
Улс төрийн тогтолцооны хувьд Ерөнхийлөгчийн засаглалтай Холбооны Бүгд Найрамдах улс.
Бразилийн Үндэсний Конгресс нь холбооны 26 улс, нэг дүүрэг тус бүрээс олонхийн санал авч сонгогдсон гурван гишүүнийг найман жилийн хугацаагаар томилдог, нийт 81 суудалтай Холбооны Сенат буюу Дээд танхим, 531 суудалтай, гишүүдийг дөрвөн жилээр сонгодог Доод буюу Төлөөлөгчдийн танхимаам бүрддэг. Үндсэн хууль нь 1988 онд батлагдсан.
Улсын ерөнхийлөгчийг дөрвөн жилээр сонгодог. Одоогийн ерөнхийлөгч Дилма Руссеф 2011 онд Ажилчны намаас нэр дэвшин, олонхийн саналаар ялсан. Түүний өмнө Лула да Сильва гэдэг эмэгтэй ерөнхийлөгчтэй байсан. Лула да Сильвагийн Засгийн газар эдийн засгаа эрүүлжүүлэх үүднээс тэтгэвэр, тэтгэмж, татварын хүнд дарамтаас ангижруулахын тулд хорин жилийн хугацаанд арван найман тэрбум ам.долларын хуримтлал бий болгох төслийг Конгрессийн Доод танхимаар батлуулан хэрэгжүүлсэн нь үр дүнтэй алхам болсон гэж үздэг.
Бразил улс зам харилцаа, дэд бүтэц сайн хөгжсөн, 25 сая автомашинтай, 96 мянган км засмал, 29 мянган км төмөр замтай, 10 гаруй том усан боомттой, жилд есөн сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай 1000 гаруй хөлөг онгоцтой, үндэсний болон олон улсын нислэгийн найман гол компанитай.
Бразил улс нь хар болон өнгөт төмөрлөг, маргенцийн хүдэр, уран, боксит, нүүрс, алмаз, алт, мөнгө, нефть, байгалийн хий зэрэг ашигт малтмалын их нөөцтэй. Ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийн баян оронд тооцогддог, “тив улс” гэж нэрийддэг. Бразилийн Амазонка нь дэлхийн хамгийн том мөрөн бөгөөд түүний ой сав газрыг эрдэмтэд “дэлхийн уушиг” хэмээн нэрлэдэг.
Тус улс эдийн засгийн хөгжлөөрөө Латин Америкийн бүс нутагтаа тэргүүлж, тивийн хэмжээнд гуравдугаарт, дэлхийд аравдугаарт бичигдэж байна. Бразил болон Мексик улсуудад Латин Америкийн нийт ДНБ-ий гуравны хоёр нь оногддог. Бүс нутгийн худалдаа, эдийн засгийн томоохон байгууллага болох МЕРКОСУР-ыг тэргүүлдэг. G-20-д болон БРИКС-т чухал байр суурь эзэлдэг. Хөдөө аж ахуй, тэр дундаа кофе үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүн байр, үхэр үржүүлэлтээр хоёрдугаар байр эзлэхийн зэрэгцээ үнэт металлын томоохон үйлдвэрлэгч, автомашиг, гар утас, нисэх онгоцны экспортоороо дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг.
Бразил улс 100 гаруй сая үхэр, 50 гаруй сая бог мал, 40 сая гахай үржүүлдэг. Мах, сүү, арьс шир боловсруулах, хөнгөн үйлдвэр сайн хөгжсөн. Төмөрлөг, цемент, эрчим хүч, цахилгаан бараа, холбооны хэрэгсэл, цахим тооцоолуур, автомашин, нисэх онгоц, хөлөг онгоц үйлдвэрлэдэг. Элсэн чихэр, хөвөн, гурил, кофе, цагаан будаа, эрдэнэ шиш, цитрусын төрлийн жимс жимсгэнэ тариалдаг.
Бразил, Парагвайн хил дээр дэлхийн хамгийн том усан цахилгаан станц ажилладаг. 2011 оны байдлаар тус улсын ДНБ-ий хэмжээ2.5 их наяд ам.доллар, ДНБ-ий өсөлт 3.5 хувьтай байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 12.917 ам.доллар. ДНБ-ийг салбаруудаар ангилбал, хөдөө аж ахуй найман хувь, аж үйлдвэр 38 хувь, үйлчилгээ 54 хувийг эзэлж байна. Мөнгөний ханш уналт гурван хувьтай байгаа нь 2005 онтой харьцуулахад 2.7 хувиар буурсан, нийт хүн амын 31 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай.
Бразил улс тээврийн хэрэгслийн эд анги, төмөрлөг, кофе, буурцаг, хөнгөн аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн зэргийг экспортолдог. Экспортын нийт хэмжээ 202.336 ам.доллар бөгөөд гол түншүүд нь АНУ, Аргентин, Голланд, Хятад, Герман, Мексик, Япон юм.
Бразил нь гол төлөв машин механизм, химийн бүтээглэхүүн, газрын тос, эрчим хүч, импортолдог бөгөөд нийт хэмжээ нь 108 тэрбум ам.доллар, гол түншүүд нь АНУ, Аргентин, Герман, Хятад, Япон зэрэг улс.
Бразилийн боловсруулах аж үйлдвэрт 1990-ээд оноос чанарын ахиц гарч, метал болон цахилгаан, электроникийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл хурдацтай хөгжсөн. Энэ үеэс эрчимтэй хөгжлийн шатандаа орж, өрсөлдөх чадвар нь нэмэгдсэн байна. Бразил улс Ази, Номхон далайн орнуудаас Япон, Өмнөд Солонгос, Хятадтай худалдаа, эдийн засгийн харилцаа нь сүүлийн жилүүдэд илт өргөжиж байна.Бразил олон улсын 60 гаруй байгууллагын гишүүн юм.
Монгол Улс Холбооны Бүгд найрамдах Бразил улсын хооронд 1987 оны зургадугаар сарын 18-нд дипломат харилцаа тогтоосон. Энэ онд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй.
Бразил Улс манай улсыг Бээжингээс хамаардаг. Харин Монгол Улс Бразилийг Канадаас хамаарч байна. Бразил улсын Өргөмжит Консулын газарх 2007 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо нээлтээ хийсэн.
Улаанбаатар хотод 2003 оны есдүгээр сарын эцсээр болсон Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын анхдугаар чуулга уулзалтад Бразилийн “Си Ви Ар Ди” корпорацийн төлөөлөгчид оролцож байсан.
Монгол, Бразилийн худалдаа, эдийн засгийн харицлаа эхлэлийн шатанд байна. Хоёр орны хоорондын худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ бага байгаа боловч уламжлалт харицлаатай Зүүн Европын зарим оронтой хийж буй худалдаанаас илүү буюу ойролцоо түвшинд байна. Монгол Улс Бразилиас 2011 онд 11.8 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон бөгөөд Бразилд бүтээгдэхүүн экспортлоогүй. Импортын бүтээгдэхүүний нэр төрлийг авч үзвэл, 2011 онд 4.5 сая ам.долларын чихэр, чихрийн зүйлс, 4.02 сая ам.долларын бульдозер, эксковатор, 2.1 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж байна.
Дэлхийд томоохонд тооцогддог Бразилийн уул уурхайн Вале ду Риу Досе /CVRD/ компанийн салбар болох Бразилийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Тефис майнинг” компани 2004 оны нэгдүгээр сараас Монгол Улсад зэс, алт, нүүрсний чиглэлээр өөрийн хөрөнгөөр хайгуул, судалгаа шинжилгээг явуулж байна.
Монгол Улсын иргэн, циркийн зарим жүжигчин олон жилийн өмнөөс Бразилд амьдарч, тэндээсээ олон улсын циркийн хамтлагт оролцон, АНУ болон Латин Америкийн орнуудаар аялан тоглолт хийдэг. Монгол Улсын иргэн, циркийн жүжигчин Зуунжингийн Золбоо Бразилийн авъяаслаг залуучууд шалгаруулдаг “Brazilians got Talent” тэмцээний хоёрдугаар байрт энэ оны гуравдугаар сард шалгарчээ.
Рио де Жанейро хот 6.3 сая хүн амтай, 1260 км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, Бразилийн хоёр дахь том хот бөгөөд Рио де Жанейро мужийн төв юм. Рио де Жанейро гэдэг “Нэгдүгээр сарын гол” гэсэн утгатай. Бразил улс Португалийн колони байх үеэс буюу 1822 оноос 1960 он хүртэл тус улсын нийслэл байсан. Рио де Жанейрог ихэнхдээ Рио хэмээн товчлон нэрлэдэг. Мөн A Cidade Maravilhosa буюу “Гайхалтай хот” гэж нэрийдэж заншсан.
Рио де Жанейро нь байгалийн үзэмж, карнавалийн баяр, жуулчдын далайн эрэг зэргээрээ дэлхийд алдартай. Далайн эргүүдээс гадна Корковадо уулан дээр орших, дэлхийн долоон гайхамшгийн нэг “Нүгэл арилгагч Христ” /O Cristo Redentor/-ийн хөшөө, Чихрийн овооны уул, карнавалын үеэр хэрэглэгдэг “Самбидромо” бүс, дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн “Маракана”-гаараа алдартай. Рио де Жанейрод мөн Parque estadual da Pedra Branca буюу Цагаан чулууны мужийн парк, Floresta da Tijuca буюу “Тижука ой” гэсэн хот доторх хамгийн ой оршдог.
Хөшөөний өндөр 38 метр, суурь нь 8 метр, 1145 тонн жинтэй, Христийн алдалсан гарын урт 30 метр. Бразилийн хамгийн их жуулчин ирдэг газрын нэг. Жилдээ 1.8 сая жуулчин энэ хөшөөг үзэх гэж ирдэг. Хөшөө руу Тижука ойн дундуур явж хүрдэг. Бразил улс тусгаар тогтносны 100 жилийн (Бразил 1822 онд тусгаар тогтносон) ойд зориулж энэхүү хөшөөг барих санаачилгыг Рио хотын удирдлага 1921 онд гаргаж, иргэдээсээ хандив цуглуулсан байна. Рио-гийн иргэдээс нийтдээ 2.2 сая реал цугларчээ. Хөшөөг 1922-1931 хооронд барьсан. Хөшөөний зургийг зураач Карлос Освальд гаргасан бөгөөд Христ гараа алдлан зогсох нь холоос том хэрээс мэт харагдахаар гаргажээ. Хөшөөний эцсийн зургийг инженер Эйтор да Силва Кошто хийжээ. Тухайн үед ийм нүсэр хөшөөний хэсгүүдийг үйлдвэрлэх хүчин чадал Бразилд байгаагүйгээс хөшөөний хэсгүүдийг Францад бэлтгэсэн байна.
Христийн хөшөөг албан ёсоор 1931 оны аравдугаар сарын 12-нд нээжээ. 1980, 1990 онд хөшөөг сэргээн засварласан. 2007 онд “Нүгэл арилгагч Христ”-ийг Дэлхийн долоон гайхамшигт тооцсон байна.
Дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн. 200 мянган хүний суудалтай. Хажууханд нь урсах жижиг голын нэрээр энэхүү цэнгэлдэх хүрээлэнг нэрлэжээ. 1950 онд Бразил улс хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохиох эрхийг авсан бөгөөд үүнд зориулж цэнгэлдэхийг 1948 оноос барьж эхэлсэн. Гэсэн ч цэнгэлдэхийн ажил дөнгөж 1965 онд бүрэн дууссан түүхтэй. Гэхдээ 1950 онд албан ёсны нээлтээ хийж, Рио де Жанейро болон Сан Паулу хотын шигшш баг анхны тоглолтыг Мараканад хийж эхний гоолыг алдарт Диди гүйцэтгэж байжээ. Рио хотын төсвийн хөрөнгөөр баригдсан тул одоо ч Рио хотын өмчид тооцогддог.
Маракана цэнгэлдэх одоо ихээхэн хуучирч муудсан бөгөөд одоогоор засварлаж, суудлын тоог 75 мянга болгон багасгаж байна. Мөн шинээр дээвэр хийж байгаа аж. 2014 онд Бразил улс Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохиох бөгөөд Маракана гол цэнгэлдэх нь байх юм. Мөн 2016 оны зуны олимпийн тоглолтын нээлт энд болно.
