Пласидо Доминго Монголын сонгодог урлагийг алтаар үнэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Пласидо Доминго Монголын сонгодог урлагийг алтаар үнэллээ

“Э.Амартүвшин, Таны өмнө дэлхий нээлттэй байна”. Алдарт Пласидо Доминго дэлхийн тайзнаас Монгол залууд ийм үг зориулжээ. Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүлсэн баярт мэдээ сэтгэл догдлуулсан хэвээр байна. Э.Амартүвшин маргааш эх орондоо ирнэ. Дуурийн театрын захирал Б.Сэргэлэнг “Operalia”-гийн финалын шалгаруулалтыг үзсэнийг сонсоод теарт руу харайлгалаа. Түүнээс Монголын сонгодог урлагт тохиолдсон хамгийн том баярын тухай шинэ сонин сонсохоор яарсан нь тэр.

-“Operalia”-д оролцсон Монголын анхны дуучин нь Э.Амартүвшин юм байна. Энэ уралдааны талаар та дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Э.Амартүвшин маань монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн сайхан амжилт үзүүллээ. Пласидо Домингогын нэрэмжит энэ уралдаан 20 жилийн түүхтэй юм. Дэлхийн дуурийн дуулаачдын уралдааны хамгийн гол онцлог нь 18-32 настай дуурийн урлагт хүч сорьж байгаа залуу уран бүтээлчдийг нээж, тэдэнд өөрийн мэргэжилдээ ахиж, амжилт гаргах дэлхийтэй танилцаж, бусад ижилт төстэй найз нартайгаа ажиллаж, туршлагаа хуваалцаж, дэлхийн нэр хүндтэй театрт тоглох боломжийг олгож өгдгөөрөө давуу талтай. Тийм ч учраас энэ уралдаан дэлхийн хамгийн өндөр шагналын сантай уралдаанд тооцогддог. Чамин, маш сайн зохион байгуулалттай, нэр хүндтэй уралдаан. Тэнд дэлхийн бүхий л шилдэг уран бүтээлчид оролцох мөрөөдөлтэй байдаг.

-Хэдэн орны, хэчнээн уран бүтээлч өрсөлдсөн бол?

-Харамсалтай нь, барагцаагаар хамгийн багадаа 500, ихдээ 1000 гаруй уран бүтээлч жил бүр анкетаа өгч, уралдаанд бичлэгээ явуулдаг ч үүнээс 40 оролцогч буюу 20 эрэгтэй, 20 эмэгтэй дуулаачийг сонгодог. Энэ жилийн хувьд  600 уран бүтээлч уралдаанд оролцохоор саналаа өгснөөс шилдэг 40 буюу 19 орны уран бүтээлчийг сонгосон юм. Ингээд финалын шатанд ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ, Итали, Монгол гэсэн зургаан орны 10 уран бүтээлч шалгарч, тэдний шилдэг нь манай Э.Амартүвшин боллоо. Сүүлийн шатанд шалгарсан арван гурван уран бүтээлчээс шилдэг эрэгтэй, эмэгтэй дуучин гэсэн төрлөөр тус бүр эхний гурван байрыг шалгаруулдаг юм.

-Шагналт байруудыг ямар орны дуучид эзэлсэн бэ?

-Шагнал гардуулах ёслолыг дуурийн амьд домог болсон, нэрт дуучин Доминго өөрөө хөтөлдөг юм байна. “Operalia” уралдааны эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрыг энэ уралдааны үзэгчдийн шагналыг хүртэж, Испани дууны уралдааны аварга болсон, АНУ-ын гайхамшигт сопрана Janai Brugger хүртсэн. Түүний дуулж байгаа нь яг л голын урсгал шиг ямар ч торох зүйлгүй байсан гээч. Үзэгчдийн санал хайрцганд нь багтахгүй, түүний саналын хайрцаг эвдэрсэн гээд бод доо. Тийм гоё сопрана шилдгээр тодорсон. Хоёрдугаар байрт БНХАУ-ын сопрано Guanqun Yu, гуравдугаар байрт ОХУ-ын мецосопрано нар шалгарсан. Харин эрэгтэйчүүдийн төрөл нэлээд өрсөлдөөнтэй, ширүүхэн өрнөсөн гэж болно. Учир нь Доминго шагнал гардуулах үеэрээ “Өнөөдөр онцгой зүйл болж байна. Бид нар тийм ч олон удаа энэ шагналыг хувааж байгаагүй. Гэхдээ өнөөдөр энэ шагналыг хоёр хүнд өгөхөөр шийдвэрлэлээ” гэж хэлсэн. Ингээд уралдааны нэг, хоёрдугаар байрт эрэгтэйчүүдээс хоёр дуучин шалгаруулж, манай Э.Амартүвшин,  АНУ-ын контр тенор Antony Roth Constanzo нар хамт тэргүүн байр эзэлсэн. Контр тенор гэдэг бол маш ховор хоолой юм. Эмэгтэй хоолойгоор дуулдаг төрөл. Ийм хоолой маш ховор заяадаг учраас түүнд зориулсан дууриуд ч цөөн, голдуу эртний, үндэсний чиглэлийнх байдаг. Тэр утгаараа энэ авьяас яах аргагүй нэгдүгээр байрт жагссан. Эрэгтэйчүүдийн хоёрдугаар байрыг АНУ-ын тенор Brain Jadge, БНХАУ-ын баритон Yunpeng Wang нар хуваан хүртсэн бол гуравдугаар байрт ОХУ-ын баритон Roman Burdenko шалгарлаа.

– Пласидо Домингогийн уралдаан дуурийн дуулаачдын хувьд хамгийн өндөр шагналтай гэдэг нь үнэн үү?

-Домингогийн уралдааны шагналын сан маш өндөр байдаг. Нэгдүгээр байрын эзэнд тус бүр 30 мянган ам.доллар, хоёрдугаар байрт 20 мянган ам.доллар, гуравдугаар байрт 10 мянган ам.доллар болон “Ролликс” цаг дагалддаг. Доминго өөрөө Испани гаралтай хүн учраас ээж, аав хоёртоо зориулан тэдний нэрэмжит уралдааныг энэ үеэр мөн явуулдаг юм билээ.

-Э.Амартүвшин финалын шатанд ямар бүтээлээр өрсөлдөв?

-Өнгөрсөн жил П.И.Чайковскийн конкурст дуулж байсан Вердийн “Риголетто” дуурийн Риголтеттогийн ариг дуулсан. Үзэгчид маш сайхан хүлээж авсан.



-Та сүүлийн шатны тоглолтыг үзэхээр төлөвлөсөн байсан уу. Гэнэт шийдээд явсан юм уу?

-Надад аз тохиож, БСШУЯ болон Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа БНХАУ-ын элчин сайдын яам тусалж, “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд өөрийн дуучнаа дэмжих боломж олдлоо. Э.Амартүвшингээ сүүлийн шатанд үлдэх байх гэж дотроо найдаж байсан. Нээрэн, Домингогийн хүү хоёр жилийн өмнө манай театрт зочилж байсан юм. Тэр хүү нь саяын уралдаанд ирсэн байна лээ. Уралдааны дараа болсон хүлээн авалт дээр тэнд цугласан нэр хүндтэй эрхмүүдтэй уулзах боломж тохиолоо. Тэд бүгдээрээ манай Э.Амартүвшингийн талаар маш гайхалтай магтаалын үгс хэлж байсан. Дуурийн домог болсон нэрт дуучин Доминго манай Амрааг “Англи, итали хэлийг маш сайн сурвал түүний өмнө дэлхийн хаалга нээлттэй” байна гэж хэлэхэд нь хэчнээн их баярласан гэж санана. Э.Амартүвшингийн энэ амжилт Монголын сонгодог урлагийн түүхэнд домог шиг шинэ хуудас нэмлээ гэж бид бахархаж байгаа.

-Манай дуучныг дуулахад гадныхан яаж хүлээж авч байна?

-Маш сайхан. Үнэхээр чин сэтгэлээс дэмжиж байсан. Д.Туяа бид хоёр /Э.Амартүвшингийн найз бүсгүй, ДБЭТ-ын дуучин Д.Туяаг хэлэв/ Амраагаараа бахархаад л сууж байлаа.

-Э.Амартүвшин яагаад өөрийнхөө концертмейстртэйгээ яваагүй юм бол?

-Бусад уралдаанд концертмейстртойгоо явж болдог. Жишээ нь, П.И.Чайковскийн тэмцээнд өөрийн концертмейстр, Гавьяат жүжигчин Б.Солонготой хамт явж байсан. Харин энэ удаагийн уралдаан бол зөвхөн Домингогийн өөрийн концертмейстр ажилладгаараа онцлогтой. Манай Э.Амартүвшинд Польшийн концертмейстр таарсан.

-Домогт тенор Домингогийн талаар сонирхуулахгүй юу?

-Доминго бусад теноруудаас юугаараа ялгаатай тал нь гэвэл тэр маш сайн удирдаач, маш сайн менежер. Үнэхээрийн авьяаслаг тенор. Энэ уралдааныг гэхэд л түүний гэр бүлийнхэн өөрсдөө хариуцан зохион байгуулдаг. Түүний эхнэр дуучин. Одоо нөхрийнхөө менежерээр ажиллаж байгаа. Бас уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд багтдаг. Доминго гурван хүүтэй. Том хүү нь гэхэд энэ уралдааны “Operalia” гээд сүлд дууг нь зохиосон авьяастай залуу бий. Дунд хүү нь энэ фестивалийн дэд ерөнхийлөгчөөр, бага хүү нь техникийн менежерээр ажилладаг гээд бодохоор сайхан санагддаг.

-Э.Амартүвшин таньд энэ уралдаанд хэн түүний ширүүхэн өрсөлдөгч байсан талаар ярьсан уу?

-Манай Амараа чинь ер нь дуугүй хүн шүү дээ. Их л авьяастай сурвалжлагч түүнийг яриулах байх даа. Магадгүй түүний нууцлаг байдал бусад орны уран бүтээлчдэд сонирхолтой санагдсан байх. Бүгд л Амрааг маш их сонирхож байсан. Доминго ч гэсэн надад үүрэг өгсөн. “Итали юм уу, Англи хэлийг маш сайн эзэмшүүл” гэж. Түүнийг байгалиас заяасан авьяастай, өвөрмөц, итгэл төрүүлсэн, хүчтэй хоолойтой залуу гэж онцолж байсан. Энэ уралдааны хатуухан шүүгчдийн нэг Жоннатан бид хоёртой биечлэн уулзсан. Тэр хүн гэхэд “Хэл сайн сур, том дүрүүдийг хийх гэж битгий яар, залуу байна. Хоолойгоо гамна” гэсэн сургаал өгөх жишээтэй.

-Э.Амартүвшин энэ жил анх удаагаа уралдааны шалгаруулалтад оролцсон уу?

-Өнгөрсөн жил анкет, бичлэгээ явуулсан ч тэнцээгүй гэсэн хариу авч байсан юм. Тэгэхдээ яг өнгөрсөн жилийн өдийд П.И.Чайковскийн тэмцээнд оролцоод, мөнгөн медаль хүртэж байсан үе шүү дээ.

-Та Бээжингээс Монголын үзэгчдэд  дуулгах өөр нэг бэлэгтэй ирсэн сурагтай?

-Тэгсэн. Домингогийн уралдааны шилдэг 20-д багтсан Армены тенор залуу Монголд ирээд байна. Энэ уран бүтээлч маань зургадугаар сарын 16-нд манай театрын тайзнаа тоглох алдарт Дж. Пуччинийн “Тоска” дуурийн гол дүр, зураач  Марио Каварадоссигийн дүрд тоглоно. “Тоска” дуурийн Каварадоссийн ари гэдэг бол гоё драматик тенор хоолойтны мөрөөдөл шүү дээ.

-Э.Амартүвшин гавьяат тэндээ бас даалгавартай үлдсэн гэсэн?

-Доминго түүнийг уралдааны дараах тоглолтод дуулуулахаар авч үлдсэн. Үүнийг бид Монголын сонгодог урлагт хүндэтгэл үзүүлж байгаа нэг хэлбэр болов уу гэж бодож байна. Э.Амартүвшин пүрэв гаригт /VI/14-нд/ Монголд ирнэ. Гэхдээ ирснийхээ маргааш Тайвань руу тоглолтод оролцохоор дахиад л нисэх байх.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж