүд байгаа.
-Үлдсэн 2000 орчим иргэн ямар хугацаанд энэхүү бирж дээр нэр нь байрших вэ?
-Үлдсэн хүмүүсийн нэр энэ жил бүртгэлд хамрагдаад шалгалтад орох хүмүүстэй цуг байршина. Өөрөөр хэлбэл, ахиад бүтэн жил байршина гэсэн үг. Энэ хугацаа дууссан ч би дахиж нэрээ байршуулья гээд хүсэлтээ гаргавал дахин байршуулаад явах боломжтой.
Манай Хөдөлмөрийн төв биржийн hudulmur.mn Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын www.hh.gov.mn сайтуудаар БНСУ-д ажиллагсад гэсэн хэсэг рүү ороход тэнд ажлын санал ирсэн хүмүүс болон БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршсан хүмүүсийн нэрс, дахин байрших ёстой хүмүүсийн нэрс гээд байнга мэдээлэл нь шинэчлэгдэн орж байгаа. Бид энэхүү цахим хуудсуудаараа дамжуулан бүх мэдээллийг ил тод тавьсан байгаа.
-Цахим хуудсаар дамжуулан мэдээллээ байнга шалгаад байх боломжгүй иргэд хэрхэн ажлын санал ирсэн гэдэг болон өөр мэдээллийг олж авах боломжтой вэ?
-Манай халамж үйлчилгээний газар, үйлчилгээг гардан явуулж байгаа хөдөлмөрийн төв биржийн мэргэжилтнүүд сайтад мэдээллээ тавихаас гадна ажлын санал ирэнгүүт иргэдтэй холбоо барихаар үлдээсэн утасны дугаарууд руу нь залгаж мэдээллийг хүргэж байгаа. Утасны дугаар нь холбогдохгүй ч юм уу, аваагүй тохиолдолд мессэж үлдээх гээд байж болох бүхий л аргуудыг хэрэглэж байгаа.
-Интернэтээр бүртгүүлэх боломж байгаа юу?
-Тийм боломж байхгүй. Интернэтээр бүртгүүлэх болохоор хээл хахуулийн асуудал үүснэ гэж сэрэмжилсэн. Учир нь өөрийн биеэр иргэний үнэмлэх, гадаад паспорттайгаа ирэхгүй болохоор энд дугаарлаж зогсоод 40 хүний материал бүртгүүлэн тэднээс тодорхой хэмжээний мөнгө авдаг ч юм уу тийм асуудал өнгөрсөн жил ганц, хоёр дүүрэгт гарсан учраас энэ жил бидний тавьж байгаа гол шаардлага бол иргэн хүн өөрөө ирж бүртгүүлэх.
-Ид ажил хийх насан дээрээ байгаа залуусыг сорлоод явуулчихдаг гэсэн яриа иргэдийн дунд их байдаг. Гэр бүлээр нь явуулж, ажиллуулах асуудал дээр танай хэлтсээс ямар хүсэлт гарган ажиллаж байна?
-Т.Ганди сайд энэ асуудлын талаар 2008 онд хүсэлт гаргасан байдаг. Манайх гэр бүлээр нь явуулья гэдэг саналыг тавьж байсан ч БНСУ-ын тал тоймтой хариу өгч, шийдэхгүй байлгаад л байдаг. Энд ажилгүй байснаас Өмнөд Солонгост өндөр цалинтай ажил хийгээд гэр бүлээ тэжээж, амьдралаа дээшлүүлэх боломж тэр хүмүүст олдож байгааг гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Манай Монголын 30 мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байна гэсэн судалгаа бий. Бид БНСУ-д байгаа иргэдийнхээ хууль, эрх зүйн орчныг хамгаалах, мэдээлэл хүргэх, эх орондоо эргэж ирээд хөдөлмөрийн зах зээлд оролцох гээд бүхий л тал дээр БНСУ-ын талтай хамтарч ажиллаж байна.
-БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн манай гэрээт ажилчид мэргэжлийн үнэмлэх олгож байгаа юу?
-Манай гэрээт ажилчид гурван жил ажиллачихаад гэртээ яараад шууд хүрээд ирдэг юм байна л даа. Гэтэл гэрээний хугацаа дуусахаар БНСУ-ын тал мэргэжлийн үнэмлэх олгох сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг ч манайхан хамрагддаггүй хэмээн бидэнд хэлсэн. Тиймээс цаашид мэргэжлийн үнэмлэх олгох сургалтын төвийг Монголд хамтран байгуулья гэдэг асуудал яригдаж байгаа.
