Яая даа байз, энэ инфляцийг

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Телевизороо асаангуут тас хар костюмтай нөхдүүд өөдөөс эдийн засгийн тухай нүдэнд харагдтал, чихэнд хоногштол онолдох болов. Энэ хэдийдээ эдийн засагч болчихоо вэ гэсэн нөхөр ч эдийн засгийн тухай том, том бодлогын чанартай асуудал хөндөж ирээд л Монголын эдийн засгийг будаа болтол шүүмжилж байх юм. Нэг хэсэг нь макро эдийн засаг болж бүтэхгүйг муулж, нөгөө хэсэг нь Монголын эдийн засаг хөгжиж, хөлжөөд байгааг магтан, улс төрчид, нэр дэвшигчдийн хувьд энэ сэдвээр “Дуусдаггүй яриа”-нд ороод ч дуусахааргүй мэдээлэлтэй болчихжээ, янз нь. Яг үнэндээ энгийн иргэдэд макро эдийн засгийн талаар мянган удаа үнэгүй лекц уншаад ч нэмэргүй л дээ. Тэгээд ч үнийн дарамт, байнгын шахуу стрессэнд нийгэм тэр чигээрээ автагдчихаад байхад гоё эдийн засгийн тухай мөрөөдөл ч юм уу нойр хүргэсэн залхуутай хуучин онолыг иргэд тэвчээртэйгээр сонсоно гэдэг юу л бол. Уг нь бол эдийн засгийн асуудал чухлын хувьд хамгийн чухал. Адаглаад л махны үнэ өслөө гэдэг хэрэглэгчдэд хэрэгтэй чухал асуудал хойно. Гэхдээ том эдийн засгийн тухай телевизээр уртаас урт яриа дэлгэж суугаа улстөрчид өнөөдөр инфляци 15,4 хувьтай гарсныг мэдэж байгаа болов уу. Тэр тусмаа инфляци ийм өндөр гарахад улстөрчдийн өөрсдийнх нь оролцоо багагүй байсныг ухаарч буй болов уу. Тэд хэрвээ бэлэн мөнгө амлаагүй бол, их хэмжээгээр бэлэн мөнгийг хавтгайруулж тараагаагүй бол өнөөдөр инфляци ийм өндөр, төв банк нь мөнгөний хатуу бодлогоор хумих гээд ч дийлдэхгүйд хүрэхгүй байсан

Үндэсний статистикийн хороо­ноос гаргасан мэдээнээс харахад хэрэглээний үнийн индекс өнгөрсөн тавдугаар сард өмнөх сарынхаас нэг хувь, оны эхнээс 9.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 15.4 хувиар өссөн байна лээ. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газар өмнөх сонгуулийнхаа амлалтыг биелүүлэхийн тулд хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийнхөө эхлэл болгож, 330 мянган төгрөгийг бэлнээр тараасан. Нийтдээ 100-аад тэрбум төгрөгийг иргэдэд тараахын тулд Монголбанк шинээр мөнгө үйлдвэрлэсэн  гэх мэдээлэл ч бий. Тэгвэл үлдсэн 670 мянган төгрөгөө хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ сардаа багтаан олгохоо Улсын хөдөлмөр халамжийн газрын хэлтсийн дарга нь ярьсан байна лээ. Хэдийгээр инфляци үүсэх олон шалтгаан байдаг ч энэ удаад Засгийн газрын бодлого, өмнөх сонгуулийн амлалт, бэлэн мөнгөний тараалт инфляцийг тэжээж буй томоохон, гол “хэрэгсэл” болчихоод байгаа юм. Гэтэл өнөөдрийн эдийн засгийн болж бүтэхгүй байгаа бүхний эхлэлийг аль дөрвөн жилийн өмнө тавьчихсанаа мэдэхгүй улстөрчид болохоор наашаа /телевизийн камер руу/ харж уйлж, харин цаашаа харж инээмсэглэж байгаад л эдийн засгаа шүүмжилж байх юм. Ингэхэд энэ эдийн засгийг чинь ийм байдал хүргэсэн нь хэн юм бэ дээ, тэгээд.

Статистикийн мэдээг цааш сонирхвол, мөнгөний нийлүүлэлт тавдугаар сарын эцэст зургаан их наяд 729 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 366,7 тэрбумаар нэмэгджээ. Ирэх оноос Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжихээс өмнө гэсэн шиг тав гаруй их наядаар баталсан улсын төсөв өнөөдрийн байдлаар орлого ба тусламжийн нийт хэмжээ 2012 оны эхний таван сард 1820.0 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2224.5 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 404.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан талаар статистикийн мэдээлэлд дурдагджээ.

Инфляцийн төвшин нэмэгдэхэд дахиад л гайтай мах нөлөөлсөн байх юм. Дээрээс нь Засгийн газраас хэрэгжүүлж буй жилийн зургаан хувийн хүүтэй зээл зүгээр байгаагүй бололтой, ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнс, ундаа, усны бүлгийн барааны үнэ дүнгээрээ 1.3 хувь, орон сууц, ус, цахилгаан , түлшнийх 2.4 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг статистикийнхан “оношилжээ”. Инфляци өсөх тусам хэтэвчинд байгаа мөнгөний худалдан авах чадвар улам бүр суларсаар л, тэр хэмжэээгээр эдийн засагт нэгэнтээ хямралын болоод халалтын шинж тэмдэг хэдийн илэрчихээд байна. Хэдийгээр татварын орлого сайжирч, банк санхүүгийн салбарт чанаргүй зээл хумигдсан ч гэлээ Монголын эдийн засагт үнийн өсөлтийн асуудал шүдний өвчин болчихоод байгаа. Инфляци хөрөнгийг ядуугаас нь дээрэмдэж, баячуудад боломж олгодог “бялдууч” нөхөр. Тиймээс ч баячуудад инфляци өсөх нь ёстой түй ч нөлөөлөхгүй. Харин ч тэдний хөрөнгийг зузаатгаж, тэдний халаасыг улам л түнтийлгэх боломжийг олгодог болохоор манай  улстөрчдийн хувьд инфляцитай “дайтах” нэг их сонирхолгүй байх шиг. Тиймээс нэг гараараа инфляци үйлдвэрлэж, нөгөө гараараа инфляцийг хязгаарлаж байна гээд дахиад инфляци үйлдвэрлэх болсон шүү дээ. Засгийн газар хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 330 мянган төгрөг тараасны ердөө маргаашнаас л махны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдчихсэн. Жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгохоор боллоо гэнгүүт байрны үнэ метр квадрат тутамдаа 100-200 мянган төгрөгөөр өссөн байдаг. Эндээс харахад Засгийн газар бодлогоор инфляцийг дэмжээд байна уу гэж хардмаар.

Хэрэвзээ инфляци нүдэнд харагдаж, гарт баригддагсан бол манай эрхбаригчид хэдийнэ түүнтэй тооцоо хийж, хариуцлага тооцчихсон байх биз. Даанч гарт баригдаж, нүдэнд харагдахгүй хэрнээ эдийн засгийн хорлоод байгаа энэ “чөтгөр”-ийг яая даа байз. Ямар аргаар инфляцийг тогтоон барьж, түүнтэй тооцоо хийхийг макро эдийн засгийн том бодлого ярьж суугаа улстөрчид ч харамсалтай нь өөрсдөө мэдэхгүй юм байх чинь билээ.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж